Доминикан улсын шөнийн клубт дээвэр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 184 болж нэмэгджээ


Даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Бүгд Найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотын Jet Set шөнийн клубын дээвэр нурсны улмаас олон зуун хүн дарагдаж, амиа алдсан харамсалтай хэрэг явдал болсон.

Анхандаа нурангид дарагдаж 98 хүн амь үрэгдсэн талаар холбогдох албадын зүгээс мэдээлж байсан бол эрж хайх аврах ажиллагааны явцад мягмар гарагийн үдээс хойш нэг ч амьд хүн олдоогүй буюу лхагва гарагийн үдшийн байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 184 болж нэмэгдсэн талаар тус улсын эрх баригчдын зүгээс мэдээлэл хийсэн байна.

Аврах албаны дарга Хуан Мануэль Мендезийн мэдээлснээр 4-р сарын 8-ны өдрийн 15:00 цагаас хойш нэг ч амьд хүнийг нурангин доороос гарган авч чадаагүй гэжээ.

Доминикан улсын ерөнхийлөгч Луис Абинадер хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үүднээс мягмар гарагаас эхлэн 3 хоногийн хугацаанд үндэсний хэмжээний гашуудал зарласан байна.

Онцгой байдлын албаны зүгээс амиа алдсан, сураггүй болсон, бэртэж гэмтсэн хүмүүсийн талаар гэр бүл, төрөл төрөгсдөд нь мэдээлэл өгөх зорилгоор тусгай дугаар бүхий утсыг ажиллуулж эхэлсэн байна.

Түүнчлэн шөнийн клубын дээвэр нурсан шалтгааныг олж тогтоох мөрдөн шалгах ажил үргэлжилсээр байгаа талаар эрх баригчдын зүгээс мэдээлжээ.

Jet Set клубын дээвэр нурсан хэрэг явдал орон нутгийн цагаар мягмар гарагийн 01:00 цагийн орчимд алдартай дуучин Рубби Перезын тоглолтын үеэр болсон бөгөөд тухайн үед гэнэт цахилгаан тасарсны дараагаар дээвэр нурсан тухай орон нутгийн хэвлэлүүд бичиж байна.

Нурсан дээвэрт дарагдаж амиа алсан хүмүүсийн дунд тус улсын Монте Кристи мужийн захирагч Нельси Круз, мөн орон нутгийн захирагч, бейсболын од тамирчин Октавио Дотел нар багтсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *