ЕХ хиймэл оюуны технологийн шинэчлэгдсэн журмаа танилцууллаа


Европын Комиссын зүгээс лхагва гарагт Хиймэл оюуны технологийн журмын төлөвлөгөө хэмээх баримт бичгээ олон нийтэд танилцууллаа. Уг баримт бичигт хиймэл оюуны технологийн хэрэглээний журам, хязгаарлалтууд болон мөн ЕХ-ны олон улсад өрсөлдөхүйц хиймэл оюуны технологийн дэд бүтцийн хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөө зэргийг багтаажээ.

Хиймэл оюуны технологийн журмын төлөвлөгөөний баримт бичгийн танилцуулгыг Европын Комиссын технологийн тусгаар, аюулгүй байдлын хэлтсийн дэд ерөнхийлөгч Хенна Вирккунен хийсэн байна. Тэрээр уг баримт бичиг нь ЕХ-ны хиймэл оюуны технологийн тухай хуулийн хэрэгжилтийг хялбаршуулж, технологийн хөгжүүлэлт болон хэрэглээнд гацаа саад болдог зарим хязгаарлалтуудыг зөөлрүүлэн багасгаж, инновацийг дэмжих орчинг бий болгоход чиглэгдсэн гэдгийг онцоллоо.

ЕХ-ны хувьд хиймэл оюун ухааны технологид нэлээд хязгаарлалт тавьдгаараа алдартай ч олон улс болон технологийн томоохон компаниудын хурц шүүмжлэлд өртсөний дараа ийнхүү бодлогын өөрчлөлт шинэчлэл хийж, журмаа зөөлрүүлж буйгаа танилцуулаад байна.  

Төлөвлөгөөнд тодотгосны дагуу ЕХ цаашдаа хиймэл оюуны дата мэдээлэл болон тооцооллын дэд бүтцээ өргөн хүрээнд хөгжүүлэхийг урьтал болгох бөгөөд үүнд өндөр чанартай дата мэдээлэлд нэвтрэх боломжийг сайжруулах, алгоритмын хөгжүүлэлтийг сайжруулах, стратегийн салбаруудад хиймэл оюуны технологийг нэвтрүүлэхийг дэмжих, хиймэл оюун ухаантай холбоотой ур чадварын боловсрол, сургалтыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Европын Комиссын мэдээлснээр, Европын хэмжээнд хиймэл оюуны технологи хөгжүүлэлтийн 13 бичил үйлдвэрийг хэдийнээ байгуулаад байгаа бөгөөд ЕХ-ны зүгээс хиймэл оюуны технологи хөгжүүлэлтийн Гига-үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Тэдгээр томоохон үйлдвэрүүд нь өнөөгийн үйлдвэрүүдээс хүчин чадлын хувьд 4 дахин илүү буюу ойролцоогоор 100,000 ширхэг хиймэл оюуны чипээр тоноглогдоно гэдгийг мэдээлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *