“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой, А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг дэнслээд гаргасан шийдвэрээ шүүх бүрэлдэхүүн өнөөдөр танилцууллаа. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт буюу 4-р сарын 2-ны өдөр дууссан юм. Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн 22.1.1, 17.3.2.2, 22.12.1, 22.12 дэх зүйл заалтаар АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн юм.
Нийслэлийн Прокурорын газрын прокурор “Шүүгдэгч А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг болон 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг, Чойжилсүрэн мөн адил энэ зүйл ангийн 22.1.1 хэсэг, Жавхлантбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг, шүүгдэгч С.Баярсүх, Бямбасүрэн, Мөнхболд, Баярмаа, Б.Дөлгөөн, О.Хонгорзул О.Сүхбаатар, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, Д.Цогбадрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хандсан хандлага, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчим, хууль ёсны зарчимд нийцүүлэн улсын яллагч нараас дараах ялын санал гаргаж байна. Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, 3 жил хорих ял оноох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8.1 хэсэгт зааснаар журамлан, нийт эдлэх ялыг нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасан, 7 жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна” гэж танилцууллаа.
- Шүүх “Тэнүүн-Огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуяг, “Эм Эс И Партнерс” ХХК-ийн захирал Ц.Болортуяа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин бусад зүйл заалтад заасан гэмт хэрэгт буруутай гэж прокурор үзлээ.
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн нийтийн албанд ажиллах эрхийг 4 жил хасаж, нийт 7 жил хорих ял оноох санал гаргав. Түүнийг АТГ шалгаж байхдаа 2023.10.01-нээс 2024.07.05 хүртэл нийт 278 хоног цагдан хорьсон юм. Энэ хоногийг түүнд оноосон хорих ялын хугацаанаас хасахаар төлөвлөжээ.
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, 2.6 жил хорих ял оноохоор төлөвлөжээ. Түүнийг 12 хоног цагдан хорьжээ. Энэ хоногийг түүнд оноосон ялаас хасах юм байна.
- Автобус худалдан авах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга А.Чойжилсүрэнгийн нийтийн албанд ажиллах эрхийг 4 жил хасаж, 2 жил хорих ял оногдуулах,
- Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасан, 3 хорих ял оноох,
- НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасан, 2 жил зорчих эрхийг хязгаарлах санал гаргав. Ш.Баярсүхийг шалгахдаа 2 хоног цагдан хорьсон байна. Хоригдсон хугацааг түүнд оноосон ялаас хасахыг шүүхэд санал болгов.
- НТГ-ын Техник технологийн хэлтсийн дарга Б.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасан, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,
- Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзулын нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, 2 жил зорчих эрхийг нь хязгаарлах,
- НТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Баярмаад нийтийн албанд ажиллах 3 жил хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах,
- НТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөний нийтийн албанд 3 жил ажиллах эрхийг хасаж, зорчих эрхийг нь 2 жил хязгаарлах,
- Нийтийн тээврийн улсын байцаагч О.Сүхбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, зорчих эрхийг нь 2 жил хязгаарлах,
- Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатарт нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, зорчих эрхийг нь 2 жил хязгаарлах,
- ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга О.Лувсандагвад нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, зорчих эрхийг нь 2 жил хязгаарлах,
- НТГ-ын Техникийн технологийн хэлтсийн нийтийн тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженер Д.Цогтбадрахын нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах,
- Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны менежер С.Бямбасүрэнгийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, зорчих эрхийг нь 2 жил хязгаарлах,
- Шүүгдэгч Б.Түмэнжаргалын нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрхийг нь хязгаарлахаар төлөвлөжээ. Түүнийг 2023.10.01-нээс 2023.10.16 хүртэл 15 хоног цагдан хорьжээ. Энэ хугацааг түүнд оноосон ялаас хасах аж.
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, нийслэлийн ЗДТГ-ын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НХААГ-ын дарга Г.Энхтайван, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, НТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Алтаншагай, “Эм Эс И Партнерс” ХХК-ийн захирал Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн, “Эктэ” компанийн ерөнхийлөгч Ким Кэа Буам, Лий Жунг Сууб нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь.
Ж.Эрдэнэбатын “I Phone 12” загварын гар утсыг буцааж өгнө. АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 14/66 дугаартай зөвшөөрлөөр 9 үл хөдлөх хөрөнгийн, 14/67 дугаартай зөвшөөрлөөр 7 үл хөдлөх хөрөнгө, 15/19 дугаартай зөвшөөрлөөр А.Ганхуягийн 15 төрлийн үл хөдлөх хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Үүнээс 3 үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийг шүүх цуцалсан юм. 4 тээврийн хэрэгслээс 0943, 0250 дугаартай машины битүүмжлэлийг цуцалж, үлдсэн 2 машины битүүмжилсэн хэвээр байгаа аж.
Энэ хэргийг мөрдөн шалгахад гарсан нийт 28.7 сая төгрөгийн зардлыг гэм буруутай шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар улсын яллагч төлөвлөжээ.