“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт /2025.04.02/ дууссан. Тэгвэл өчигдөр ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулж гэм буруутай этгээдүүдийг яллаж, буруугүй хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Тодруулбал, “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноож, гурван жил нийтийн албанд ажиллах эрхийг хасав. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, залилах гэмт хэрэг хийсэн үндэслэлээр буруутгав.
Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, 3 жилийн хорих ял оноожээ. Харин бусад 13 этгээдэд хорихоос бусад нийтийн албанд ажиллах эрх, зорчих эрхийг хасаж шийдвэрлэжээ.
Тухайлбал Автобус худалдан авах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга А.Чойжилсүрэнд улсын яллагчаас хоёр жилийн хорих ял төлөвлөсөн байв. Гэвч шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан үзэж нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, 2.6 жил зорчих эрхийг хасах ял оногдуулжээ. Түүний хувьд шинэ ажилд ороод нэг сарын дараа уг ажлын хэсэгт багтжээ.
Сайд асан Ж.Сүхбаатарыг “Ногоон автобус”-ны гэх хэрэгт гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван нар нэр холбогдсон. Гэхдээ тэднийг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэв.
Тэгвэл шүүх хуралд оролцсон шүүгдэгч, өмгөөлөгч нар юу ярьсныг хүргэж байна.

Шүүгдэгч А.Ганхуяг: Нэг сар гаран шүүх хурал болж дууслаа. Иргэд энэ хэргийн талаар бүрэн ойлголттой болсон байх. Би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа ч хэлсэн. Нэг л юманд гомдолтой байна. Монгол хүний хийсэн бүтээсэн ажил юу ч биш болоод, БНСУ руу мөнгө нь тэр чигээрээ шилжсэн байхад энэ хүмүүст доромжлуулж суусандаа, монгол хүн мөн үү, биш үү гэдэгтээ эргэлзэж гомдож байна. Харамсалтай нь өнөөдөр прокурорын саналаар ял авбал БНСУ-ын иргэдээс би мөнгөө авч чадахгүй юм байна. Би яг ямар дайсан болчхоод ингэтлээ прокуроруудын үзэн ядалтад ороод байгаагаа гайхаж байна. Яг юу идэж уучхаад дахин дахин яллуулах хэрэгт ороод байгаа юм бол доо. Шүүхэд хандаж хэлэхэд, улсыг 100 хувь хохиролгүй болгосныг прокурорууд үнэлэхгүй байх шиг байна. Надтай холбогдсон олон төрийн алба хаагч нар байсан учраас би шударга ёсыг барьсан. Энэ шударга ёс дээр прокурорууд маань шударга хандах болов уу гэж бодсон чинь их л хэцүү байгаад байгаа юм байна. Би бол төрийн гэмт хэрэгтэн, дайсан л яваад байгаа юм байна. Ийм учраас намайг яллаж байгаа санал дээр сайтар тунгааж, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваач ээ.

Шүүгдэгч С.Жавхлантбаатар: Миний хувьд нийтийн тээврийн салбарыг хариуцаж байсан. Тухайн үедээ итгэл үнэмшлийнхээ дагуу ажлаа гүйцэтгэсэн. Ямар автобус БНСУ-аас орж ирэх талаар газар дээр нь очиж үзэж байсан. Гэвч доголдолтой автобус ирж, зарим хүмүүс нь цагаадаж, зарим нь гэм буруутайд тооцогдож байна. Энд хээл хахууль авсан зүйл байсангүй. Удирдлагын зүгээс тухайн цаг хугацаанд хийж байгаа ажлуудад тогтмол хяналт тавьж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Ж.Сүхбаатар: Би цагаадсан ч ярилцлага өгөхгүй. Олон хүний эрх зүйн байдал дордчихсон байхад би яриад зогсож байх нь хүн чанаргүй явдал.

Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга асан А.Чойжилсүрэн: Дөнгөж ажилд ороод нэг сар ч болоогүй хугацаандаа ямар үйлийн үрээр энэ ажлын хэсэгт орчхов гэж харамсаж байна. Яг одоо эхнэр, хүүхдүүддээ санаа зовж байна. Миний хувьд бага насны хоёр охинтой, өрнөөс өрний хооронд амьдардаг эгэл жирийн гэр бүл. Прокуророос 2 жил хорих ял гэсэн санал гаргаж байгаад гайхаж байна. Харамсаж байна. Эрхэм шүүгч нартаа хандаж хэлэхэд боломжтой бол хорих ялаас өөр ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна.

А.Ганхуягийн өмгөөлөгч: Бас нэг онцгой нөхцөл нь хүчингүй болсон хуулиудаар гэм буруутайд тооцож байгаа шүү, та бүхэн. Энэ бол онцгой нөхцөл гэж зайлшгүй дурдах нь зүйтэй байх. Нэгэнт Монгол Улсынхаа иргэнийг хүчингүй болсон хуулиар гэм буруутайд тооцож байгаа бол эрүүгийн хариуцлага дээрээ харж үзээч ээ. Өнөөдөр гадаад улсын иргэн цагаадаад ямар ч гэм буруугүй боллоо. Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцоод, бүх хөрөнгөө хураалгаад хэнээс юугаа авах юм. Муу л бол хар овоохой гэдэг шиг долоон жилийн хорих ял авна гэдэг аймшигтай. Өнөөдөр бүх хохирлоо барагдуулчхаад, хорих ял авч байгаа бол дараа дараагийн хэрэгт холбогдож байгаа хүмүүс хохирлоо барагдуулахыг хүсэхгүй. Барагдуулсан ч хоригдох юм чинь ялаа эдлээд гаръя гэдэг ойлголттой болно. Яагаад гэвэл эрүүгийн хариуцлагын зорилго чинь бусдад хариуцлага хүлээлгэхдээ хохирлоо төлсөн бол таныг харж үзнэ гэдэг хууль тогтоогчийн үзэл баримтлалыг шүүх шийдвэр гаргахдаа харж үзэх байх гэж бодож байна. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах, хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгөөч ээ гэж хүсэж байна. Энэ хүнийг хорих ямар ч шаардлагагүй гэж үзэж байна.
“Ногоон автобусны хэрэг” гарын үсэг зурсан ч буруутан болдог гэдгийг олон нийтэд харуулав

Б.Мөнхболдын өмгөөлөгч: “Өнөөдрийн шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй явлаа. Ялангуяа төрийн албан хаагч буюу дунд шатлалын албан хаагчид юунаас, ямар зүйлээс болж алдаа гаргаж, шүүгдэгчийн ширээнд сууж болдгийг харуулсан хуралдаан боллоо гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож байна. Олон төрийн албан хаагч гарын үсэг зурсны төлөө хариуцлага хүлээдэг, шүүгдэгчийн ширээн дээр суудаг гэдгийг олж харсан байх гэж бодож байна” хэмээв.
“Тэнүүн-Огоо” ХХК 87 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлжээ.
Хэргийг эргэн сануулбал: Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн. “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв. Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зүгээс 87 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлжээ.
Ийнхүү “Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон 24 хүний 9-ийг нь цагаатгаж, 15 хүнийг шүүх гэм буруутайд тооцлоо. Гэм буруутай этгээдүүдийн хоёр нь нээлттэй хорих ангид 3-6 хүртэлх жилийн ял эдлэхээр болов.