Монголын эмэгтэй шигшээ баг Зүүн азийн “B” дивозны тоглолтод оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэд өнөөдөр Хонконгийн багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ. Тэгвэл шигшээ баг цөөнгүй залуу тоглогчдыг эгнээндээ нэгтгэсний нэг нь Б.Жавзандулам юм. Түүний хувьд Тайван улсын “CTBC Busines” их сургуулийн сагсан бөмбөгийн багт хоёр жил суралцаж, тус улсын оюутны лигт тоглож байсан туршлагатай юм. Бид эх орондоо ирээд удаагүй байгаа Л.Жавзандуламтай ярилцлаа.
-Монгол улсын шигшээ багт дуудагдсан байна. Баяр хүргэе. Монголд хэзээ ирсэн бэ?
Баярлалаа. Монголд өнгөрсөн зургаадугаар сард ирсэн. Өмнө Тайвань руу явахаас өмнө 3х3 шигшээ багийн U-21 насанд дуудагдаж, тэмцээн уралдаанд явдаг байсан. Тэгээд Тайвань руу яваад 2 жил болсон. Одоо Монголдоо Рояаль олон улсын их сургуулийн багаас оюутны лигт тоглож байна. Энэ жил сургуулиа төгсөнө.

-Тайвань руу яагаад явах болсон бэ?
Тайвань руу манай Э.Сугар-Очир, Д.Баясгалан ах нар явж байсан. Яг тийм журмаар найман хүүхэд явсан. Яагаад явсан бэ гэхээр Монголд сурч байгаад гадаад руу явах миний мөрөөдөл байсан. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд найз нартайгаа хамт явсан. Тайваний эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжил сайн, өндөр темптэй, сахилга бат чанга байдаг.
Шигшээ багт сонгогдсондоо туйлын их баяртай байна
-Монголд ирэх ямар байна. Бэлтгэл хэр байна.
Монголд ирсэн үнэхээр гоё байна. Хүний нутагт өөр байдаг шүү дээ. Өмнө тоглож байсан эгч нар, найзуудтайгаа хамт бэлтгэл сургуулилтдаа хамрагдаад, шигшээ багтаа сонгогдсондоо туйлын их баяртай байна. Бэлтгэл сургуулилалт үнэхээр гоё байна.

– Тайвань улсад сагсан бөмбөг тоглоод, сагсан бөмбөгөөр суралцаад иржээ. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал ямар ямар өөрчлөлт орсон бэ?
Эх орноосоо хол ганцаараа биеэ дааж явж байгаа болохоор хувь хүний бодож сэтгэх сэтгэхүй өөрчлөгдсөн. Тамирчны хувьд гэвэл өндөр сахилга баттай, хатуужилтай болсон гэж бодож байна. хоёр жилийн өмнө хөлдөө бэртэл аваад Тайвань руу очсон. Үнэхээр тэнд бэлтгэлээ яаж тултал хийж, тамирчин хүн ямар байх, хэцүү үеийг яаж даван туулах тэр бүгдийг нь ойлгож сурч ирсэн. Миний хувьд хоёр номер дээр тоглодог болохоор шидэлт дээр маш их өөрчлөгдсөн. Хүчний тал дээр ч бас сайжирсан.Тэгэхээр энэ удаагийн тэмцээнд чадах чинээгээрэй Монголынхоо төлөө хичээнэ.

-Тайвань улсын багтай тоглоно. Ямар санагдаж байна. Нутагт нь байсан хүний хувьд арай өөр байх болов уу?
Өндөр хүлээлттэй байна. Үнэхээр чанга үзэлцэх байх гэж бодож байна.
-Сагсан бөмбөгөөр яагаад хичээллэх болсон юм бэ?
Би тавдугаар ангиасаа хойш сагсан бөмбөгөөр тууштай хичээллэж байна. Миний үндсэн сагсан бөмбөг зааж өгсөн багш бол 117-р сургуулийн С.Үнэнбат багш байгаа. Өсвөртөө БГД-ийн Б.Пүрэвсүрэн гэж багшийн шавь байсан. Б.Пүрэвсүрэн багш маань өдий зэрэгт хүрэх хэмжээний бүх юмыг зааж өгсөн ачтай багш минь. Энэ дашрамд хэлэхэд багш даа үнэхээр их баярлалаа. Таны ач гавьяа энд байгаа шүү гэж хэлмээр байна.

-Анх сагсан бөмбөг тоглоход гэр бүл нь яаж хүлээж авсан бэ?
Ээж аав маш дуртай байсан. Намайг юу хийнэ миний бүх юмыг дэмждэг болохоор маш нээлттэй байдаг. Манай гэр бүл миний арыг бат даадаг. Би спорт гимнастикаар хичээллэж байгаад сургуулийнхаа шигшээд дуудагдсан. Манай эгч сагс тоглодог байсан. Үлгэр дуурайлал их үзүүлдэг. Тэгээд эгчийгээ дагаж сагсан бөмбөг тоглодог болсон.
-Ямар мөрөөдөлтэй вэ?
Би мэргэжлийн тамирчин болно гэж боддог. Гадагшаа явж сурч импорт тоглогч болох мөрөөдөлтэй. О.Хулан эгч сая БНХАУ-ын Сагсан бөмбөгийн лигт очиж тоглосон шүү дээ. О.Хулан эгч шигээ гадаад улсад импорт тоглогчоор тоглохыг хүсдэг. Одоо миний багадаа мөрөөддөг байсан бүх мөрөөдлүүд бага багаар биелж байна. Өнөөдөр ч гэсэн шигшээ багтаа дуудагдаад нэг мөрөөдөл маань биелчихсэн явж байгаа болохоор сайхан байна.
–Хөгжөөн дэмжигчид дээ зориулж үг хэлбэл
Монголд анх удаа эмэгтэй Азийн аваргын тэмцээн болох гэж байна. Эрэгтэй багаа заал дүүрэн дэмждэг гоё уур амьсгалтай байдаг. Яг тэр нь шигээ эмэгтэй багаа ирж дэмжээрэй манай эмэгтэй баг үнэхээр хичээж байгаа шүү. Жил ирэх тусам өсөн дэмжиж байгаа. Та хэд маань “M Bank Arena”-г дүүргээд ирж дэмжээрэй.