Зогсох цэг, явах цагаа мэдэрдэг жинхэнэ улстөрч Монголд байгаа юу?


Их хурлын дарга, дэд дарга, гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүйн сайд зэрэг төрийн өндөр дээд албанд 30-аад жил ажилласан Ц.Нямдорж 2022 онд улс төрөөс зодог тайлсан. Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга байгаад нь Ардын намын генсек Д.Амарбаясгаланд мөргүүлээд явсан. Ажлаа өгснийх нь дараа Цэцийн дарга, энд тэнд Элчин, Консул болох нь гээд л байсан. Тэгсэн ч Ц.Нямдорж ямар нэг ажил албан тушаалд очоогүй. Харин сүүлд Ардын нам дээрээ нэг өрөө тохижуулан сууж намын даргадаа зөвлөгөө өгдөг болжээ. Ингэж ажин түжин байсан тэрээр өнгөрсөн долоо хоногт гарч ирэв. Гарч ирээд:

-Улстөрч хүн байгаа цагтаа дүрэлзээд, явсныхаа дараа чимээгүй байсан нь дээр. Би тийм хатуу байр суурьтай. Улс төрд байна гэдэг бол төрд тангараг өргөөд цэргийн хүн шиг зүтгэнэ гэсэн үг. Төрийн эрх ашгийн үүднээс яавал зөв байх вэ гэдэг дээр дарга нар дуудаад санал сонсвол хэлнэ ш дээ. Улс төрийн хүнд явах хугацаа бий. Түүнийгээ мэдрэх хэрэгтэй. Би явах цагаа мэдэрдэг хүн гэж ярив.

Ц.Нямдоржийн энэ үгнээс өнөөгийн улстөрчид нэгийг бодож, хоёрыг тунгаах хэрэгтэй. Юм болгонд өөрийн цаг хугацаа гэж байдаг. Ялангуяа улс төрд байгаа хүмүүст энэ их чухал нь анзаарагдаад эхэлсэн.

Саяхан Ерөнхий сайд асан С.Баяр ярилцлагадаа:

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай шогч наргианч хүн байсан. Нэг удаа бидэнд “Том дарга байсан хүн ямар байх ёстой” талаар ярьж билээ. “Том дарга байснаа санагалзан ажиллаж байсан орчноороо бүү хий эргэлд, одооны хэдээ бүү зовоо. Харин дуудвал оч, асуувал хариул, таваглавал хус, хундгалавал тат” гээд маг маг инээж байж билээ. Шог байдлаар бидэнд сануулсан зөв л зөвлөгөө санагдсан гэдэг дурсамжийг хуваалцсан байна лээ.

С.Баяр гэснээс тэр:

-Улс төрд орох амар, гарах хэцүү. Оросуудын ярьдгаар ороход нэг рубль, гарахад арав. Санасны зоргоор улс төрөөс тийм амар гарчихгүй юм шиг байна. Сайн, муу аль ч утгаар нь улс төртэй намайг уясаар л байна гэж ярьжээ. Үнэн ч биз, шалтаг ч биз.

Үнэн нь гэвэл улс төрийг нэг амталсан буцаж гарахад, орхиод одоход хэцүү байдаг шиг…

Шалтаг нь гэвэл XIX зууны сүүлчээр Германы канцлер байсан Отто фон Бисмарк:

-Улс төр бол хиам шиг. Хиамыг ямар махаар хэрхэн хийж байгааг хараад хэрэггүй гэж хэлсэнтэй ойролцоо ойлгоход болно.

Ард түмэн мэдэж болохооргүй бохир, гэхдээ амттай гэж ойлгогдоно. Амттай учраас салахгүй байгаа хэрэг юм. Монголын хоёр том нам Ардын нам, Ардчилсан намын 30 гаруй жилийн тэртээх улстөрчид өнөөдөр бараг 100 нам, төр хавиар эргэлдээстэй, нөлөөтэй тусхалтай хэвээр л байна.

Харин 1990-ээд онд нийгэм солигдоход эрх мэдэлд байсан хэд л цагийн эрхээр суужээ. Бусад нь байсаар л байгаа гэсэн үг. Албан тушаалыг нь авсан ч нам, засгийнхаа өрөө саваар эрх ашиг ярьж эргэлддэг нь үнэн.

Дээрээс нь төрийн өндөр дээд албан тушаалд суучихаад цаг нь ирж буусан ч тэр хавиасаа холдохыг хүсдэггүй. Бүгд биш ч зарим ийм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар байна.

Энэ нь нөгөө талаасаа монголчуудын бие даасан мэт чанартай, шинэ цагийн улс төрийн туршлага юм нь залуухан, ердөө 30 гаруйхан жилийн түүхтэй гэдэгтэй холбоотой байж болно. Тийм учраас улстөрчид нь тэтгэвэртээ гардаггүй байж болох юм.

Уул нь улс төрд байж, эрх мэдэлтэй байх үедээ:

-Би хадаас болж төрийг бэхлэн сахиж, аргамжаа болж улсыг барин хатуужсу г эж Тэмүүжин хаан суухдаа тангарагласан шиг ажиллавал зохисыг олох юм.

Чингис хааны үг өнөөгийн энэ хэдэд томдох л биз. Гэвч сонсоход илүүдэх юун.

Товчилбол, улс төрд энэ л хамгийн зөв ухамсар юм. Харамсалтай нь үүнийг ойлголгүй эрхэлж цэнгээд, эдэлж тараагаад улсаа самарч улс төр хийдэг намууд, улстөрчид зонхилсон. Тэр хамаг муу нь даравч далдайж, булавч бултайгаад бүгдээрээ мэддэг. Мэдсэн ард түмэн тийм улстөрчдөд дургүй. Хөөнө. Тууна. Амь аргацааж улс төрдөө үлдсээр байгаад үзэн ядуулна.

Гадныхан бол өөр. Хамтарсан Засгийн газар засгийнх нь загварыг аваад байгаа Германд энэ оны 2 дугаар сард үлгэр болмоор явдал болжээ.

Германы Бундестагийн ээлжит бус сонгуулиар нам нь 5 хувийн босгыг давж, парламентад суудал авч чадаагүй учир Либерал чөлөөт ардчилсан намын дарга Кристиан Линднер улс төрөөс явж байгаагаа мэдэгдэв.

Кристиан Линднер:

-Либерал чөлөөт ардчилсан нам сонгуульд ялагдал хүлээлээ. Гэхдээ шинэ Германы эхлэлийг тавьсан гэж найдаж байна. Энэ бол миний тэмцэж ирсэн зүйл юм. Харин одоо би улс төрийг орхиж байна гэж олон нийтийн Х сүлжээнд бичжээ.

Сонгуулийн урьдчилсан мэдээллээр, тус нам Бундестагийн ээлжит бус сонгуульд 4.4 хувийн санал авч, долдугаарт орсон юм байна.

Ерөнхийдөө Монголын улс төрд дутаад онгойгоод байсан хамгийн том хар нүхийг таглах том сэдэл, санаа энэ.

Юу гэх гээд байна вэ гэхээр жинхэнэ улстөрч л зогсох цэг, явах цагаа мэдэрдэг юм байна.

Ингэхэд Монголд ийм зарчмыг мөр замаа болгосон ингэж мэдэгдэл хийгээд явж байсан улстөрч ер нь байгаа юу. Санаанд буух хүн алга байгаа биз. Тийм учраас л Ц.Нямдоржийн үг янзын сонсогдож байх шиг байна. Тэр ингэсэн нь үнэн үү, худал уу гэдэг нь хамаагүй. Тэгж ярьсан нь л өнөөдөрт хангалттай…

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Батболд


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *