“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой, А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг дэнслээд гаргасан шийдвэрээ шүүх бүрэлдэхүүн өнөөдөр танилцууллаа. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт буюу 4-р сарын 2-ны өдөр дууссан юм. Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн 22.1.1, 17.3.2.2, 22.12.1, 22.12 дэх зүйл заалтаар АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн юм.
Нийслэлийн Прокурорын газрын прокурор “Шүүгдэгч А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг болон 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг, Чойжилсүрэн мөн адил энэ зүйл ангийн 22.1.1 хэсэг, Жавхлантбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг, шүүгдэгч С.Баярсүх, Бямбасүрэн, Мөнхболд, Баярмаа, Б.Дөлгөөн, О.Хонгорзул О.Сүхбаатар, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, Д.Цогбадрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хандсан хандлага, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчим, хууль ёсны зарчимд нийцүүлэн улсын яллагч нараас дараах ялын санал гаргаж байна. Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, 3 жил хорих ял оноох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8.1 хэсэгт зааснаар журамлан, нийт эдлэх ялыг нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасан, 7 жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна” гэж танилцууллаа.
Шүүх бүрэлдэхүүн яг одоо шийдвэрээ танилцуулж байна.
- Шүүх “Тэнүүн-Огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуяг, “Эм Эс И Партнерс” ХХК-ийн захирал Ц.Болортуяа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин бусад зүйл заалтад заасан гэмт хэрэгт буруутай гэж шүүх үзлээ.
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, нийт 6 жил хорих ял оноолоо. Түүнийг АТГ шалгаж байхдаа 2023.10.01-нээс 2024.07.05 хүртэл нийт 278 хоног цагдан хорьсон юм. Энэ хоногийг түүнд оноосон хорих ялын хугацаанаас хасахаар болов. Ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтжээ.
- Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарт хамтрагч, хамжигчаар оролсон буруутайд тооцлоо. Түүнд 3 жил хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял оноов.
- Автобус худалдан авах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга А.Чойжилсүрэнгийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, 2.6 жил зорчих эрхийг хасах ял оногдуулав.
- НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасан, 2 жил зорчих эрхийг хязгаарлав. Ш.Баярсүхийг шалгахдаа 2 хоног цагдан хорьсон байна. Хоригдсон хугацааг түүнд оноосон ялаас хасав.
- НТГ-ын Техник технологийн хэлтсийн дарга Б.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасан, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлав.
- Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзулын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, 1 жил зорчих эрхийг нь хязгаарлав.
- НТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Баярмаад нийтийн албанд ажиллах 2 жил хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлав.
- НТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөний нийтийн албанд 2 жил ажиллах эрхийг хасаж, зорчих эрхийг нь 2 жил хязгаарлав.
- Нийтийн тээврийн улсын байцаагч О.Сүхбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, зорчих эрхийг нь 1 жил хязгаарлав.
- Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатарт нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, зорчих эрхийг нь 2 жил хязгаарлав.
- ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга О.Лувсандагвад нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, зорчих эрхийг нь 2 жил хязгаарлав.
- НТГ-ын Техникийн технологийн хэлтсийн нийтийн тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженер Д.Цогтбадрахын хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцлоо. Түүний нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлав.
- Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны менежер С.Бямбасүрэнгийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, зорчих эрхийг нь 2 жил хязгаарлав.
- Шүүгдэгч Б.Түмэнжаргалын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрхийг нь хязгаарлав. Түүнийг 2023.10.01-нээс 2023.10.16 хүртэл 15 хоног цагдан хорьжээ. Энэ хугацааг түүнд оноосон ялаас хасаж тооцов.
- Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, нийслэлийн ЗДТГ-ын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НХААГ-ын дарга Г.Энхтайван, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, НТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Алтаншагай, Мөнхбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
- БНСУ-ын иргэн, “Эктэ” компанийн ерөнхийлөгч Ким Кэа Буам, Лий Жунг Сууб нарт холбогдох хэрэг шүүхэд ирээгүй байна.
Ж.Эрдэнэбатын “I Phone 12” загварын гар утсыг буцааж өглөө. АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 14/66 дугаартай зөвшөөрлөөр 9 үл хөдлөх хөрөнгийн, 14/67 дугаартай зөвшөөрлөөр 7 үл хөдлөх хөрөнгө, 15/19 дугаартай зөвшөөрлөөр А.Ганхуягийн 15 төрлийн үл хөдлөх хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Үүнээс 3 үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийг шүүх цуцалсан юм. 4 тээврийн хэрэгслээс 0943, 0250 дугаартай машины битүүмжлэлийг цуцалж, үлдсэн 2 машины битүүмжилсэн хэвээр байгаа аж.
Энэ хэргийг мөрдөн шалгахад гарсан нийт 28.7 сая төгрөгийн зардлыг гэм буруутай шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар болов. Зорчих эрхийг нь хязгаарласан бүсээс гарвал уг ялыг хорих ялаар солихыг шүүх анхаарууллаа.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан, нийслэлийн ЗДТГ 318.7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийг шалгаруулсан байдаг. Хотын дарга Д.Сумъяабазар автобус худалдан авах тендер зохион байгуулах эрхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлжээ. Тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван Нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос тус бүр 1, өөрийн байгууллагаас нарийн бичгийн дарга, ахлагч гэсэн 2 хүн томилж, нийт 5 хүнтэйгээр ажлын хэсэг байгуулжээ.
Уг ажлын хэсэгт орсон, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны менежер С.Бямбасүрэн бол “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн удирдлага дор ажилладаг хүн аж. А.Ганхуяг тус холбооны УЗ-ийн дарга бол С.Бямбасүрэн менежер нь. Энэ холбоог А.Ганхуяг, Я.Эрдэмбилэг, Д.Энхбат, Э.Ганбилэг, Г.Түвшинтөгс нар 2022.03.22-нд байгуулж, УБЕГ-т А.Ганхуяг эцсийн өмчлөгчөөр бүртгүүлжээ.
Нийтийн тээврийн газар уг ажлын хэсэгт 6 компанийн нэр ирүүлсэн атал 2023.01.13-нд зөвхөн “Тэнүүн-Огоо”-д тендерийн мэдээллийг түрүүлж илгээгээд, “Автотерминал трейд”, “Эмсид”, “Трансбус”, “Сутайнбуянт”, “Эрдэм транс” гэх 5 компанид 4 хоногийн дараа явуулсан байна. “Тэнүүн-Огоо”-д бичиг баримтаа бэлтгэх 6 хоног өгсөн бол бусдад нь 3 хоног өгсөн гэсэн үг. Тэр байтугай 7 дахь компани буюу “Булбул” ХХК-д 1 хоног өгсөн байдаг. Тендер зарлахаас ч өмнө “Тэнүүн-Огоо” шалгарчихсан байсныг энэ баримт нотолно.
Нийлүүлэх автобусны техникийн тодорхойлолтыг Нийтийн тээврийн газар гаргажээ. Гэтэл уг тодорхойлолтыг гаргахад, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн оролцсон байдаг. Энэ бүхнээс үзвэл А.Ганхуяг хаа сайгүй хүнээ шургуулчихсан, энэ тендерийг зохион байгуулсан дүр үзүүлээд “Тэнүүн-Огоо”-д өгөхөөр тохирчихсон байсан аж.
Ингэж бэлтгэсэн атлаа “Тэнүүн-Огоо” зарим техникийн тодорхойлолтыг хангаагүй байв. Гэсэн ч бусад 6 компанийн 1-ийг нь хоцорсон, 5-ыг нь бичиг баримт дутуу гэж хасаад, техникийн үзүүлэлт зөрсөн 4 үзүүлэлт дээр нэмэлт тодруулга авах нөхцөлтэйгээр “Тэнүүн-Огоо”-г сонгожээ.
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн ирүүлсэн бичиг баримт дотор БНСУ-ын компаниас автобус худалдан авах гэрээ байжээ. Уг гэрээнд заасан автобусны тоо, нийслэлээс худалдан авах автобусны тоотой яг таарсан байна. Хот хэзээ, хэдэн автобус худалдаж авахыг “Тэнүүн-Огоо” яаж мэдээд, БНСУ-ын компаниас их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50, нийт 810 автобус авах гэрээг урьдчилаад байгуулчихдаг билээ?
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргахдаа Сангийн яамнаас өгсөн зөвлөмжийг мөрдөөгүй гэж “Ногоон автобус”-ны сонсголын хүрээнд цуглуулсан нотлох баримтыг шинжилсэн шинжээч дүгнэсэн юм.
2023.03.9-нөөс 2023.09.2 хүртэл нийтдээ 272.2 тэрбум төгрөгөөс 134.6 тэрбум төгрөгийг “Тэнүүн-Огоо” компанид олгосон байна. Улсын төсвөөс санхүүжсэн 134.6 тэрбум төгрөгөөс “Тэнүүн-Огоо” компани гадаадын автобус нийлүүлэгч компаниудад 111 тэрбумыг шилжүүлсэн байдаг. “Nanjin golden dragon” компани руу 10.3 тэрбум төгрөгийг “Эм Эс И Партнерс” ХХК-иар дамжуулан шилжүүлжээ. “Эм Эс И Партнерс” ХХК нь “Тэнүүн-Огоо” компанитай харилцан хамааралтай, нэгдсэн сонирхолтой этгээд болохыг нотлох баримтаар тогтоожээ.