Монголын эмэгтэй шигшээ баг “М Банк-Арена”-д түүхэн тоглолт хийнэ


Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг “А” болон “В” дивизонд хуваан, зохион байгуулдаг. Тэгвэл “В” дивизоны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долоодугаар сард болох гэж байна. Үүнээс өмнө Зүүн бүсийн урьдчилсан шатны хариуцлагатай тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл дэх “М Банк-Арена”-д болно.

Уг тэмцээнд Монгол, Тайвань, Хонконгийн эмэгтэйчүүдийн баг хоорондоо өрсөлдөж, ялсан нэг баг нь “B” дивизоны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Монголын эмэгтэй тамирчдын шигшээ баг талбай дээрээ Тайвань, Хонконгийн багийг хожиж чадвал шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно. Монгол Улс Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тоглолтыг нутагтаа анх удаа зохион байгуулж байгаа нь түүхэн мөч юм. Нөгөө талаар Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг илтгэнэ.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Ижилболд:

-Энэ бол маш тодорхой. Монголд анх удаа эмэгтэйчүүдийн олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдоод, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг маань нутагтаа тоглоно гэдэг бол бид бүхэнд маш ач холбогдолтой. Манай эмэгтэйчүүдийн шигшээ баг 2023 онд Азийн аваргын “В” зэрэглэлийн тэмцээнд орж байсан. “В” зэрэглэлд түрүүлсэн баг “А” зэрэглэл рүү ордог. 

“А” дивизонд БНХАУ, Япон, Солонгос, Австрали зэрэг Азийн томчууд ордог. Энэ удаа Азийн “В” зэрэглэлийн аваргад орох нэг эрхийн төлөө манай гурван баг тоглох гэж байна. Зорилгодоо хүрээд амжилттай байх юм бол бид долоодугаар сард Азийн “В” зэрэглэлийн аваргад явна.

-Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багт боломж хэр байгаа гэж бодож байна?

-Мэдээж боломж байгаа. Бид үнэхээр “А” зэрэглэл рүү орохыг хүсэж байвал Тайваниас тойрч гарахгүй. Тайванийн багийг хожиж байж дээшээ гарна. Тийм  учраас Тайваньтай хэзээ уулзах вэ. Хэзээ уулзах нь бидэнд ашигтай вэ гэж бодох юм бол бид одоо уулзсан нь ашигтай. Тайванийн баг саяхан шинэ дасгалжуулагчтай болсон. Лиг нь дуусаагүй байгаа болохоор бэлтгэл нэг их удаан хийгээгүй. Ийм үед, ийм нөхцөл таарч байгаа нь бидэнд илүү дээр гэсэн үүднээс үүнийг боломж гэж харж байгаа.

Шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг:

-Тайвань, Хонконгийн багийг хоёуланг нь хожно. Хожигдохгүй, хожихын төлөө бүх зүйлээ дайчилна. 2 жилийн өмнө “В” дивизоны тэмцээнд бид орж байсан. Энэ жилээс урьдчилсан шат гэж зохиогдож байгаа юм байна лээ. Хамгийн том зорилго маань Азийн аваргын тэмцээнд орох. Эхний хоёр даваагаа давчихвал зорилгодоо хүрэх байх. Миний хувьд голцуу тайван байхыг хичээж, аль болох багтаа туслахыг хүсэж байна.

3х3 дээр Хонконгийн багтай тоглосон. 3х3-ын тамирчид нь их сайжирсан байсан. Тэгэхээр Хонконгийн баг илүү хүчтэй орж ирэх болов уу.

Шигшээ багийн тамирчин Н.Нандинхүсэл:

-Миний хувьд эмэгтэй шигшээ баг маань Азийн аваргын “А” дивизон руу дэвших 100 хувийн боломжтой. 2023 оны Азийн аваргын тэмцээнд ороод бид ямар хэмжээнд байгаа гэдгээ мэдсэн. Энэ удаа нутаг дээрээ тоглож байгаа болохоор бидний хувьд хамгийн том боломж гэж харж байгаа. Өмнө нь энэ бүрэлдэхүүнээр тоглож байгаагүй. Гэхдээ зарим эгч нар маань тоглож байсан. Бэлтгэлийн хувьд 3 долоо хоног орчим бэлтгэл хийж байна.

-Монголын сагсан бөмбөг сонирхогчдод хандаж үг хэлээч?

-Мэдээж энэ талбайг дүүргэхийг хүсэж байна. Хагас, бүтэн сайн гээд хоёрхон өдөр эмэгтэйчүүдийн шигшээ баг маань нэг нэг тоглолт хийнэ. Эдгээр өдөрт үзэгчид маань ордныг дүүргээд, хүн болгон шигшээ багаа дэмжиж, Азийн аваргын тоглолтыг ирж үзээсэй гэж хүсэж байна.

Шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Алтанзаяа:

-Урьдчилсан шат учраас бид цаашаагаа илүү олон тэмцээнд оролцох, дахиад Азийн аваргыг хүлээхгүйн тулд бид энэ эрхийг авах нь маш чухал. Хэрвээ бид урьдчилсан шатнаас эрхээ авчих юм бол 7-р сард БНХАУ-д болох “B” дивизоны эрхээ авна. “B” дивизондоо түрүүлчихвэл “А” дивизонд орох боломжтой болно. Цаашдын том тэмцээнүүдийн хамгийн эхний алхам нь болохоор бид маш өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа.

-Тайванийн шигшээ багтай анх удаа тоглох гэж байна уу?

-Тийм. Яагаад анх удаа тоглох гэж байна гэхээр Тайванийн шигшээ баг Азийн топ 4 багт ордог. 2023 оны “А” дивизонд хожигдоод, “B” дивизон руу орж ирж байгаа болохоор анх удаа тоглох гэж байна. Энэ удаагийн хамгийн хүчтэй багуудын нэг нь Тайванийнх.

Багийн үндсэн бүрэлдэхүүнд:

  1. М.Булбул /Омни хүлгүүд/
  2. Н.Нандинхүсэл /Улаанбаатар амазонс/
  3. О.Хулан / “Ухань Шенфан”/
  4. Б.Болор-Эрдэнэ /Аравт/
  5. Б.Ариунцэцэг /Улаанбаатар амазонс/
  6. Ц.Болорцэцэг /Улаанбаатар амазонс/
  7. Б.Болор-Эрдэнэ /Улаанбаатар амазонс/
  8. Б.Жавзандулам /Royal Gulls/
  9. Б.Өнөрзаяа /Аравт/
  10. Б.Цацрал /Омни хүлгүүд/
  11. Э.Нарангоо /Аоде Винкс/
  12. Ц.Үлэмж /Омни хүлгүүд/ багтжээ.

Дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагч Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчаар Г.Ундрах, Б.Баярбат, Б.Алтанзаяа нар багтаж байна.

Тоглолтын хуваарь:

04/11 – 19:00 Тайвань ба Хонконг

04/12 – 15:00 Хонконг ба Монгол

04/13 – 15:00 Монгол ба Тайвань

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *