ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулгатай ярилцлаа.
—————————————————————————–
-ШУА-ийн биологийн хүрээ лэнгийн 60 жилийн ой саяхан тохиогоод өнгөрлөө. Ер нь биологийн хүрээлэн монгол улсын хэмжээнд ямар үүрэг гүйцэтгэдэг байгууллага вэ?
-Манайх 1961 онд “Байгалын ухааны хүрээлэн, биологийн сектор” нэртэйгээр байгуулагдаж байсан. 1965 оноос одоогийн ШУА-ийн биологийн хүрээлэн нэрээрээ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Биологийн хүрээлэн, биотехнологийн хүрээлэн гэж хоёр том хүрээлэнтэй байсан ч удирдлага менежментийн зардлыг хэмнэх үүднээс 1990 оны сүүл үеэс нийлүүлж, одоогийн бүтэц бүрэлдэхүүн бий болсон. Одоогийн байд лаар манайх найман лабораторитой, гурван төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Ургамал, шавж, хөхтөн судлалын лабораториуд гэж бий. Харин нөгөө дөрөв нь илүү биотехнологи талдаа судалгаа хийдэг. Мөн молекул лаборатори маань гэхэд элэгний хорт хавдар яагаад Монголд өндөр байгаа талаар судал гаа хийдэг. Мэдээж тодорхой зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол орны амьтан, ургамал, бичил биетний биологийн олон янз байдлыг хадгалах, суурь болон хэрэглээний судалгааг хослуулан инноваци, шинэ мэдлэг, шилдэг бүтээлийг бий болгох бол бидний туйлын зорилго юм.
-Монголд яагаад элэгний хорт хавдар өндөр байдаг талаар хийсэн судалгаанаасаа дурдвал?
-Мэдээж маш олон шалтгаантай. 1960,1970 оны үед элэгний В, С вирус маш их тархсантай холбоотой ч гэж үзэх тал бий. Манай хүрээлэнгийн хувьд судалж байгаа чиглэл бол генийн мутацийн өөрчлөлт юм. Хүн бүр 46 хромосом дээр 21-25 мянган гентэй байдаг. Энэ ген дээр ямар, ямар мутаци байгаагаасаа хамаараад өвчин тусах магадлал өндөрсдөг талаарх судалгааг сүүлийн найман жил хийгээд явж байна.
Өөрөөр хэлбэл, сүүлийн найман жил Улсын Хоёрдугаар төв эмнэлэгтэй хамтраад яг элэгний хорт хавдартай, мэс заслын дараахь дээжээс хавдарт өртөмтгий болгодог генийн дарааллыг судалсан гэж ойлгож болно. Хавдар бол физик, хими, биологийн гэсэн гурван шалтгаантай байдаг. Биологийн шалтгаан нь гэвэл вирус эцэг эхээсээ авсан генүүд дотор янз бүрийн мутацийн давтамж өөр өөр байдагтай холбоотой. Өмнө нь мутацийн давтамжийг тодорхой хэмжээнд ганц хоёр генийн түвшинд судалж байсан. Харин одоо зургаан ген, 200 гаруй дээжид судалгаа хийсэн ийм түвшинд явж байна. Хоёр хүн адилхан В, С вирусээр халдварлахад нэг нь хавдар болоод нөгөө нь болдоггүй шүү дээ. Үүний цаад шалтгаан нь энэ генийн мутацийн давтамж их байдагтай л холбоотой.
-Техник технологийн хурдацтай хөгжлийн явцад баталгаатай тэсэж үлдэх гурван мэргэжлийн нэгийг биологи гэх судалгаа гарчээ. Яагаад биологи ийм чухал юм бэ?
-Био гэж байгаа. Бид бүгд амьд амьтад шүү дээ. Энэ нь олон зуун мянган жилийн туршид өөрийн зүй тогтлоороо явж ирсэн. Сүүлийн үед хүний хүчин зүйлтэй холбоотойгоор байгаль орчин, биологийн олон янз байдал хүнд нөхцөлд орсныг бүгд мэдэж байгаа. Үүнийг буцаагаад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв голдиролд нь оруулна гэдэг хүн төрөлхтний амь үлдэх үү гэдэг асуудлыг хөндөнө. Хамгийн наад захын жишээ татахад, ширээн дээр загасны тухай ном байна. Тэгвэл хоёулаа усны тухай асуудал ярья л даа. Усан дотор өвчин үүсгэгч үүссэн байвал мэдээж бид өвчин тусна. Цаашлаад энэ нь бидний амь насанд ч хүрч болно. Тэгэхээр тухайн усыг яаж биологийн аргаар цэвэрлэх ёстой юм бэ гэдэг асуудал хөндөгдөнө биз дээ. Нөгөө талдаа тухайн ус руу яавал өвчин үүсгэгч хүчин зүйлийг оруулахгүй байх юм, яаж үүнийгээ хадгалах ёстой юм бэ гэх асуудлууд ч үүсдэг. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, нотолж, арга хэмжээ авахаас өөр ямар ч арга байхгүй. Хүнсний асуудлыг ч шинжлэх ухаанч байдлаар зохицуулахгүй бол өөр аргагүй. Харин энэ бүгдийн ард биологийн шинжлэх ухаан бий. Хүн гар утасгүй сар амьдарч чадна. Гэхдээ хоолгүй, усгүй бол чадахгүй. Энэ нь биологийн шинжлэх ухааныг ямар чухал ач холбогдолтой болохыг нотолно.
-Тэгвэл биологийн шинжлэх ухааныг хиймэл оюун ухаан орлож чадахгүй гэж үзэж болох уу?
-Болно. Бид дижитал эрин үед амьдарч байна. Хиймэл оюун ухаан бол өгөгдсөн дата дээр шийдэл гаргаж өгдгөөрөө хүн төрөлхтний хувьд маш том дэвшил. Гэхдээ биологийн шинжлэх ухааныг бол орлож чадахгүй. Яагаад гэдгийг нь би нэг сонирхолтой жишээгээр тайлбарлах гэж оролдъё. Энэ миний хувийн бодол шүү. Дэлхийн шилдэг дижитал технологиуд 01 гэсэн хоёрхон цифрээр кодлогддог. Гэтэл амьд организм олон зуун мянган жилийн туршид бүтээгдэхдээ Аденин, Гуанин, Цитозин, Тимин гэсэн дөрвөн нуклеотидоор кодлогдсон. Энэ генийн бүтээгдэхүүн цаашаагаа 20 амин хүчилд хөрвүүлэгддэг бөгөөд эдгээр амин хүчил нь уураг нийлэгжүүлэхэд оролцдог. Тэгэхээр дижитал технологи дөрвөн тоо хэрэглэдэг болсон цагт л энэ асуудлыг боломжтой гэж яривал зүгээр байх. Угаасаа олон зуун мянган жилийн туршид байгалийн шалгарлаар бүтээгдэхдээ дөрвөн нуклеотидоор кодлогдоод цашаагаа 20 хүчлээр кодлогдон гарч ирсэн учраас бид бүгд идэж уугаад, хөдлөөд, сэтгэж бүтээгээд явж байна. Гол нь хүн гэдэг амьд организм шүү дээ.
-Одоо хийж байгаа ажлууд болон биологийн ололт амжилтаасаа хуваалцахгүй юу?
-Аль болох салбар дундын судалгааны ажлыг хөгжүүлэх зорилго тавиад ажиллаж байна. ШУА-ийн Археологийн хүрээлэнтэйгээ хамтраад эртний хүннүгийн үеийн булшнаас буюу 2000 орчим жил болсон хүний яснаас генийг нь ялгаж аваад ямар хүмүүс байсныг тогтоох судалгаа сүүлийн хоёр жилийн турш хийгээд явж байна. Мөн АНУ-ын их сургуулиудтай хамтраад Богд уулын мэрэгч амьтад ямар түвшинд байх ёстой талаарх судалгаа хийгээд, автоматжуулсан камераар ямар амьтад байгаа болон тэдгээрийн амьдралынх нь хэмнэлийг бүртгэсэн багагүй өгүүлэл хэвлүүлсэн. Зөвхөн Богд уул гэхгүйгээр Улаанбаатар хот орчимд археологийн коридорыг яаж байгуулж болох талаар тодорхой хэмжээний зөвлөмжүүдийг зохих албан газарт нь хүргүүлсэн. Сибирийн хүр хорхойноос гадна ирээдүйд Монгол орны ойн нөөцөд хор хөнөөл учруулж болзошгүй гурван төрлийн шавжны эсрэг өмнөх туршлага дээрээ суурилан ажиллаж байна. Ер нь шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажил маш их цаг хугацаа шаарддаг. Хэдхэн хоног, хэдэн сарын хугацаа бол юу ч биш. Та сая анзаарсан бол миний танилцуулж буй ажлууд доод тал нь хоёр жилийн хугацаатай хийгдсэн. Ялангуяа амьд организмтай холбоотой бол хоёр жил юу ч биш. Генийн мутацийн өөрчлөлтийн судалгаа найман жил хийгдсэн байх жишээтэй. Өмнө жил бид Шинжлэх ухааны академитэйгээ хамтран арьс боловсруулах, уураг задалдаг өндөр идэвхтэй бактерийн судалгаа хийж, 100 гаруй бактериа ус, хөрс, шар сүү, шувууны баас гэх мэт маш олон зүйлээс ялгаж авсан.Үүнээс Монгол Улсын стандартад тохирсон арьс боловсруулах бактерийн бэлдмэлийг гаргаж авсан юм. Энэ юугаараа ашигтай вэ гэвэл үйлдвэрүүд химийн бодис ашигладаг шүү дээ. Зулгараад унасан үсийг ашиглахын тулд хэд дахин угаана, химийн бодис ашигладаг. Гэтэл манай бактериуд бол 24 цагийн дотор үс нь бүгд хуулраад унана. Үүнийг шууд ашиглаж болно. Яагаад гэвэл биологийн бүтээгдэхүүн.
-Ихэнх шинжлэх ухааны хүрээлэнгүүд хүний нөөц, боловсон хүчний асуудалтай байна. Танай хүрээлэнгийн хувьд ямар байна вэ?
-Манайх бол гайгүй ээ. Биологийн хүрээлэнгийн хувьд нийт 95 ажилтантай. Үүнээс 84 нь эрдэм шинжилгээний ажилтан байдаг. Байгалийн шинжлэх ухаанд хүний нөөцийн асуудал бий гэж хүн бүр ярьдаг. Биологийн ангид хоёр, физикийн ангид нэг хүүхэд сурч байна гэх мэт асуудлууд яригддаг байлаа. Энэ ч үнэн. Энэ асуудал 10-аад жилийн өмнө манай хүрээлэнд нөлөөлж байсан. Харин өнгөрсөн дөрвөн жилийн өмнөөс манай хүрээлэн хүний нөөцийн асуудал, гадаад харилцаандаа онцгойлон анхаарч ажилласны хүчинд дээрдсэн. Одоо манайхаас 20 хүүхэд гадаадын өндөр хөгжилтэй оронд докторт сурч байна. Өмнө жил гэхэд дотоодод нэг, гадаадад таван хүүхэд докторын зэргээ хамгаалсан. Одоо гадаадад суралцсан хүүхдүүдээс дөрөв нь доктор болоод буцаж ирээд хүрээлэндээ ажиллаж байна. Ер нь манай хүний нөөцийн асуудал шийдэгдээд явж байгаа гэж ойлгож болно.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам