6-р сарын 1 болоход 50 хоног үлдлээ. Хүүхдийн баярыг хүлээгээгүй шүү. Монгол Улс 50 хоттой болох юм, тэр өдөр. Одоо манай улс Улаанбаатар гэдэг ганц хоттой. Дархан, Эрдэнэтийг хот гэж хүмүүс боддог ч албан ёсоор хот биш. Гэхдээ тун удахгүй, 6-р сарын 1-нээс манай улс албан ёсоор олон хоттой, Улаанбаатар хот дүүтэй болно. УИХ 2024.06.05-нд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, 2025.06.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон юм.
Улсын зэрэглэлтэй хот 100.000 оршин суугчтай байна
Манай улсын хотжилтын түвшин 70.7%-д хүрчээ. Улаанбаатар 1.6 сая хүн, Дархан 110 мянга, Эрдэнэт 70 мянган хүнтэй. Үүний араас 20-70 мянган хүнтэй 10, 10-20 мянган хүнтэй 8, 10 мянган хүнтэй 27 суурин бий. Эдгээрийг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот болгохоор төлөвлөж буй.
Засгийн газар Улаанбаатар дээр нэмээд, Дархан, Эрдэнэт, Шинэ Хархорум, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгохоор төлөвлөжээ. Үүний зэрэгцээ орон нутгийн зэрэглэлтэй 44 хот бий болох нь. Үүний 14 нь Улаанбаатарын дагуул байх бол 30 нь аймгуудад бий болно. Аймаг доторх хотыг дагуулж, 3 дагуул хот байгуулна.
Улсын зэрэглэлтэй хот хамгийн багадаа 100 мянган оршин суугчтай байх юм. Энэ шалгуурт одоогоор Дархан л тэнцэж байгаа. Гэхдээ яг одоо ийм хүнтэй биш ч ирээдүйд 100 мянган хүн амьдрах боломжтой Эрдэнэт шиг газрыг улсын зэрэглэлтэй хот болгоно. Ийм хотын хүн амын олонх нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллана. Улсын зэрэглэлтэй хот нь цахилгаан, дулаан, цэвэрлэх байгууламж гээд өөрийн дэд бүтэцтэй, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой байх ёстой. Үүний дагуу бүх аймгийн төвийг улсын зэрэглэлтэй хот болгоно гэсэн үг.
Хамтарсан Засгийн газар 4-6 дугаар сарын хооронд 7 хурлаа хөдөө хийхээр төлөвлөж, хуваариа баталсан. Энэ нь бүсийн төвүүдийг хөдөлгөөнд оруулах, хот байгуулах, үйлдвэр, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг тийш нь хандуулах гээд олон давхар зорилготой. Үүгээр ямартай ч бүсийн төвийн 6 аймаг хамгийн түрүүнд улсын зэрэглэлтэй хот болох нь тодорхой.
Аймгийн төв, тосгонууд хот болбол тэнд орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газар барина. Хот руу нүүсэн иргэд нь тэр үед нутагтаа буцаж очно гэж Засгийн газар найдаж байгаа юм. Монгол Улс 50 хоттой болсноор төрийн зарим байгууллага, шинжлэх ухааны төв, их сургуулийг Улаанбаатараас нүүлгэх боломж бүрдэх нь.
Орон нутгийн зэрэглэлтэй хотод 30.000 хүн амьдарна
Орон нутгийн зэрэглэлтэй хотод улсын зэрэглэлтэй хотынх шиг олон шалгуур заагаагүй. 30 мянган хүн оршин суудаг байхад л болно. Эсвэл ийм тооны хүн амьдарна гэж тооцоход л хангалттай.
Дагуул хот гэж нэг юм бий. Нийслэл болон улсын зэрэглэлтэй хотууд дагуул хоттой байж болно. Улаанбаатарыг дагуултай болгохоор манай улс дэндүү олон жил даанч их ярьсан ч бүтсэн юм одоохондоо алга. Дагуул хотынхоо тоог л нэмсээр, 14 болгочихлоо. Дагуул хот орон нутгийн зэрэглэлтэй байх юм. Нийслэлийн ИТХ 2025.03.28-нд нийслэлийн төсвийг тодотгож, “Агро хотын Захирагчийн ажлын алба байгуулахад 1.4 тэрбум, Налуу-Ухаа хотыг Захирагчийн ажлын албатай болгоход 1.2 тэрбум төгрөг баталлаа. Хүннү хотын бүтээн байгуулалтын мэдээлэл, сурталчилгааны төв, ногоон барилгын ажлын зураг төсөв, зөвлөх үйлчилгээнд 680 сая төгрөг, цэвэрлэх байгууламжийн төсөлд 10 тэрбум төгрөг, “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжид 30 тэрбум төгрөг нэмжээ.
Нийслэлийн ЗДТГ Улаанбаатарт дагуул хот байгуулахад зарцуулах мөнгөтэй болсон нь сайн хэрэг. Нийслэл энэ онд 4.025 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөсөн ч энэ удаагийн тодотголоор 664 тэрбум төгрөг нэмж баталлаа. Энэ оны эхний улиралд нийслэл төлөвлөснөөсөө 1.6 их наяд төгрөг илүү олжээ. Үүнээсээ 56 тэрбумыг дагуул хотуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад илүүчлэхээр болов.
Замын-Үүд, Алтанбулаг гэх мэт хил дээр байрлалтай, байнгын ажиллагаатай боомт түшиглэсэн суурин газрыг хот, тосгон болгож болохоор Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заажээ.
Ингэхээр 4 сумтай Дархан-Уул аймаг бүхэлдээ хот болж, Шарынгол сум дагуул хот, Орхон, Хонгор сум тосгон болох бололтой. Харин Дархан-Уул аймгийн төв буюу Дархан сум нь дүүрэг болох уу, хороо болох уу? Хэрвээ хороо болбол шууд хотод харьяалагдах уу, дунд нь холбох дүүрэг бас бий болгох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Хэрвээ дүүрэг болбол багуудыг нь хороо болгож таарна.
Нийслэлийн бүтцээр бол хотын хамгийн бага нэгж нь хороо байдаг. Хороод дүүрэгт харьяалагддаг. Харин улсын зэрэглэлтэй хотуудад дүүрэг бий болгох уу, үгүй юү гэдэг асуулт эндээс гарч ирж байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд энэ тухай ямар ч зохицуулалт алга. Уг хуулийн 11 дүгээр зүйл.Хот, тосгоны зохион байгуулалт гэсэн хэсэгт “Хотын зохион байгуулалтын нэгж нь хотын хороолол байна. Хотын хороолол оноосон нэртэй байна” гэж л заажээ. Улсын зэрэглэлтэй хотын хорооллыг 10.000-аас доошгүй оршин суугчтайгаар байгуулах бол орон нутгийн зэрэглэлтэй хотын хорооллыг 8000-аас доошгүй хүнтэйгээр байгуулах аж. Хот юм чинь хорооллоос бүрдэх нь ойлгомжтой. Харин нэгжийн хувьд ямар байхыг хууль санаачлагчид ч, баталсан хууль тогтоогчид ч мартжээ.
One response to “50 хот байгуулахад бэлэн үү?”
Гүү тэгээд сумыг хотын статустай болгохоор хотоос хүмүүс нүүнэ гэж “найдаад” байгаа гэнэ үү? wtf