У ИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Тэдний өргөн барьсан хуулиар аж ахуйн нэгж, компаниуд ажилтныхаа өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлдөг байдлыг болиулах, мөн хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээнүүд дээр НДШ төлдөг, нэмэлт урамшуулал, хоол, унааны мөнгөнөөс НДШ тооцдогийг болиулахаар болсон. Уг хуулийн хамгийн гол амин чухал хоёр заалт нь энэ.
Энэхүү хуулийн төсөл яригдах үед сэтгэл гогдсон, бодоод бүр нэг гомдол хорсол төрөхөөр муухай мэдээлэл сонсогдсон юм. Тэр нь юу вэ гэвэл ажил олгогч нарын төлдөг 12.5-14.5 хувийн НДШ тухайн ажилтны тэтгэвэрт бодогддоггүй юм байна. Энэ тухай хууль санаачлагчид “Ажилтан НДШ төлдөг, ажил олгогч нь бас ажилтныхаа өмнөөс төлдөг. Гэтэл ажил олгогчийн төлж байгаа НДШ ажилтны тэтгэвэрт ямар ч нөлөө үзүүлдэггүй. Зүгээр л төрийн хураамж болоод яваад байдаг. Татвар гэж нэрлэгдээгүй боловч татвар болж яваад байдаг” гэдгийг маш тодорхой хэлсэн.
Энэ чинь юу гэсэн үг вэ. Энэ олон жил Монголын аж ахуйн нэгж, компаниудын ажилчдынхаа өмнөөс төлсөн тэр их мөнгө юунд зарцуулагдсан болж таарч байна вэ? “Тэтгэвэрт нь нэмэртэй юм даа. Ажилчдын маань тэтгэвэр тасрах аюултай, амьдралд нь нэмэр болъё” гэж ариун үнэнч сэтгэлээр төлж ирсэн тэр их мөнгө тухайн ажилчны тэтгэвэрт бодогддоггүй юм бол компани өөрөө ямар тэтгэвэрт гарна гэх биш, тэр мөнгийг энэ олон жил ямар хэрэгтэй төлж байсан юм бэ. Хууль санаачлагч төрийн түшээдийн хэлж байгаачлан энэ мөнгө зүгээр л Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаагийнхаа төлөө аж ахуйн нэгжүүдийн Монголын төрд төлж байсан татвар байсан юм байна.
Гадаадын иргэнийг Монголд ажиллуулахад тухайн аж ахуйн нэгж компаниуд татвар төлдөг, тусгай квот авдаг. Яг үүн шиг Монголынхоо аж ахуйн нэгж компаниудаас шулсаар ирсэн татвар төлөөс байсан байна. Үндсэндээ ард түмнээ, ажилтан албан хаагчдаа хоолтой байлгасныхаа төлөө төрд төлж байгаа татвар байсан аж. Ямар увайгүй улс орон, иргэд олноо шулж ханадаггүй төр засаг гэхээрээ ийм байдаг юм бэ?
Энэ мөнгө бол дарга нарын мөнгө. Төрийн мөнгө гэдэг үнэн чанартаа төрийн эрх барьж байгаа эрх баригч, дарга нарын мөнгө байдаг. Тийм учраас иргэд аж ахуйн нэгжээсээ шулж авсан энэ мөнгөө “Капитал” банкинд, “Чингис хаан” банкинд 50, 100 тэрбумаар нь хийчихээд хүүг нь хулгайгаар цуслаад хэвтэж байдаг юм биш үү. “Капитал” банкны 60 гаруй тэрбум, “Чингис хаан” банкны 100 шахам тэрбумын Нийгмийн даатгалын сангийн авлага барагдуулна гэж олон жил яриад бүтээгүйг бид мэднэ. Ийм баларсан, завхарсан юмыг болиулахын төлөө Лодой нарын санаачилж буй уг хууль нийгмийн даатгалын салбарт оруулж буй шинэчлэл, цаг үеэ олсон амин чухал асуудал болжээ.
Үүнийг Монголын аж ахуй эрхлэгч нар хүч гарган дэмжих ёстой. Манай аж ахуй эрхлэгчид ерөөсөө нэгнээ дэмждэггүй.Өнгөрсөн жил “Монполимет”-ын Ц.Гарамжавыг шоронд хийсэн. Бүгд дуугуй байсан. Дараа нь баян Базараа гэгчийг бас аваачаад хийсэн. Хэн ч юу ч гээгүй. Одоо “М-Си-Эс”, “МАК” гээд үндэсний том компаниудын амийг нь чангааж байна. Гэвч аж ахуйн нэгжүүд “тэнгэрийн дуу холуур өнгөрөөсэй” гэсэн бодолтой хар амиа бодоод чимээгүй байцгааж байна. Аж ахуй эрхлэгч нар, цалин олгогч, баялаг бүтээгч нар нэгнээ дэмждэг, нэгнийхээ жаргал зовлонг адилхан хуваалцдаг байх ёстой. Та бүхэн энэ улс орны хөгжил дэвшил, сайн сайхны төлөө зүтгэж буй хүмүүс. Улс орны эдийн засгийн цусны эргэлтийг бий болгож, ард түмнийг хоногийн хоолтой нь залгуулж яваа хүмүүс.
Тиймээс Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нарын санаачлан зүтгэж байгаа хуулийг дахин хэлэхэд аж ахуй эрхлэгч та бүхэн дуу хоолойгоо нэгтгэн нийтээрээ уриалан дэмжих хэрэгтэй байна.
Хөдөлмөрийн гэрээнээс бусад иргэний хуулиар зохицуулагддаг ажил гүйцэтгэл гэрээнүүд дээр хөлс авахаар түүн дээр НДШ төлөгддөг байдлыг болиулах ёстой гэж хууль санаачлагчид хэлээд байгаа. Энэ нь эргээд хувь хүн хуулийн этгээдүүдийг бизнесээ төрөлжүүлэх, ажил хийх нөхцөлд саад учруулж байна гэж үзэж буй нь туйлын зөв. Тухайлбал, аль нэг аж ахуйн нэгж хувь хүнээр 1 сая төгрөгийн ажил хийлгэлээ гэхэд тухайн хүндээ 1 сая төгрөг төлөхийн тулд 115 мянган төгрөг нэмж төлдөг ийм шимэгч байдлыг таслан зогсооё гэж тэд үзэж байна. Нэг хүнд нэг сая төгрөг өгөхийн төлөө нэмээд 115 мянган төгрөг хэн нэгэн эрхтэн дархтанд төлдөг ийм байдал байж болохгүй.
“Компани дээр ялангуяа жижиг дунд бизнесийнхэнд НДШ маш хүнд дарамт болдог. Ажилтнаа урт хугацаанд тогтоон барих, мөн цалин цавгаа нэмэх боломжийг үргэлж хааж боодог. Дөнгөж бизнесийн санаа олоод банкнаас зээл аваад, байдгаа барьцаалаад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн орлого ч ололгүй хүмүүс аваад ажиллуулж байтал дараа сараас нь НДШ төлж байгаа юм. Төр жижиг дунд бизнесүүдээ дэмжинэ гэж байгаа ч татвар, НДШ-ээр дарамталдаг. 50 саяас дээш орлого олбол автоматаар НӨАТ гээд 10 хувийг авна. Гаалиар бараа оруулж ирэхэд дахиад НӨАТ, гааль гээд бараг 15 хувийг суутгачихна. Дээрээс нь ажилтнуудынх нь НДШ. Ингэхээр Монголд аж ахуйн нэгж томрох, хүрээгээ тэлэх ямар ч боломжгүй” гэж эдийн засагч Г.Батжаргал ярьсан.
Монголд бизнес хийх ямар ч боломжгүй гэж хүмүүсийн цөхрөнгөө бардаг гол шалтгаан ерөөсөө энэ. Үүнээс болж л аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж дампуурлаа зарладаг. Энэ бүхнийг таслан зогсоох, үндсэндээ ажил олгогч та бүхний төрд төлж байгаа 15 хувийн шимтгэл чинь ажилтан албан хаагчдад цалин дээр нь шууд орлого болж, аяган дахь боорцогных нь тоог нэмж очих ийм л бодит амьдралд тулгамдсан хуулийг Лодой нар санаачлаад байна.
Уг хууль батлагдаж хэрэгжсэнээр аж ахуй эрхлэгчид та бүхэн өөдөө нар харна. Улс орны хөгжилд маш том өөрчлөлт гарна. Эдийн засаг бизнесийн эрүүл орчин бий болно. Зөвхөн эрх баригч дарга нарын халаас руу урсдаг мөнгөний урсгал зогсож нийгмийн даатгалын тогтолцоо өөрчлөгдөнө. Аж ахуйн нэгж, хүн бүрийн хувь заяатай холбоотой учир нийтээрээ дэмжих хэрэгтэй байна. Үүнд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим оройлон оролцож бүх аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ уриалмаар байна. Энэ хууль бол алдаж болохгүй алтан боломж гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Д.Батболд