Шар өвс шатаасан 11 дуудлага иржээ


Манай улсад 2019 онд Улаанбаатар хотын Гоодойн аманд нэг хүн шар өвс шатааж байгаад гал алдаж, 16 айлын байшин түймэрдсэнийг мартаж болохгүй. Гэвч хүмүүс үүнээс сургамж авахгүй, шар өвсөө шатаасаар байна. Зөвхөн өчигдөр гэхэд шар өвс шатааж байгаад, хянаж чадахгүй алдсан тухай дуудлага гал сөнөөгчдөд 12 иржээ. Үүнд:

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12:41 цагт хүлээн авсан байна. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18, 26, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагаар хүч нэмэгдүүлэн ажиллав. 25 га орчим талбайд шар өвс, хураалттай 500 ширхэг автомашины дугуй, чингэлэг доторх тавилга, 3х3 метрийн хэмжээтэй амбаар уг галд шатаж байсныг унтраажээ.

Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд шар өвс шатаж байгаа тухай дуудлага 13:32 цагт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн албан хаагчдыг очиход, 2 га талбайд шар өвс шатаж байсан аж.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт гал гарч байна гэсэн дуудлагыг 09:54 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн Ц-гийн хашаанд 0.5 га талбайд шар өвс шатаж байжээ.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд 0.3 га талбайд шар өвс шатжээ. 10:27 цагт ирсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги очиж, уг галыг унтраалаа.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд 4 айлын хашааны 0.35 га талбайн шар өвс шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн албан хаагчид 11:13 цагт дуудлага хүлээн авч, очжээ.

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд шар өвс шатаж байгаа тухай дуудлага 14:38 цагт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн албан хаагчид очин, 0.2 га талбайн галыг унтраалаа.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багт иргэн Б хашааныхаа 0.7 га талбайн шар өвсийг шатааж байгаад алджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн албан хаагчид 14:55 цагт уг дуудлагаар очиж, галыг унтраажээ.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 15:35 цагт ирж, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн албан хаагчид очжээ. Иргэн А-гийн хашаанд 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг унтраасан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт шар өвс, хашаа шатжээ. Энэ дуудлагыг 16:46 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Н-ийн 0.7 га талбайд шар өвс, хураалттай 1 шоо м банз шатаж байсан аж.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд иргэн Г-гийн 5 ханатай гэр бүрэн, 0.2 га талбайд шар өвс шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн албан хаагчид уг галыг унтраажээ.

Төв аймгийн Сэргэлэн суманд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 18:03 цагт иржээ. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн албан хаагчдыг очиход, 1 га орчим талбайд шар өвс шатаж байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *