УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв.
—————————————————————————
Энэ талаар ЕТГ-ын дарга Г.Занданшатар:
-Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа УИХ-д хүргүүлж байна. Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн.
Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй. Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа. Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын тусгай шаардлага болох хуульч мэргэжлээр 10аас доошгүй жил ажилласан, гучин таваас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Прокурорын байгууллагын хариуцлага нэн өндөр болж байгаа. Өнгөрсөн парламентын сүүлийн хагаст авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийн шүүх хурал нээлттэй, ил тод байх хуулийг баталсан. Энэ хүрээнд Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар манлайлж, шүүх хуралдааныг цахимаар шууд дамжуулдаг болсон нь том үр дүн. Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хариуцлагажуулах, дотоод ардчиллыг дээшлүүлэх, бэхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хамтарч ажиллахад ямар байр суурьтай байгаа вэ.
ЕТГ-ын дарга Г.Занданшатар:
-2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн шинэчлэлтэй холбоотой тодорхой хуулиуд баталсан. Энэ хүрээнд шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн болсон прокурорын шинэчлэлийн асуудалд ЕТГ УИХ болон бусад байгууллагыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Улсын хэмжээнд жилдээ нийт хэчнээн гомдол, маргааны санал ирдгийн хэд нь хэрэг бүртгэлт болж, цаашлаад үүнээс хэчнээн хүн яллагдагчаар татагдаж, шүүхээс гэм буруутайд тооцогддог талаар тодорхой хэлж өгөхгүй юу.
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:
-Сүүлийн таван жилийн хугацаагаар авч үзэхэд гэмт хэргийн нөхцөл байдал өссөн. Тодруулбал, 2019 онд нэг сая орчим зөрчил гарсан бол өнөөдөр 3.3 сая болсон байна. 2024 онд 126 мянган гэмт хэргийн шинжтэй гомдол ирсэн. Үүнээс 74 мянга нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 28 мянга нь мөрдөн байцаалтын хэрэг байв. Нийтдээ 16 мянга орчим хэрэг шүүхэд шилжиж, үүнээс 15 мянган хэрэг шийдэгдсэн, үлдсэн нь хүлээгдэж байна. Прокурор нотлох баримт цуглуулах яллах чиглэлийн хүн биш. 2024 онд 103 хүн цагаадсан нь прокурорын үйл ажиллагаатай холбоотой асуудал биш. Үүнийг нөгөө талаас нь харвал прокурор нь хүнийг цагаатгах нотлох баримт, гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулж шүүхэд шилжүүлдэг.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ х угацаанд хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад тууштай ажиллаж, шинэчлэлийг хийх эр зоригтой байх ёстой. Энэ чиглэлд хамтарч ажиллах уу.
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:
-Монгол Улсын Их Хурлаас баталсан бүх хуулийг прокурорын байгууллага хэрэгжүүлж ажилладаг. Цаашдаа хуулийг хэрэгжүүлэхийн төлөө итгэл төгс ажиллана.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Мэргэжлээрээ олон жил ажилласан ийм хүнийг Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллуулах нь зөв. Улс төрөөс ангид ажиллаж чаддаг нь өнгөрсөн хугацаанд харагдсан тул уг томилгоог дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Хуулийн байгууллагад мэргэжлийн чадварлаг сайн хүнийг томилохоос гадна шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн Прокурорын тухай хуулийн 60.3-т тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 гэсэн байхад Төрийн албаны тухай хуульд энэ насыг хуулийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж тусгасан. Хуулийн ийм зөрчлийг арилгахгүй бол УИХ хоёр өөр шийдвэр гаргана. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2025 оны 02 дугаар дүгнэлтээрээ шүүгчийн тэтгэврийн настай холбоотой маргааныг шийдвэрлэсэн. Хэрэв УИХ-аас 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагын удирдлагаар томилохоор бол хуулийн зөрчлийг арилгах нь чухал.
Ингээд Улсын Ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.5 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Э.Мөнхтүвшин