2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв


2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг өнгөрсөн амралтын өдрүүдээр Японы Осака хотноо нээгдээд байна. Бямба гарагт албан ёсоор нээлтээ хийсэн “Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэн яармаг ням гарагаас үзэгч, олон нийтэд үүд хаалгаа нээсэн байна.

“Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” сэдвээр зохион байгуулагдаж буй үзэсгэлэн яармагийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито Хатан хааны хамт, Япон Улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба нар хүрэлцэн ирж, зочдод мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Шигэрү Ишиба арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн үзэсгэлэн яармаг бол цаг үеийг тусгах толь, гадаад дотоодын оюун ухааныг нэгтгэх индэр юм” хэмээ хэлжээ.

Сонирхуулахад, Японы Осака хотод анх 1970 онд дэлхийн үзэсгэлэн яармагийн арга хэмжээг зохион байгуулж байсан ба ийнхүү 55 жилийн дараагаар тус хот хоёр дахь удаагаа дэлхийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байна.

Түүнчлэн Осака мужийн засаг захиргаанд багтах далай дээр Юмэшима хэмээх хиймэл арал бүтээн байгуулж, тус арал дээр орчин үеийн барилгын өндөр технологийг Японы уламжлалт “нүки” хэмээх холболттой хослуулж хийсэн газар хөдлөлт, байгалийн гамшигт тэсвэртэй, бат бөх “Их цагариг” хэмээх дэлхийн хамгийн том модон байгууламж бүхий хотхонд 2025 оны дэлхийн үзэсгэлэн яармагийн арга хэмжээ зохиогдож байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 158 улс (дайнд нэрвэгдээд буй Украин улс, Палестин оролцож байна), 9 олон улсын байгууллага оролцож өөрийн улс орноо олон улсад танилцуулан сурталчлахаар бэлтгэсэн байна. Мөн энэ удаагийн дэлхийн үзэсгэлэн яармагийн нээлтийн өдөр 140 мянга гаруй хүн ирж үзэж сонирхсон бол нийт 28 сая гаруй жуулчид ирж, үзэж сонирхох төлөвтэй байна.

Манай улсын хувьд ГХЯ, МҮХАҮТ болон “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран оролцож, “Монголын амар амгалан — Пакс Moнголикa” сэдвийн хүрээнд Монголын Эзэнт гүрний түүхэн өв соёлыг танилцуулах “Чингис Хаан” үндэсний музейн 28 үнэт үзмэрийг олон нийтэд дэлгэн толилуулж байгаагаас гадна өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын боломж, онцлогийг танилцуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэнэ. Мөн дэд сэдвийн хүрээнд “Go Mongolia” үндэсний брэндийг онцлон сурталчилж, VR болон AR технологийг ашиглан зочдод эртний Хар Хорум хотод аялах, Монгол наадамд оролцох, уламжлалт монгол ахуй, байгалийн үзэсгэлэнт  газруудыг виртуал орчноор дамжуулан сонирхон үзэх боломжийг бүрдүүлсэн болно.

Осака хотод нээгдээд буй энэ удаагийн дэлхийн үзэсгэлэн яармаг 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал нийт зургаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд өдөр бүр өглөөний 9 цагаас оройн 22 цаг хүртэл ажиллах юм байна.

Улс орнууд шинжлэх ухаан, өндөр техник технологи, архитектур, урлагийн салбарын ололт амжилтуудаа сурталчлан танилцуулдаг уламжлалтай World Expo буюу Дэлхийн үзэсгэлэн яармаг анх 1851 онд Лондон хотноо зохиогдож байсан түүхтэй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *