УИХ-ын гишүүд хэзээ ч өөрсдөдөө хариуцлага тооцох хууль батлахгүй


Маргааш УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, 2 гишүүнд ёс зүйн хариуцлага үүрүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Хариуцлагад татагдсан 2 гишүүний 1 нь Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Харин нөгөө нь инфлүүзер М.Нарантуяа-Нара гишүүн.

Экс Ерөнхийлөгч чуулганы 32 удаагийн хуралдааны ердөө 6-д нь л суусан тул сахилгын арга хэмжээ яригдах дээрээ тулж байна. Намрын чуулганы хугацаанд ч тасалсан хуралдааны тоогоороо толгой цохиж явсан тэрээр Ерөнхийлөгч болохоосоо ч, өмнө парламентын гишүүн байхдаа мөн ийм шалтгаанаар нэрээ дуудуулж явсан түүхтэй. Түүнд холбоотой, ийм асуудал бишгүй олон бий.

Харин М.Нарантуяа-Нара гишүүний хувьд олон нийтийн цахим сүлжээнд бүдүүлэг үг хэллэгээр бусадтай хэрэлдэж, олон удаа доромж, ёс бус утгатай үг хэллэг хэрэглэсэн гэдэг шалтгаантай. 126 гишүүнтэй парламент байгуулагдаад 8 сар болж байна. Энэ хугацаанд М.Нарантуяа-Нара гишүүнтэй хариуцлага тооцох асуудал 2 дахь удаагаа яригдлаа. Өмнө нь цахим орчинд худалдаа наймаа эрхэлсэн нь олон нийтийн ярианы сэдэв болоод байсан юм. Харин энэ удаа мөн л цахим хэрэглээтэй нь холбоотой боловч төрд олон нийтийг төлөөлж суугаа төрийн түшээ хүнд баймгүй эрээ цээргүй авир гаргасан гэдэг шүүмжлэл дагууллаа.

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өмнө нь С.Эрдэнэбат гишүүнд хариуцлага тооцож байсан удаа бий. Гэхдээ тэрээр МҮЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульд албан үүргээ гүйцэтгэсэн гэдэг шалтгаантай. 126 гишүүнтэй анхны парламент ёс зүй, дэгийн асуудлаар цөөхөн хуралдах тов зарласан ч ёс зүйн зөрчил үүсгэсэн гишүүд дээрх гишүүдээр зогсохгүй. Сийрүүлбэл: Гэмт хэрэг хийснийг нь шүүх тогтоочихсон Даваагийн Цогтбаатар гишүүний асуудал бий. Гэмт хэрэг хийсэн нь батлагдсан гишүүнийг эргүүлэн татах ёстойг хуульчилсан боловч хэрхэн эргүүлэн татаж, хариуцлага тооцох хөшүүргийг нь хуульд тодорхой заагаагүй учраас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хэрээс хэтэрсэн асуудал болж, хаалганы гадна үлдээж байгаагаа тус байнгын хорооны дарга нуугаагүй.

Түүнчлэн сошиал хаягаасаа хүн дарамталж, сүрдүүлсэн агуулга бүхий зүйл нийтэлсэн Ц.Мөнхтуяа гишүүний асуудал байгаа ч намын дарга нь хаацайлж байгаа гэсэн яриа бий. Энэ мэтчилэн ард түмнийг төлөөлөн парламентын бүрэн эрхт гишүүн болсон гишүүдийн дунд хэл ам, хэрүүл тэмцэл хийхээс эхлээд нударга зангидан гар зөрүүлсэн хэрэг хүртэл шинэхэн байгуулагдсан 126 гишүүнтэй парламентаас гарав. Гэвч төрд түмнийг төлөөлж байгаа түшээдийн биеэ зохисгүй авч явж байгаа энэ үйлдэлд хэн ч хариуцлага ярилгүй, хэд хоног шуугиад л, зодолдсон этгээдийн хөхөрсөн толбо арилахтай зэрэгцэн мартагдаж байна.

Парламентын гишүүд хууль баталж, улс, эх орныг зөв зүгт чиглүүлэхийн тулд хүчин зүтгэх үүрэгтэй. Үүнийхээ төлөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, чамгүй урамшуулал, хангамж хүртэж байгаа дархан эрхтэй улс. Гэвч тэд эрхээ эдэлдэг шигээ үүрэг, хариуцлагаа ухаж ойлгоогүй явна.

Гишүүдийн хуралдаан тасалдаг явдал өмнөх 76 гишүүнтэй парламентуудын хувьд ч толгойн өвчин болж байв. 2020-2024 оны парламентын гишүүдээс хоцорсон, тасалсан цагаараа Сүхбаатарын Батболд гишүүн тэргүүлж байсан түүхтэй. Чуулганы нэгдсэн хуралдаан төдийгүй байнгын хороодын ирц ч хангалтгүй байв. Тэгсэн атлаа олон чухал хууль тогтоомжийг хэлэлцүүлэггүй шахам баталж, зүтгүүлж явсан жишээ олон байсан нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх 1 хөшүүрэг болсон байдаг. Өнгөн дээрээ парламентын гишүүдийг хариуцлагажуулъя гэдэг байр суурийг байнга шахам илэрхийлж ирсэн гишүүд ачир дээрээ өөрсдөдөө тооцох хариуцлагыг чангатгалгүй явж ирсний үр нөлөө одоогийн парламентад ч гарсаар байна.

Ёс зүй, дэгийн байнгын хорооноос УИХ-ын гишүүнд 3 төрлөөр хариуцлага тооцох хуулийн үндэслэл байдаг. Үүнд гишүүнд сануулга өгөх, гишүүний 3 сарын цалингаас 20 хувийг хасах, гишүүнээр уучлал гуйлгах зэрэг хариуцлагын хөшүүрэг багтаж байгаа юм. Гэвч маргааш хариуцлага яригдах М.Нарантуяа-Нара гишүүний хувьд өмнө нь сахилгын шийтгэл болох сануулга хүртчихсэн. Хийсэн үг, үйлдлийнхээ төлөө уучлал гуйх боломжгүй гэдгээ хэвлэлээр зарлачихсан яваа.

Ингээд харвал тэдэнд одоо цалингийнх нь 20 хувийг хасахаас өөр шийтгэлийн хөшүүрэг үлдээгүй байна. Гэвч татвар шимтгэлээ тооцоод гар дээрээ 5.7 сая төгрөгийн цалин авдаг, хуулийн төслийн судалгаа томилолт гээд сар бүр 20 саяын нэмэгдэл авдаг гишүүдэд цалингийн 20 хувийн торгууль шийтгэл болж дөнгөх үү гэдэг эргэлзээтэй сэдэв.

Хууль батлах мандат авсан түшээд хэзээ ч өөрсдөдөө хариуцлагын заалтыг хуульчлахгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд байгуулсан 9 парламентын жишээ баталж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох ганцхан боломж байгаа нь сонгуулиар сонгохгүй байх явдал л болж таарч байгаа юм. Гэхдээ энэ боломж иргэн танд 4 жилд ганцхан удаа тохиодог. Гэхдээ бид энэ сонголтоо хэр хариуцлагатай хийж ирснийг гишүүдийн эрээ цээргүй өнөөдрийн ааш аягаас харж болохоор байна.  

Засгийн газрын гишүүд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж огцордог бол парламентын гишүүд халдашгүй бүрэн эрхийнхээ далбаан дор ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Хүлээх ч үгүй явсаар 2028 онтой золгох нь тодорхой болоод байна. Уншигч та таныг төлөөлж төрд суугаа парламентын гишүүнийхээ ажилд хэр сэтгэл хангалуун байна вэ?

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *