Ойрын жилүүдэд охид, эмэгтэйчүүд хумсаа будуулснаас хорт хавдар үүсэж, мэс засалд орох нь нэмэгджээ. Эл асуудлаар “Доктор-Үүр” гар сарвууны эмнэлгийн эмч О.Очирпүрэвтэй ярилцлаа.
–Охид, эмэгтэйчүүдийн дунд хумсны хавдар хэр их илэрч байна. Энэ юунаас үүдэлтэй вэ?
-Сүүлийн үед их нэмэгдэж байна. Нэг талдаа хүмүүс ийм өвчин байдаг, хавдар үүсдэг гэдгийг мэддэг болчхож. Хоёрдугаарт хумсаа их будуулж, гэрлийн туяагаар шарж байгаа нь хумсны хэвтшийг гэмтээгээд, хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
–Тоо баримтаар авч үзвэл. Танай эмнэлгийн тухайд ойрын хугацаанд хийсэн судалгаа байгаа юу?
-Одоо бол хамгийн багадаа долоо хоногт хоёр ирж байна. Зарим үед өдөр болгон нэг ирдэг. Хэдэн жилийн өмнө огт байдаггүй байсан шүү дээ. Магадгүй оношилгоо муу байсантай холбоотой байж болох юм. Хумсны маш олон янзын өвчин бий. Хумсны хавдар, мөөгөнцөр, гэмтлээс шалтгаалсан гээд.
–Миний нэг танил хумсаа будуулснаас мөөгөнцөр үүссэн гэж ярьсан. Ийм байх боломжтой юу? Ариутгаагүй багаж хэрэгслээс үүсдэг гэж сонссон.
-Яг үнэн. Ихэнх салон багаж хэрэгслээ ариутгадаггүй. Дээрээс нь маш чанаргүй будаг хэрэглэдэг. Чанар сайтай, сайн үйлдвэрт хийсэн, багаж хэрэгслээ ариутгадаг бол хийлгэж болно шүү дээ. Манайд үйл ажиллагаа явуулдаг салонууд ихэнх нь шаардлага хангадаггүй учраас л ийм өвчин гарч байна. Үнэхээр хумсаа янзлуулах гэж байгаа бол чанартайг нь сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрсдөө багаж хэрэгсэлтэй болох ёстой. Тэгвэл хумсны хавдар, мөөгөнцөр үүсэхгүй.
Өчигдөр ирсэн нэг охин олон жил хумсаа будуулж явсаар байгаад хумс нь идэгдээд, тэсэхээ байгаад ирсэн байсан. Ихэнх хүн “Ингэж өвдөөд байна” гээд л ирдэг. Хумсыг гаднаас нь харахад зүгээр мэт боловч өөрт нь зовуурь мэдрэгдэж байдаг юм.



–Олон дахин будуулахаар хумс нимгэрээд, гэрэлд шарах үед хорсдог. Тэгсэн хэр нь манайхан нэмж будуулаад л яваад байдаг.
-Энэ бол маш буруу зүйл. Хүний хумс 6 сарын дотор нөхөн төлждөг. Тэгэхээр нимгэрсэн, гэмтсэн хумсыг дахин будаж гэмтээгээд байвал хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Хумс эмзэг болоод, гэмтэх нь өөрт нь мэдэгдэнэ шүү дээ. Юманд хүрэхэд, хувцсаа өмсөхөд хүртэл хүндрэлтэй болоод ирнэ. Тэгэхээр хумсыг 6 сардаа нэг будуулж байвал эрсдэл багасна гэсэн үг. “Олон будуулаад байсан чинь толио нь өөрчлөгдчихлөө” гээд ирдэг. Энэ чинь угаасаа хумсны будагных шүү дээ.
–Эрсдэл хүндэрвэл эцсийн шатанд юу болох вэ?
-Амь насанд аюул учрахаар хүндрэл үүсэхгүй ч гэсэн хуруу, хумс байнга өвддөг болох, юманд хүрч болохгүй торж өвддөг болно. “Эхнэр, найз охиноо санаандгүй гараас нь барихад гол тасрах гэж байгаа юм шиг өвдлөө гээд уйлаад байна” гээд ирсэн. Хумс чинь гоо сайхан гэхээс илүү бүх юманд оролцоно. Гараараа хүрч болох бүх юмандаа хүрч чадахаа болино л гэсэн үг. Хүн харахад зүгээр боловч өөрт хүндрэлтэй. Зарим нь уйлж ирдэг. “Намайг ойлгохгүй байна” гээд. Хумс чинь гаднаас нь харахад хавдсан, улайсан юмгүй боловч дотроо өвчин үүссэн байдаг.
–Яаж сэргийлэх ёстой вэ?
-Хамгийн гол нь чанартай будгаар будуулах хэрэгтэй. Огт будахгүй байвал бүр сайн шүү дээ. Өөртөө зориулсан, өөрийн гэсэн багаж хэрэгсэлтэй байх нь зүгээр. Мэдээж хэрэг хумс будуулах хугацаа нь 6 сар байх хэрэгтэй.