Эхлээд “Хүнсний хувьсгал”-даа ялъя


Экспортын чиг баримжаатай үйлдвэр хөгжүүлнэ гээд байх боллоо, манай улстөрчид. 100 сая ам.долларын бараа худалдаад, 2 тэрбум ам.долларын бараа авдгаа мартаж болохгүй. Жорлонгийн цаас, нохойн хоол, муур шээлгэх элсээ хүртэл гадаадаас авдаг бид ганц ч болов бараа гадаад руу гаргадаг болж байвал сайн л даа. Гэхдээ тэр бол дараагийн зорилт. Эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангамаар байх юм. Дэлгүүрийнхээ лангууг гадаад бараагаар дүүргэчхээд, дотооддоо үйлдвэрлээгүй байгаа бараагаа гадагшаа гаргах тухай яриад байж болохгүй. Т.Доржханд шиг гадаад руу цахилгаан гаргах тухай лааны гэрэлд ярьж яагаад ч болохгүй л дээ.   

Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар манай улс 375 барааг харилцан гаалийн татвараас чөлөөлөх тухай мэдээлж байгаа ч бодит байдал дээр манай улс ердөө 38 барааг тус холбоонд нийлүүлэх боломжтойг, тус холбоо манайд 227 бараа худалдахыг МУИС-ийн Бизнесийн сургууль судалгаагаар тогтоожээ. Монголын хүнсчдийн холбооны захиалгаар хийсэн эл судалгаанаас харвал ЕЭЗХ-той гэрээ байгуулснаар манай улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 4.3%, аж үйлдвэрлэл 18%-иар буурч, гадаад худалдааны алдагдал 120 сая ам.доллароор өсөх нь.

Юу ч үйлдвэрлэдэггүйгээ ковидоос үүдэлтэй цар тахлын үеэр монголчууд мэдсэн. Ямар арчаагүй улсын удирдагч гэдгээ эрх баригчид харин бүрэн ухаарсангүй. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” гээд элдэв хөдөлгөөн өрнүүлэхэд нь овоо доо гэж бодож байлаа. Гадаадад гаргаж гийгүүлдэггүй юм гэхэд өөрсдийнхөө хэрэгцээг хангах нь гэж баярласан юм сан. “Шинэ хоршоо” одоогоор гийгүүлсэн юм алга. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэх барааг ЕЭЗХ-нд нийлүүлэх боломжтой ч баталгаа бас алга. Дотооддоо үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахаар “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн өрнүүлж байгаа. Үүнийгээ л ЕЭЗХ-гоор багалзуурдуулах вий гэдэгт үйлдвэрлэгчид санаа зовж байна.

                   Өндөг эргээд тансаг хүнс болох вий

Манай улс хэрэгцээт өндөгнийхөө 52%-ийг өөрсдөө хангаж байна. 2027 он гэхэд 80%-иа хангахаар зорьж байгаа. ОХУ-аас өндөг оруулж ирэхэд 15%-ийн татвар гааль дээр авдаг. Тээвэрлэлт, гаалийн татвар нэмэгдээд, үнэ нь монгол өндөгтэй ижил 570-650 төгрөг болдог.

Тэгэхээр ЕЭЗХ-ноос өндөг татваргүй оруулж ирвэл орос өндөгний үнэ 85-100 төгрөгөөр хямдарч, 485-550 төгрөг болно. Гэтэл манай улс тахианы аж ахуйг дэмжин, тоног төхөөрөмжийг нь гаалийн албан татвараас чөлөөлөх, татвар төлөх хугацааг нь хойшлуулах зэргээр дэмжиж байгаа юм. 10 жилийн өмнө иргэдээр тогтохгүй Н.Алтанхуягийн хувьд өндөг тансаг хэрэглээ байлаа. Харин одоо айл бүрийн хөргөгчинд байдаг, жирийн хэрэглээ болсон. Энэ бол дотоодын үйлдвэрүүдийн ач.

Хэрвээ хямд орос өндөг зах зээлийг эзэлвэл  монгол өндөгний үйлдвэрүүд үүдээ барьж, хэдэн жилийн дараа эргээд өндөг тансаг хүнс болох эрсдэлтэй.  

     Шар савтай орос сүү Монголыг дахин эзлэх үү?

Хуурай сүүнд манай улс 5%-ийн гаалийн татвар ногдуулдаг. Дотоодын зарим үйлдвэр гадаадаас хуурай сүү оруулж ирэн, 1 кг хуурай сүүг шингэлэн, 10 л шингэн сүү болгож, савлан зардаг. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс

  • 2020 онд 12.6 сая ам.доллароор 3.8 мянган тн,
  • 2021 онд 14.9 сая долларын үнтэй 4000 тн,
  • 2022 онд 19.4 сая доллар төлж 4.3 мянган тн,
  • 2023 онд 18.8 сая доллароор 5000 тн хуурай сүү оруулж иржээ.

Гадаадаас оруулж ирэх хуурай сүүний хэмжээ нэмэгдсээр байгаа нь дотоодын зах зээлд сүү гүйлгээтэй бараа болохыг нотолно. Энэ нь нэг талаас малчидтай холбоотой. Зарим малчид үнээгээ саахаа больж, сүү, цагаан идээ биш, мах зарах зорилгоор тугалаа тавиад хөхүүлчихдэг болсон. Тугалаа том биетэй болгох гэж байгаа нь тэр. Нөгөө талаас монголчууд эргээд сүү уудаг болж байгаагийнх. Сүү хэрэглэдэг нарийн боовны үйлдвэр олширч байгаа нь ч үүнд нөлөөлжээ.

Монгол Улсад жилд 1 тэрбум литр шингэн сүү хэрэгтэй гэж ХХААХҮЯ тооцжээ. 2021 оны судалгаагаар дотоодоосоо 152.5 сая литр сүү авч, нөөцийнхөө дөнгөж 15.2%-ийг ашигласан байна. Үнээгээ саагаад, сүүгээ заралгүй, өөрсдийнхөө хэрэгцээг хангаж буй малчидтай нийлүүлээд хүн амын хэрэгцээт сүүн бүтээгдэхүүний 59.2%-ийг дотоодоосоо хангажээ. Цаана нь 40.8%-ийг нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах хэрэгцээ байсаар байна.

Тиймээс ч үйлдвэрийн аргаар боловсруулсан 1 литр сүү тутамд Засгийн газар 1000 төгрөгийн урамшуулал олгодог. 2020-2021 онд Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 8 үйлдвэр, 2021-2022 онд Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн 12 үйлдвэр, 2022-2023 онд 7 аймгийн 15 үйлдвэр, 2023-2024 онд 11 аймгийн 24 үйлдвэр, цехэд түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерүүд уг урамшууллыг авчээ. Үүний үр дүн ч гарч, 2020 онд 6.8 сая.литр байсан түүхий сүүний нийлүүлэлт 2024 онд 29.1 сая.литр болж нэмэгдэв. 2024-2025 онд 14 аймгийн 32 үйлдвэр, цех сүүний урамшуулалд хамрагдахаар шалгараад байна. Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, 77 цех, хөргөлтийн төв ажилладаг болж, шингэн сүүгээр хүн амаа бүрэн хангаж байна.

Одоо сүүн бүтээгдэхүүнээр өөрсдийнхөө хэрэгцээг хангах хэрэгтэй. Зайрмаг, иогурт, тараг гэх мэт сүүн бүтээгдэхүүний 51%-ийг дотооддоо үйлдвэрлэж, 49%-ийг гадаадаас авч байгаа юм. Орос зайрмаг, иогуртыг гаалийн татвараас чөлөөлчихвөл манай зах зээлийг бүрэн эзэлж, 51%-ийг маань ч шахна.

Манай улсын үйлдвэрүүд жилд 200 сая литр сүү үйлдвэрлэдэг. Үүнийг 2026 он гэхэд 400 сая болгож, 2 дахин нэмэхээр зорьж байна. Ингэж чадвал хүн амынхаа хэрэгцээт сүүний 40 хувийг хангана. Тиймээс “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үнээний ферм, сүүний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэн, Засгийн газар хөнгөлөлттэй зээл олгож байна.

Ийм үед гадаадын сүү оруулж ирвэл дотоодын үйлдвэрүүдийн ирээдүй эрсдэлд орно. Саяхан даа, шар савтай орос сүү Монголын зах зээлд ноёрхож байлаа. Түүний орон зайг эзлэх гэж дотоодын үйлдвэрлэгчид нэлээд чардайсан. Яаж ийгээд сүүний үйлдвэртэй болсон учир цар тахлын үед монголчууд ядаж сүүтэйгээ байлаа шүү дээ. Гэтэл одоо эргээд байр сууриа алдвал сүүний үйлдвэрүүд дахин хөл дээрээ бостол хаа ч юм.

      Ургац 4 жил дараалан багасав

Улаанбуудай бол бидний тарьж, ургуулж байгаа цөөн ургамлын нэг. Монгол Улс 2024 онд 632.7 мянган га талбайд тариалалт хийсэн нь 1990-1992 оныхтой адил байв. Монголчууд зах зээлд шилжин, тариачид хөл толгойгоо алдчихсан тэр үеийнхтэй адил болж, газар тариалангийн салбар шалдаа буулаа.

 Үүнийг дагаад хураасан үр тарианы хэмжээ 27.2  мянган тонноор буурч, 443.2 мянган тонныг хураав. Сүүлийн 4 жилд улаанбуудай тарьсан талбай, ургац багасаж байна. 2023 онд 41.7 мянган тонн буудай ОХУ-аас авчээ. Хэрэгцээт буудайнхаа 14%-ийг гадаадаас авсан гэсэн үг. Үүний 5000 тн нь үрийнх байв. 36.7 мянган тн буудайг гурилын үйлдвэрүүд авсан гэсэн үг.

Ийм нөхцөлд бид ургацаа анхаарч, “Хүнсний хувьсгал”-даа ялахыг чухалчлах ёстой. Ялах гэж хувьсгал хийдэг болохоос ялагдах гэж хийдэггүй. Ийм үед ЕЭЗХ-той байгуулах чөлөөт худалдааны гэрээнд улаанбуудайг тусгаж, 3 жилийн турш татваргүй буудай оруулж ирж болохгүй. 

           1.9 сая тн тэжээл тарьж, хэрэгцээгээ бүрэн хангана

Бэлчээрийн малд маань тэжээл нэмэгдэл байдлаар хэрэг бодог. Харин махны, сүүний фермүүд, хурдан морьтой уяачид малаа өвөл, зунгүй тэжээх шаардлагатай учир гааль дээр 5%-ийн татвар төлж, 2023 онд 59 мянган тонн тэжээл оруулж иржээ.  Энэ бол хэрэгцээт тэжээлийн 44%. Тэгвэл тариаланчид 78.4 мянган тонн малын тэжээл тарьж, хураан авчээ. Малд хэрэгтэй тэжээлийн 56%.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2026 онд манай улс 1.9 сая тн тэжээл тарьж, хураан дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байна. Чадах эсэхийг одоо хэн ч мэдэхгүй. Чадсан цагтаа бид илүү гарвал гадаадад гаргах тухай ярьж болно. Чадаагүй байж бусдад зарах тухай ярих нь алаагүй баавгайн арьсыг хувааж авахтай адил.

ЕЭЗХ-той хийх чөлөөт худалдааны гэрээ 3 жилийн хугацаатай. 2025-2027 онд хэрэгжинэ. Тэр хооронд бид “Хүнсний хувьсгал” хийнэ. Биднийг хувьсгал хийх гэсээр байтал гадаадын бараа зах зээлийг маань эзэлчих эрсдэлтэй. Эхлээд хувьсгалаа дуусгаж, ялалт байгуулъя! Стратегийн хүнс гадаадаас оруулж ирэхдээ тоо, хэмжээг хянах, хязгаарлах үүргээ ХХААХҮ-ийн сайд ЕЭЗХ-ны хэлэлцээрээс болоод умартахгүй биз ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *