Монгол Улсын Засгийн газар дотоодын зах зээлд бонд босгохоор шийдсэн байна. Дотоодын үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгын хүрээнд Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод үнэт цаасыг 4-р сарын 16-ны өдрөөс эхлэн нээлттэй арилжаалахаар боллоо. Ийнхүү дотоодын зах зээл дээр үнэт цаасыг арилжаалж эхэлснээр суурь өгөөжийн жишиг хүү бүрдэж, бондын үнэлгээ олон улсын жишгийн дагуу тогтдог болох, цаашлаад дотоодын бондын зах зээл хөгжиж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хамтын нээлттэй, хаалттай хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо өсөх ач холбогдолтой гэж үзэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Засгийн газрын бонд дотоодод гарснаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ялангуяа бондын зах зээлийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлд оролцох идэвх ч дагаад өсөх бололцоо бүрдэнэ гэсэн хүлээлт байна. Монгол улсын засгийн газраас 8 жилийн өмнө дотоодын зах зээлд бонд гаргаж байсан түүх бий.