Д.Трамп Хятадын эсрэг нэмэлт 50%-ийн тариф ногдуулна гэж сүрдүүллээ


Энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх Трампын 34%-ийн тарифын нэмэгдлийн хариуд БНХАУ Америкийн импортод 34%-ийн тарифыг ногдуулж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарлан мэдэгдсэн. 

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “хэрвээ 4-р сарын 8-ны өдөр БНХАУ Америкийн импортод ногдуулсан 34%-ийн тарифаа цуцлахгүй бол АНУ 9-ний өдрөөс эхлэн Хятадын импортод 50%-ийн нэмэлт тариф ногдуулна” хэмээн сүрдүүлжээ.

Түүний өнгөрсөн долоо хоногт “харилцан тэгш тариф” гэсэн нэр томъёо ашиглан, дэлхийн 100 орчим улс оронд ногдуулсан үндсэн 10%-ийн импортын тарифын нэмэгдэл 4-р сарын 5-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бол 60 орчим улс оронд ногдуулсан нэмэлт тариф 9-ний лхагва гарагаас үйлчилж эхлэх юм.

Д.Трамп Цагаа ордонд хийсэн мэдэгдэлдээ улс орнуудад ногдуулж буй шинэ тарифын бодлогыг түр зогсоох бодолгүй байгаагаа тодотгож, олон улс орнууд АНУ-тай худалдааны шударга гэрээ байгуулах яриа хэлэлцээ хийхээр ирж байгаа хэмээн хэлсэн байна.

Мөн тэрээр АНУ 36 их наяд ам.долларын өртэйг дурьдаад, одоо АНУ-ын эрх ашгийг нэгдүгээрт тавих цаг нь болсон гэжээ.

Хэрвээ Трампын засаг захиргаа үнэхээр лхагва гарагт Хятадын эсрэг 50%-ийн нэмэлт тариф ногдуулвал Хятадаас тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирдэг АНУ-ын компаниуд 104%-ийн импортын татвартай нүүр тулахаар болж байна.

Түүнчлэн Д.Трамп Хятад улсыг АНУ-тай хийж буй худалдааны “их хэмжээний” ашгаа өөрийн цэрэг, армийн салбарт ашиглаж байна хэмээн буруутгаж, “бид үүнийг хүсэхгүй байна” гэжээ.

Д.Трамп мөн АНУ-ын экспортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулсан ямар ч улсын эсрэг харьцангуй өндөр хариу нэмэлт тариф ногдуулах болно гэдгийг өөрийн Truth Social нийгмийн сүлжээний платформд даваа гарагт нийтэлжээ.

Трампын тарифын бодлого олон улсын эдийн засгийг ганхуулж, томоохон хөрөнгийн биржүүдийг цочроогоод байна. Тайвань арал, Япон, Их Британи, Израил гэх зэрэг АНУ-ын түнш улс орнууд Трампын тарифын бодлогын эсрэг худалдааны яриа хэлэлцээ хийх, асуудлыг эвээр зохицуулж шийдэхийг зорьж байгаа бол ЕХ, Хятад зэрэг томоохон эдийн засагтай улс орнууд өөрсдийн эрх ашгаа хамгаалж, АНУ-ын эсрэг худалдааны дайнд ороход ч бэлэн болж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Дээр дурьдсанчлан Хятад улс АНУ-ын эсрэг ижил 34%-ийн импортын тариф ногдуулаад байгаа бол ЕХ-ны зүгээс АНУ-ын эсрэг 3 үе шаттай (эхний шат – 4 сарын 6, хоёр дахь шат – 5 сарын 16, гурав дахь шат – 12 сарын 1) нэмэлт тариф ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *