Б.Бадамцэцэг: Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын тогтолцоо бий болно


“Татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлнэ” хэмээн татварынхан ярив. Татварын хууль, тогтоомжийг хүмүүс сайн дураар мөрддөг зөв хэвшилд суралцахад нь туслалцаа үзүүлж ажиллахаар тэд зүтгэж буй аж. Ингэхдээ татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч сүүлийн 3-4 жилийн татварын хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдийг салбарын болон татварын төрлөөр ангилан шинжилгээ хийж, сургалт зохион байгуулдаг байна. Мэдээж зөвлөгөө, зөвлөмж өгөхийн зэрэгцээ  нийгэмд татварын талаарх мэдээллийг түгээхээр контент бэлтгэн цахим сүлжээнд байршуулан ажиллаж байгаа талаараа Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга Б.Бадамцэцэг хэлж байлаа. Түүнээс зарим зүйлийг тодруулснаа уншигч танаа хүргэе.

-Татварын хяналт, шалгалтын үед үүсдэг хүндрэл зэрэг асуудлыг судалсан гэж сонссон. Энэ талаар та юу хэлэх вэ?

 -Татварын хяналт шалгалтын явцад татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчилтэй зохицуулалт, хэрэгжүүлэхэд үүсдэг хүндрэлтэй асуудлуудыг судалсан. Ингээд судалгааны үр дүнгээс дүгнэлт гарган холбогдох хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулан Ажлын хэсэгт хүргүүлсэн байгаа. Тухайлбал, үнэ шилжилтийн зорилгоор татварын хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцох, алданги тооцох, хариуцлагын зүйл заалтууд, татварын гэмт хэрэг, мөнгө угаахтай холбоотойгоор хийгдэж буй хяналт шалгалтуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бэлтгэн хүргүүлсэн.

-Татварын албаны үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлэхээр ажиллаж байгаа гэж байсан. Энэ ажил ямар түвшинд явж байна?

-Энэ ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр TADAT-ийн үнэлгээг ахиулж, цахим татварын тогтолцоог сайжруулахаар ажиллаж байна. Тодруулбал, Япон Улсын Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Их өгөгдөлд суурилсан татварын удирдлагын чадавхыг бэхжүүлэх” төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд  эрсдэлийн загварын үр дүнгээр тайлан засварлуулах, хялбаршуулсан хяналт шалгалтыг бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд хийх, хяналт шалгалтын арга, ажлын урсгалыг сайжруулах чиглэлийг тодорхойлох, татварын хяналт шалгалтыг цахимаар  хийх үйл ажиллагааг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Ингэхдээ бусад нэгжүүдтэй хамтран хөгжүүлэлтийг Татварын удирдлагын нэгдсэн системд хийж байна. Энэ жилдээ багтаан бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Тэгвэл цахим хөгжүүлэлт хийснээр ямар үр дүнд хүрэх вэ?

-Цахим хөгжүүлэлт хийгдсэнээр  эрсдэлийн шинжилгээний загварын үр дүнд үндэслэн татвар төлөгчидтэй харилцах үйл ажиллагаа автоматжихын зэрэгцээ эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын тогтолцоо сайжирна. Ингэснээр татварын ногдол өсөх боломж бүрдэнэ гэж харж байгаа.

-Татварын алба, нэгжийн үйл ажиллагааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх, албан хаагчийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгч болох уу?

-Таны асуусан ажлын хүрээнд татварын хяналт шалгалтын чанарын үйл ажиллагаанд цахимаар хяналт тавьж, шийдвэр баталгаажуулахаас өмнө эрсдэлийн үнэлгээтэй уялдаж байгаа эсэхийг тооцоолох программыг нэвтрүүлж байна. Энэ ажлын хүрээнд татварын хяналт шалгалтын чанар, үр дүнг тооцоолох, хэрэв хангалтгүй хяналт шалгалт хийсэн тохиолдолд хяналт шалгалт хийж буй татварын улсын байцаагчид буцааж дахин нягтлах талаар сануулга өгөх программчлалыг хөгжүүлж байна. Энэ нь ямар нэгэн албан хаагчийн оролцоогүйгээр хийгдэх гүйцэтгэлийн ажил. Мөн хангалтгүй бодит бус хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчид хариуцлага тооцох, ур чадварыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана.

Мөн татварын албанд хэрэгжүүлж буй ЭЗХАХБ-ын Хил хязгааргүй байцаагч хөтөлбөр, Засгийн газар хоорондын форумаас хэрэгжүүлж буй Deep Dive хөтөлбөрийн хүрээнд үнэ шилжилтийн эрсдэл тодорхойлох, хяналт шалгалт хийх арга зүйд суралцаж байна.

-Үнэ шилжилтийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд дээрх байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нэлээд нарийвчилсан хяналт шалгалт хийх юм байна гэж ойлгосон, зөв үү?

-Монгол Улс 2017 онд Татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн талаарх ЭЗХАХБ/Их 20-ын санаачилгад нэгдэн орсон. 2018 онд хууль эрх зүйн зохицуулалтаа шинэчлэх, татварын нарийн төвөгтэй төлөвлөлт, болон схемтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, татварын зорилгоор мэдээлэл солилцож (EOI), ил тод байдлыг хангах олон улсын стандартыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж Глобал форум-д элсэн орсон.

Монгол Улсын Их Хурлаар батлагдсан 2019 оны Татварын багц хуулийн шинэчлэлд нэлээдгүй шинэчлэл өөрчлөлтүүдийг тусгасны нэг нь олон улсын татварын хууль эрх зүйн асуудал. Энэ хүрээнд татварын хяналт  шалгалтын чиг үүрэг бүхий татварын байцаагчдад ЭЗХАХБ-аас үнэ шилжилтийн цахим сургалтыг байнга зохион байгуулж байна. Энэ сургалтад тогтмол хамрагдсанаар үнэ шилжилтийн тухай ойлголт, олон улсын татварын харилцаа, нарийн төвөгтэй хяналт шалгалтыг хийх арга барил эзэмших бүрэн  боломжтой юм.

Харин нарийн төвөгтэй хяналт шалгалтад ажил гүйлгээний мөн чанар, эдийн засгийн агуулга, хэрэгцээ шаардлага зэргээс хамааран зээлийн хүү, менежментийн төлбөр, бараа үйлчилгээний үнийг шалгадаг. Мөн хяналт шалгалтын явцад зөвхөн үнэ шилжилтийн асуудлаар зогсохгүй татвараас зайлсхийх, татварын схем ашигласан эсэх, татвараас зугтаах гэмт хэргийн шинж чанартай эрсдэлийг ч тодорхойлох шаардлага тулгарч байна.

Иймээс энэ онд татварын албаны хэмжээнд нарийн төвөгтэй хяналт шалгалтын үйл ажиллагаа хийх арга барилд албан хаагчдыг сургах шаардлага үүсэж байгаа. Түүнчлэн чадахуйн зарчимд суурилсан хүний нөөцийг бүрдүүлэх, чадвар бүхий байцаагчдыг хяналт шалгалтын нэгжид ажиллуулахаар төлөвлөсөн. Мөн дотоод гадаад хамтын ажиллагааг сайжруулах, татвар төлөгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжин туслах, сургалт, зөвлөгөө, арга зүйгээр хангах үйл ажиллагааг явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Б.Болор


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *