Мишель Обама улс төрийн арга хэмжээнүүдэд оролцоогүй шалтгаан болон гэр бүл цуцлуулах тухай цуурхалд хариу өглөө


АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама сүүлийн үед улс төрийн арга хэмжээнүүдэд ирж оролцоогүй шалтгаан болон гэр бүлийн асуудалтай болж, Барак Обамагаас салж сарних дээрээ тулсан тухай цуурхалд хариу өгсөн байна.

Мишель Обама энэ долоо хоногийн мягмар гарагт цацагдсан, Холливудын жүжигчин Софиа Бушын хөтөлдөг “Work in Progress” подкастад оролцохдоо дээрх сэдвийн асуултуудад хариулжээ.

Тэрээр амьдралынхаа 8 жилийг АНУ-ын тэргүүн хатагтайн хувиар Цагаан ордонд өнгөрүүлснээ дурьдаад, одоо л түүнд өөрийнхөө амьдралыг өөрөө хянаж, өөрийн цагийн хуваарийн дагуу хүссэнээрээ өнгөрүүлэх боломж бололцоо олдож байгааг онцолсон байна.

Мишель Обама оны эхээр болсон Д.Трампын тангараг өргөх ёслол болон мөн АНУ-ын ерөнхийлөгч агсан Жимми Картерын оршуулгын ёслолд эр нөхрийн хамт хүрэлцэн очиж оролцоогүй нь Барак Обамагаас салах гэж байгаа тухай цуурхал тарахад хүргэсэн юм.

Тэгвэл тэрээр ярилцлагын үеэр “албан ёсны баригдмал байдал үгүй болсон тул заавал хийх ёстой зүйлс, аль эсвэл хүмүүсийн хүслийн дагуу биш зөвхөн өөрийнхөө хийхийг хүсэж буй зүйлийг л сонгон хийж байгаа” гэжээ. Мөн тэрээр “эмэгтэйчүүд бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлчихвий гэсэндээ өөрсдийн хүслийг дагаж, хүссэн зүйлээ хийж чаддаггүй, яг тийм байдлаас болж миний өөрийн хүслээр амьдрах болсон явдал олон нийтэд эр нөхрөөсөө салах гэж байна гэсэн буруу ойлголтыг төрүүлсэн байна” хэмээн хариулжээ.

Барак, Мишель нар хамтдаа 32 жил амьдарч байгаа бөгөөд салах тухай цуурхалд хариу болгож Барак Обама өнгөрсөн 1-р сард тохиосон эхнэрийнхээ төрсөн өдрөөр инстаграмд зураг оруулж, хайраа илэрхийлсэн үгсийг бичиж, Мишель ч мөн “Хайртай шүү, хонгор минь” хэмээн хариу бичиж байсан юм.

Өнгөрсөн 2-р сарын 14-ний өдөр ч мөн Барак Обама эхнэртээ Валентины баярын мэнд хүргэж, 32 жилийн турш хайрлаж байгаагаа илэрхийлсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *