Даниел Сэм: Уур амьсгалын өөрчлөлт шилжилт хөдөлгөөний нэг шалтгаан болж байна


НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дах салбарын захирал Даниел Сэмтэй ярилцлаа

Та эхлээд өөрийгөө танилцуулна уу, Монголд ирээд хэдэн жил болж байна вэ?

-Сайн байна уу. Намайг Даниел Сэм гэдэг. Би Гана улсаас гаралтай. НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирлаар ажилладаг. Монгол улсад 2022 оны 10 сард ирсэн, бараг 3 жил болох гэж байна.

-ОУШХБ-ын үйл ажиллагааны чиглэл, зорилгын талаар товчхон танилцуулна уу

-ОУШХБ 1951 онд байгуулагдсан, дэлхий даяар 175 гишүүн оронтой. Монгол Улс 2008 онд гишүүн орноор элсэж, 2011 онд Улаанбаатар хотод салбараа нээн, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэр цаг үеэс хойш өнөөдрийг хүртэл шилжилт хөдөлгөөнийг хүмүүнлэг, эмх цэгцтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирлээ. Мөн түүнчлэн “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Аюулгүй, зохион байгуулалттайшилжилт хөдөлгөөний дэлхийн гэрээ” зэрэг бодлогын баримт бичгүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулан явуулж ирлээ. Бидний үйл ажиллагааны бас нэг чухал хэсэг бол Монгол Улсын Засгийн Газарт шилжилт хөдөлгөөнийг эмх цэгцтэй, хүмүүнлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг. Монгол улсын “Алсын хараа 2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ОУШХБ дараах чиглэлүүдэд үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:

-Орон нутгаас хот руу нүүх дотоодын шилжилт хөдөлгөөн

-Уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн гамшигт үзэгдлийн менежмент

-Бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил орчмын аюулгүй байдлыг хангах

-Хилийн чанад дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах

-Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, даван туулахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг орно.

Монгол улсын хувьд бас өөрийн гэсэн онцлогтой, нүүдэлчин ба суурин соёл иргэншлийн хосолмол хэлбэрийг хадгалсаар байгаа улсуудын нэг. Таны бодлоор манай улс шилжилт хөдөлгөөний хувьд ямар онцлогтой вэ ?

-Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж байгаа нь шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх нэг хүчин зүйл болоод байна. Мөн уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх нь ч энэ цаг үед багагүй сорилтуудыг дагуулж байна. Гэхдээ шилжин суурьших шийдвэрийг дан ганц хүчин зүйл дээр бус дийлэнхдээ хавсарсан олон хүчин зүйлээс шалтгаалан гаргадаг. Зуд, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд бол эдгээр хүчин зүйлсийн нэг нь юм.Үүнээс гадна бас нэг онцлог бий нь нүүдэлчин соёл иргэншилтэй монгол түмний хувьд нэг газраас нөгөө рүү нүүдэллэж, газрын гарц, өвс, усны сайныг дагаж амьдардаг нь эрс тэс уур амьсгал, байгалийн нөхцөл байдалдаа дасан зохицож, даван туулж амьдарч буйгийн нэг хэлбэр гэж хардаг.

Та бүхний хийсэн судалгаагаар манай улсад шилжилт хөдөлгөөнд ямар хүчин зүйлс голлон нөлөөлж байна вэ?

-Малчид, иргэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бэлчээрийн доройтол, цөлжилт гэх мэт байгаль орчны өөрчлөлтийг хэдийн биеэр мэдрээд, сөрөг нөлөөлөлд өртөөд эхэлсэн байна. Ихэнх тохиолдолд малчид улирлаа дагаж нүүдэллэдэг боловч уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын онцгой байдлын үед улирал солигдохыг хүлээлгүй нүүх тохиолдол гарч байна. Олон судалгаанаас харахад, уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдэлтэй орчны доройтол зэрэг нь уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхэд хүндрэл учруулж, урьдчилан тооцоолох боломжгүй эрсдлүүдийг нэмэгдүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлт томоохон хүчин зүйлсийн нэг гэж та хэллээ. Тэгвэл уур амьсгалын энэхүү өөрчлөлтөд ямар хариу арга хэмжээ үзүүлэх ёстой вэ? 

-Уур амьсгалын өөрчлөлтийн тухайд шилжилт хөдөлгөөний нэг шалтгаан болж байгаа учраас: Зөв, зохистой зохицуулах, хангалттай бэлтгэлтэй байж, гамшгаас хамгаалах нарийн төлөвлөгөө боловсруулах; Хувь хүн, баг сум, орон нутаг, улс орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангаж, чадавхжуулах; Эмзэг нөхцөл байдалтай шилжин суурьшигчдад дэмжлэг үзүүлэх зэрэг арга замыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг дагаад сөрөг үр дагаврууд гарч эхэллээ. Тухайлбал Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, агаарын бохирдол, замын түгжрэл гээд олон асуудлыг орон нутгаас хотод шилжин ирэгсэдтэй холбон тайлбарлаж, буруутгах хандлага байдаг. Энэхүү сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг та бүхэн юу гэж харж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд хүмүүс хот суурин газрыг зорьж, ажлын байр, илүү боломж, амьдрах таатай нөхцөл байдлыг эрэлхийлэн шилжин ирэх хөдөлгөөн нэмэгдэж байгаа нь Улаанбаатар зэрэг томоохон хотуудад агаарын бохирдол, замын түгжрэл, хүн амын хэт төвлөрөл бий болоход нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болж байна гэж үзэх хүмүүс бий. Гэхдээ энэ бүхэн шууд холбоо хамааралтай гэсэн судалгаа байхгүй тул уг ойлголт өрөөсгөл юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эдгээр сорилтууд нь хотууд төдийгүй улс орны хэмжээнд ч сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Тиймээс байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг эрсдэл багатай даван туулах, дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн дүрэм журмуудыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай болж байна.

-Нутаг орноосоо нүүлгүй үлдсэн тэдгээр хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийг эрсдэл багатай даван туулахад ямар бэлтгэл хангах нь зүйтэй вэ? Танай байгууллагаас ямар зөвлөмж хүргэдэг вэ ?

-Шилжин суурьших буюу нүүх шийдвэр гаргалгүй нутаг орондоо үлдсэн иргэдэд сум, баг, аймаг, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах, бэлэн байдлыг хангах цогц бодлогыг явуулах нь үр дүнтэй юм. Орон нутгийн иргэдийн хувьд тогтвортой мал аж ахуй, бэлчээрийн менежментийн хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэн хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй малын хорогдлыг бууруулах, малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих боломжтой. Мөн орон нутгийн иргэдийн оролцоотой гамшгийн бэлэн байдлыг сайжруулах, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог дэмжих зорилгоор орон нутгийн түвшинд төлөвлөлт хийх, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэн, энэ чиглэлд орон нутгийн засаг захиргаа, иргэдийн төлөөллийг оролцуулсан хамтарсан дрилл арга хэмжээ зохион байгуулах, төлөвлөлт хийх, хариу арга хэмжээ авах нэгдсэн арга зүйг боловсруулж, чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулах, шаардлагатай хүний нөөц, санхүүжилт, техник технологийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлт бол нэгэнт дэлхийн асуудал болсон. Тэгэхээр энэхүү өөрчлөлтийг эрсдэл багатай, зөв менежментээр даван туулж байгаа сайн жишээг нэрлэвэл?

-Уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар хүн төрөлхтний амьдралын хэв маягт нөлөөлж, өөрчилж байна. Шилжилт хөдөлгөөн бол үүний нэг шийдэл юм.  Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг бууруулахад:

Шилжин суурьшилгүй нутаг орондоо үлдсэн иргэдийг үйл ажиллагаа, бодлогоор дэмжих, гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлд чадавхжуулах, цаг уурын урьдчилсан, үнэн зөв мэдээлэл хүргэх;Шилжин суурьших шийдвэр гаргасан хүмүүст шилжилт хөдөлгөөнийг эмх цэгцтэй, эрүүл, аюулгүй хийхэд нь дэмжлэг үзүүлж, шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх нь сайн жишгийг тогтоож байна.

Дотоодын шилжилт хөдөлгөөнөөс гадна та бүхэн гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөнд мөн дэмжлэг үзүүлэн ажилладаг. Энэ тухай мэдээлэл өгөөч ?

-Тийм ээ, бид дотоодын шилжилт хөдөлгөөнөөс гадна гадагшаа чиглэсэн буюу олон улсын шилжилт хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Тухайлбал хилийн чанад дахь Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирэх, суурьшихад нь дэмжлэг үзүүлдэг. Энэ чиглэлээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, олон Монгол иргэдийг эх орондоо эргэн ирэх, цаашлаад суурьшихад нь тусалж, бизнес эхлүүлэх, орон байртай болох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, сурч боловсроход нь туслалцаа үзүүлсээр ирсэн.

Цаашид ОУШХБ-ын зүгээс хийхээр төлөвлөж буй ямар ажлууд байгаа вэ?

-Бид яг одоо гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр цаашид ч үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно. Энэ чиглэлд хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” төсөл 2026 хүртэл үргэлжлэн явагдана. Төслийн хүрээнд мэдээллийн аян, олон үйл ажиллагаа, сургалт, нийгэм- сэтгэл зүйн дэмжлэг, үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байгаа.

Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *