В.Зеленский: Оросын талд дайтаж байсан Хятадын цэргүүдийг олзолсон


Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросын талд дайтаж байсан хоёр Хятад цэргийг олзолсноо илчилж, Украины засгийн газар энэ асуудал дээр Хятадын талаас тайлбар шаардаж байгааг мэдэгджээ.

Мягмар гарагт нийслэл Киев хотноо зохиосон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр дээрх хоёр Хятад цэргийг Украины зэвсэгт хүчнийхэн зүүн Донецк мужаас олзолсон бөгөөд тэдэнтэй хамт мөн өөр 4 Хятадын иргэн Оросын талд дайтаж байсныг мэдээлсэн байна.

В.Зеленский хэлэхдээ, “Хятадын иргэд Украины газар нутаг дээр дайтаж байна, энэ бол Украин улс түншүүдтэйгээ ярилцаж хэлэлцэх ёстой маш чухал, яаралтай асуудал гэж бодож байна” гэжээ.

Мөн тэрээр энэхүү асуудал дээр АНУ-ыг анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг нэмж хэлсэн байна. Зеленский Киевт айлчилсан Бельгийн ерөнхий сайд Барт Де Веверын хамт хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд энэ үеэр Бельгийн ерөнхий сайд Украин улсад энэ жил 1 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Украины төрийн тэргүүн мөн дараагаар нь Х хуудсандаа оруулсан нийтлэлдээ Оросын цэргүүдийн хамт өшөө олон Хятадын иргэд Украины эсрэг дайтаж байгаа тухай мэдээлэл түүнд байгаа ба Украины тагнуулын болон аюулгүй байдлын албад энэ талаар мөрдөн шалгаж байгаа талаар бичжээ. Тэрээр Хятад улс нь Иран болон Умард Солонгосын араас ОХУ-д цэрэг, зэвсгийн дэмжлэг үзүүлж буй гурав дахь улс болох болно гээд өөрийн дипломат албаныханд Бээжинтэй яаралтай холбогдохыг үүрэгдэх болно гэсэн байна.

Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига мөн дээрх асуудлаар Х хуудсандаа нийтэлж, БНХАУ-ын энхийн төлөөх байр суурийг асуун шалгааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд хүлээж буй үүрэг хариуцлага, итгэл найдварыг алдагдуулж байна хэмээн бичсэн байна. Түүнчлэн Украин дахь БНХАУ-ын хэргийг түр хамаарагчийг дуудаж тайлбар өгөхийг шаардсан тухайгаа дурджээ.

БНХАУ-ын талаас энэхүү асуудлаар шууд хариу тайлбар огт хийгээгүй байна. Бээжингийн зүгээс одоог хүртэл Оросын талд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлсэн тухай ямар нэгэн баримт нотолгоо байхгүй. Харин ОХУ болон Украин улсууд гадны иргэдийг хөлсний цэргээр элсүүлж авахыг зөвшөөрсөн байдаг.

БНХАУ-ын хувьд Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д дипломат дэмжлэг туслалцааг үзүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлсээр ирсэн улс бөгөөд Москва, Бээжингийн зүгээс хоёр талын харилцааг улам бэхжүүлсээр байгаа ч цэрэг, зэвсгийн дэмжлэг үзүүлж байгаагүй.

Энэ үеэр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Орос, Америкийн яриа хэлэлцээний талаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр хоёр талын ажлын түвшний ээлжит яриа хэлэлцээ пүрэв гарагт Туркийн Истамбул хотод зохиогдох тухай мэдэгджээ. Түүний хэлснээр уулзалтад ОХУ-ын гадаад хэргийн яамны албаныхан оролцох ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *