ТОП-100 аж ахуйн нэгжийн хувьцаа гаргах шалгуурыг багасгалаа


Санхүүгийн зохицуулах хороо ТОП-100 аж ахуйн нэгжээс бирж болон биржийн бус зах зээлд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гаргах ажиллагаанд тавих шалгуурыг багасгаж, хялбар шуурхай байдлаар бүртгэх зорилгоор “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-уудад нэмэлт, өөрчлөлт орууллаа. ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан компаниудад нийтэд санал болгон, анх удаа хувьцаа /IPO/ гаргахад хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй байх, нээлттэй болон хаалттай хүрээнд нэг жил хүртэлх хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргахад аливаа барьцаа, батлан даалт, андеррайтертай гэрээ байгуулахыг шаардахгүй байх, мөн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх тухай хүсэлтийг СЗХ бүртгэх эсэх шийдвэрийг ажлын 10 хоногийн дотор гаргах зэрэг зохицуулалтуудыг тусгасан. Ингэснээр дотоодын томоохон компаниудад хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах зохицуулалтын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ашигт ажиллагаа, нэр хүнд, засаглал нь өсөх, улмаар гадаад, дотоодын зах зээлээс дахин санхүүжилт татахад давуу тал үүсэж, хөрөнгийн зах зээлийн хөгжил болон эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх бодлогын арга хэмжээ боллоо.
УИХ-аас өнгөрсөн онд баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон улсын санхүүгийн байгууллагуудаас манай улсын бондын зах зээлд өрийн хэрэгсэл гаргах боломжтой болсон. Үүнтэй холбогдуулж “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д уг бондыг бүртгэх зохицуулалтыг нэмж тусгасныг хуралдаанаар мөн баталлаа. Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэхээс гадна Засгийн газрын үнэт цаастай адил эрсдэлгүйд тооцогдох санхүүгийн хэрэгсэл бий болж, бондын зах зээл олон улсын жишгээр хөгжих боломжтой болно. Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох журам”-ыг Санхүүгийн хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлахыг зөвшөөрлөө. Журмыг баталснаар хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, дотоодод хэрэгжих их хэмжээний санхүүжилт шаардагдсан төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкыг үүсгэн байгуулах болон өөрчлөх, татан буулгах, түүний хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, эзэмшихэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалтын орчин бүрдэнэ. Түүнчлэн хуралдаанаар “Мэргэшлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох болон үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг баталснаар мэргэжилтэнд олгох эрхийн төрөл, зэрэглэлийг тогтоох, мэргэшлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох болон тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах зохицуулалтын орчин тодорхой боллоо. Мөн мэргэжлийн холбоонд мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулахтай холбогдсон журмыг батлах эрхийг олгож байна. Ингэснээр олон улсын жишгийн дагуу төрийн зохицуулагч байгууллагын зарим чиг үүргийг өөрийгөө зохицуулах байгууллагад шилжүүлж, мэргэжлийн холбооны чиг үүрэг, хариуцлага сайжирч, үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтнүүд мэргэжлийн өндөр түвшинд чадавхжин бэлтгэгдэх боломжтой болно.


,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *