С.Шинэбаяр: Манай улс ноолуураа угааж, самнаад гаргавал түүнд нь захирагдаж гадныхан бүтээгдэхүүнээ зарна


“Нобелмир” ХХК-ийн ноос, ноолуурын самнах үйлдвэрийн үүсгэн байгуулагч С.Шинэбаяртай ярилцлаа.

——————————————————————

-Танай компани жилд хэд орчим тонн ноолуур самнаж, зах зээлд нийлүүлдэг вэ. Одоогоор хэр зэрэг ноолуур аваад байна?

-Манай компани байгуулагдаад таван жил болж байна. Өмнө нь өөр компаниар анхны боловсруулалтаа хийж, ноолуураа угаадаг байсан. Засгийн газраас ноолуурыг самнаж гаргана гэсэн тогтоол анх гарсан жил энэ үйлдвэрээ байгуулсан. Тэр жилдээ дөрвөн сар орчим тохируулга хийж, 50 орчим тонн ноолуур самнасан. Дараа жил нь энэ тогтоолоо сунгахад нь мөн л 50-иад тонн ноолуур самнасан. Тэгээд энэ жилийн нүүрийг үзэж байна. Энэ жилийн байдлаар анхан шатны боловсруулалт буюу угаалтаа эхлүүлээд, одоо дөрөвдүгээр сарын 20ноос эхлээд самнаж эхлэх тооцоотой байна. Одоогийн байдлаар 26 орчим тонн ноолуур авсан байна.

-Төрөөс ноолуур боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгийн зээл олгохоор санхүүжилт нь батлагдаад, зээл олгох шийдвэр гарсан. Танай компани энэ зээлд хамрагдсан уу?

-Төрөөс өгөх зээлийн шийдвэр нь гарсан ч гар дээр бэлэн мөнгөө аваагүй байна. Төрөөс гаргаж байгаа “Цагаан алт” хөтөлбөрийн зээлийн онцлог нь зээл авсан компаниуд зээлийг зориулалтын бусаар ашигладаг, хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулж мөнгө угаах асуудал гардаг. Урьд өмнө нь гаргасан туршлагуудаас үндэслээд энэ зээлийг түүхий эд худалдан авах хоршоонд нь олгох нөхцөлтэй юм билээ. Тийм болохоор тухайн орон нутгийн ноолуурын ханш, чанартай, чанаргүй ноолуур орж ирэх, мөнгөө алдах эрсдэлийг би өөрөө үүрнэ гэсэн үг. Ийм нөхцөлтэй учраас “Цагаан алт”-ын зээлийн ихэнх хувь нь үйлдвэрүүдийн гарт очоогүй байгаа. Саяхан УИХ-ын байнгын хорооны хурал дээр ч 20-30 хувь нь очсон байгаа гэж яригдсан. Тийм учраас манай компани өөрийнхөө дотоод нөөц бололцоогоороо энэ ноолуураа авсан.

-Ноолуурыг угааж, самнаж экспортод гаргана гэсэн учраас ноолуурын үнэ өсөхгүй байна гэж яригдаад байгаа. Ер нь манай улсын дотоодын ноолуур самнах, угаах үйлдвэрийн хүчин чадал ямар юм бэ?

-Энэ жил Монгол Улсаас 10000 орчим тонн ноолуур гарна гэж ярьж байгаа. Гэхдээ миний хувийн тооцооллоор 8000 орчим тонн ноолуур гарна гэж бодож байна. Яагаад гэвэл үүнээс угаагаад 30 хувь, самнаад 20 хувь нь хорогдож ойролцоогоор 50 хувь нь гадагшаа гарна гэвэл 4000 тонн ноолуур болно. Ноолуурыг самнасны дараа 40 тоннын контейнерт хийж ачдаг. 40 тонны контейнерт 28 тонн ноолуур ордог. Олон улсын стандартын дагуу 100 кг-аар боогоод 280 боодол ордог юм. Энэ утгаар нь авч үзвэл ердөө л 140 контейнер самнасан ноолуур гарна. 140 контейнер ноолуур гэдэг бол тийм ч их ноолуур биш. Үүнээс манай компани 12 тонн ноолуурыг нь самнах хүчин чадалтай. Манайх үйлдвэрүүд дотроо том нь биш, манайхаас 10 дахин хүчин чадалтай том үйлдвэр ч бий. Монголд ноолуур самнах 60 гаруй үйлдвэр байгаа.

Манай улс самнах хүчин чадлын хувьд хангалттай суурилагдсан. Самнах үйлдвэр хэд байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүд, ХХААн мэргэжилтнүүд, Монголын ноос ноолуурын холбоо гээд гурван хэсэг болоод бүгдийг нь нэг бүрчлэн ноднин жил тоолсон. Тэгээд гарч ирсэн тоо болохоос биш үйлдвэрүүдээс асуугаад гарсан тоо биш. Ер нь ноолуурыг дөрөвдүгээр сарын нэгнээс эхлээд угааж эхлэхэд Монголд хоёр сарын дараа гэхэд дотоодын үйлдвэрүүд ашиглах ноолуур үлдээд, үлдсэн нь бүгд экспортод гарч дуусдаг. Угаах үйлдвэрийн нөөц манайд хангалттай бий.

-Өмнө нь угаагаад экспортод гаргадаг байсан учраас шат дамжлага, худалдан авалтын хувьд хурдан байсан гэсэн үг үү?

-Хуучин бол зүгээр угаагаад л гаргадаг байсан. Тэр үед худалдан авалт нь ч хурдан байсан. Дэлхий дээр ямар ч хүн өөрийнхөө юмыг авчрангуутаа зар тавиад, өглөө нь зарчихдаггүй. Хэрэв байраа зарна гэвэл үнэ нь хямд бол сарын дотор л зарагдчихна. Өндөр үнээр өгнө гэвэл 10 жил ч хүлээгээд зарж болно. Манайхан өмнө нь ноолуураа самнаад аймгийн төв дээрээ ганзагалаад ирдэг байсан. Ченж нар бужигнаж байдаг учраас шууд өгчихөөд л явдаг байсан. Ийм байдалд бид дасчихсан. Яагаад гэвэл Монголоос гарах зам нь илүү хурдан байсан. Угаах үйлдвэр дээр 70 метр явдаг байсан бол одоо дахиад 70 метр явна л гэсэн үг.

Өнөөдөр АНУ импортолж буй бүх бараанд нэмэлт тат вар ногдуулчихлаа. Ноолууран хувцасны хамгийн том хэрэглэгч орон бол АНУ. Зах зээл дээр байнга ийм ойлгомжгүй байдал үүсч байгаагаас үүдээд ноолуурын үйлдвэрийн хувьд ч өртгөө тооцоход маш хэцүү болж байгаа. Хэрэв өндөр татвар авна гэвэл ноолуур бүр л үнэгүйднэ. Татвар дээр улс орнууд хэлэлцээр хийж, эцсийн байдлаар тохироогүй байна. Энэ эргэлзээ хүртэл газар дээрээ ноолуурын удаашрал мөн шүү дээ.

-Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг эзэлдэг. Манай улсын ноолуурын зах зээлийн ханш гадны улстай харьцуулахад ямар байдаг юм бол?

-Одоо ноолуурын үнийг малчид хямд байна гэж хэлж байна. Хятадууд Монголд байгаа, бид хилээ хаагаагүй. Гэтэл яагаад ийм хямд байхад хятадууд ноолуур авахгүй байгаа юм бол. Дэлхийн аль ч оронд энэ бизнес нээлттэй. Хятад хүнийг ноолуур авахыг, угаахыг, самнахыг хориглоогүй. Яагаад гэвэл үнэтэй байгаа учраас авахгүй байгаа юм. Таван жилийн өмнө ноолуур кг нь 60 мянга байсан, дөрвөн жилийн өмнө 80 мянга болсон, гурван жилийн өмнө 90 мянга болсон, хоёр жилийн өмнө 110 мянга болсон, ноднин жил 183 мянга болсон. Үүнд хэн буруутай байх вэ. Цаад хэрэглэгчид нь дайн байлдаан, хоол ундны хэрэгцээ чухал байна гээд хэрэглээгээ татчихлаа. Тэр ч утгаараа үйлдвэрлэл нь явахаа байчихлаа. Үйлд вэрлэл зогсонги байдалд оро хоор түүхий эдийнх нь нөөц цаанаа хангалттай бий гэсэн үг. Тэгэхээр эцсийн хэрэглэгчээсээ эхлээд авах гүй байвал бидэнд гадны орнуудыг ав гэж шахах эр зориг, хөшүүрэг байхгүй. Одоо ноолуурын үнэ 140 мянга болоод хямдарчихлаа л гээд байна. Монголын үйлдвэрүүд л аваад байгаа болохоос биш Хятадын үйлдвэрүүд бүгд ханш хараад авахгүй байна. Яагаад авахгүй байна гэвэл үнэтэй учраас тэр. Гадны зах зээлийн ханш манайхаас хямд байдаг. Хятадын самнасан ноолуур ойролцоогоор 400 орчим юань, Казахстан, Ираны ноолуур бас хямд байдаг. 40 градусын температурт үйлдвэрлэгддэггүй учраас тэр.

-Үйлдвэрүүдэд ноолуурын үнэ ямар байвал ашигтай вэ?

Үйлдвэрүүдэд ноолуур үнэтэй байх тусмаа л ашигтай. Малчид зөрүүн дээрээс нь та нар ашиг олох гэж байна гэдэг. Үнэтэй юмыг л цааш нь зарна шүү дээ. Дээр нь энэ уналтыг хэн нэгэн зохиогоод байгаа юм биш. Өмнө нь ноолуураа авчраад шууд зарчихдаг байсан. Тэрийгээ л санагалзаж байгаа юм. Зах зээл дээр өсөлт, эрэлт, бууралт үргэлж байдаг. Заримдаа түүхий эд байхгүй болж л байдаг, дахиад шинээр үүсч л байдаг. Хэрэглэгчийнхээ таашаалаар үнэ нь ч тогтдог. Дэлхийн хамгийн нарийн ширхэгтэй ноолуурын 40 хувь нь Монголд байдаг. Хэрэв манай улс ноолуураа угааж, самнаад гаргавал түүнд нь захирагдаж гадныхан бүтээгдэхүүнээ зарна. Ямар ч шинэлэг зүйл дээр өвдөлт мэдэрдэг. Уг нь урт хугацаандаа дэлхийн ноолуурын тоглогчид Мон голоос албадаж авах биш өөрсдөө зогсож авах хэмжээнд ирэх юм. Тэр үед бид дэлхийд байхгүй ханш яриад сууж байх боломжтой. Яагаад гэвэл өөр хаана ч байхгүй баялагтай. Ийм ханш тогтоохын тулд дэлхийн ноолуурын ханш хоёр хэсэгт хуваагддаг. Эхлээд самнасан ханш, дараа нь сүлжмэл хувцсан дээрээ үнэ гардаг ханш. Тийм учраас ноолуураа самнаж, эцсийн бүтээгдэхүүнээ захирах бо ломж бидэнд гарч байна. Цамц үйлдвэрлэдэг хүмүүс нь самнаснаа захирдаг байсан. Яагаад гэвэл Монголоос угааснаараа гардаг байсан учраас самнасан үнэ Хятадын самнах үйлдвэрт тогтоно. Одоо Хятадын самнах үйлд вэр дээр тогтож байгаа үнийг Монголд тогтоох хэрэгтэй. Самнах үйлдвэрийн бие даа сан ертөнц Монголд тогтож байж урт хугацаандаа өсөлт нь эхлэх боломжтой. Түүнээс дэлхий дээр угаасан ноолуурын ханш гэж байхгүй. Яагаад гэвэл угаахад зөвхөн хог хаягдал нь гардаг болохоос хялгас нь гардаггүй. Малчдын гар дээрээс авсан ноолуур хог хаягдалтай байдаг учраас жинхэнэ ноолуур бол самнасан ноолуур. Тиймээс байгалийн нөөцийг баялаг болгох нь үйлдвэрийн процесс юм.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *