Мексикийн булангийн нэршлийг “Америкийн булан” болгож өөрчилсөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын зарлигийг дагахгүй, мэдээ нийтлэлдээ Мексикийн булан хэмээх олон улсын нэршлээр нь бичих болно хэмээн маргаан өрнүүлсэн Америкийн Associated Press мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийн эсрэг тавьсан Цагаан ордны хоригийг шүүхээс цуцлаж, Трампын засаг захиргаанд тус агентлагийн сэтгүүлчдийн эрхийг сэргээхийг үүрэгджээ.
Associated Press агентлагийн зүгээс Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт, Цагаан ордны ажилчдын ахлах Сьюзан Уайлс, түүний орлогч Тэйлор Будович нарын эсрэг хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, хууль бус хориг тавьсан хэргээр шүүхэд гомдол мэдүүлсэн юм.
Дээрх шийдвэрийг гаргасан АНУ-ын тойргийн шүүгч Тревор Макфадден Associated Press агентлагийн сэтгүүлчдийг Цагаан ордны арга хэмжээнд оролцох эрхийг нь хязгаарласан явдлыг АНУ-ын Үндсэн хуулийн анхдугаар нэмэлт өөрчлөлт буюу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн үйлдэл болсон гэжээ.
Мексикийн булангийн нэршлийн асуудлаар маргаан өрнүүлсэн тус агентлагийн сэтгүүлчдийг Цагаан ордон болон ерөнхийлөгчийн нисэх онгоцон дотроос мэдээ, сурвалжлага бэлтгэхийг нь хориглон, сүүлийн 2 сар орчим хугацаанд ерөнхийлөгчтэй холбоотой арга хэмжээнүүдэд оролцуулаагүй билээ.
Мягмар гарагийн шүүхийн шийдвэрийн дараа Associated Press агентлагийн төлөөлөгч Лорен Истон шүүхийн шийдвэрийг тааламжтайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна.
Шүүгч Тревор Макфадден мөн Трампын засаг захиргаанд шүүхийн шийдвэрийг давж заалдах хугацаа олгохын тулд шийдвэрийн хэрэгжилтийг энэ долоо хоногийн ням гараг хүртэл түр хойшлуулж байгаагаа мэдэгдсэн байна.
Сонирхолтой баримт дурьдахад Трампын засаг захиргааны эсрэг шийдвэр гаргасан дээрх тойргийн шүүгч Тревор Макфадденыг Д.Трамп 2016-2020 оны хооронд АНУ-ын төрийн тэргүүнээр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаандаа тойргийн шүүгчээр томилж байсан ажээ.