– Аавыг минь хэрэгт унагасан нь цаанаасаа захиалгатай байсан юм уу ч гэж бодох боллоо-
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууны охин Б.Хонгорзултай ярилцлаа. Б.Хонгорзул АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн Судалгаа, боловсруулалтын төвийн эрхлэгч, доктор хүн юм
-Чамайг хүн дарамтлаад, дагаад байгаа гэсэн шүү дээ. Ямар хүн, яах гэж дагаад байгаа юм бол. Сэжиг, таамаг байна уу?
-Саяхан миний ажил дээр, над дээр хүн орж ирж, намайг дарамталсан. Намайг дагаад, мөшгөөд байгаа. Үеэлүүдтэйгээ хамт явж байхад хүртэл янз бүрийн хүн дуудаад, “Хөөе наашаа, ийшээ” гээд яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дарамтлаад байна. Ааваар минь зогсохгүй ар гэрийнхэнд маань, аавын минь эрүүл мэндэд хүртэл заналхийлж эхэллээ. Би айж байна.
-Аавыг чинь ийм хэрэгт буруутгаж байгаа нь үнэхээр үл ойлголцлоос болсон гэж бодож байна уу? Анх бол донорыг оршуулах зардал олгоогүйгээс болсон гэж харагдсан.
-Ажил дээр маань хүн орж ирснээс хойш “Ойлголцлын зөрүүн дээр үүссэн хэрэг биш юм биш үү” гэсэн бодол төрж байна. Цаанаасаа захиалгатай байсан юм уу? Юуг нь авах гээд байгааг ойлгохгүй байна. Миний аавд бие алга, нас нь өндөр. Тэтгэвэрт нь суулгачихсан. Албан тушаал байхгүй. Ажил байхгүй. Мөнгө байхгүй. Ээж, аав хоёр маань насаараа хөдөлмөрлөж, боловсрол мэдлэг олж, сурч мэдэхийн төлөө байгаа бүхнээ зориулж ирсэн. Биднийг ч гэсэн ингэж хүмүүжүүлсэн. Сурсан мэдсэнээ, бүх зүйлээ бусдын эрүүл мэндийн төлөө харамгүй зориулж ирсэн.
Насны төгсгөлд хураасан зүйл гэвэл ганц орон сууц. 2006 оны 1 машин байна. Иргэн бүрт хуулиар олгосон 0.07 га газар байна.
-Аав чинь энэ хэргийг юу гэж үзэж байгаа бол?
-Анх энэ мэдээ цацагдахад, манайхан бүгд цугласан. “Нийгмийн даатгалаас донорын ар гэрт оршуулгын 3.5 сая төгрөг олгоогүйгээс болоод, энэ шуугиан дэгдлээ. Аав нь тэр мөнгийг нь олгуулахаар хөөцөлдсөн ч болсонгүй. Ийм байдалд хүрчихлээ. Донорын зөвшөөрлийн хуудсан дээр ар гэрийнхнээр нь гарын үсэг зуруулсан. Эмнэлгийн ажилтнууд гарын үсэг зурсан. Бүх зөвшөөрлийг нь авсан ч ойлголтын зөрүү гараад байна” гэж аав тэр үед хэлсэн.
-Донорт олгох оршуулгын зардлыг төрөөс ар гэрт нь өгүүлдэг болгуулсан хүн нь танай аав. Харамсалтай нь түүнээсээ болоод өөрөө хэрэгт холбогдчихлоо. Нийгмийн даатгал төлөөгүй донор гарч ирнэ гэдгийг тухайн үед тооцоогүй. Одоо бол НДШ төлөөгүй донорыг оршуулах зардлыг ар гэрт нь өгдөг болчихсон юм биш үү?
-Амьгүй донорын оршуулгын зардлыг улс гаргадаг. Миний аав, түүний багийнхан амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал өгдөг болгуулсан юм. Энэ бол төр талархлаа илэрхийлж байгаа хэрэг. Гэхдээ тэр зардлыг бэлнээр өгдөггүй. Шууд ар гэрт нь ч өгдөггүй. Буяны ажлыг нь хийх байгууллагын дансанд тэр мөнгийг шилжүүлдэг. Эрхтний наймаа гэдэг зүйл гаргуулахгүйн тулд ийм зохицуулалт хийсэн.
Гэтэл яг тэр донорын тухайд даатгуулагч гэдэг үгэн дээр унаад, оршуулгын зардал авч чадаагүй юм билээ. Үүнд би үнэхээр харамсаж байна. Тэр тохиолдлоос хойш аав болон түүний баг хөөцөлдөж байгаад, НДШ төлдөггүй донор гарч ирвэл 3.5 сая төгрөгийг ЭМЯ-наас гаргах журам батлуулсан. Тэгэхээр НДШ төлдөг донорт оршуулгын зардлыг нь НДЕГ олгоно. НДШ төлдөггүй донорынхыг ЭМЯ олгоно.

-Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг аав чинь 2018-2024 оны хооронд ахаллаа. Энэ алба хэр мөнгөтэй байгууллага юм бол. Энэ албыг нь авах зорилгоор аавыг чинь хэрэгт унагасан юм биш биз дээ?
-Аав “Жаахан санхүүжилттэй болбол энэ үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах юм сан” гэдэг байсан. Төсөвтөө баригдаад, донорын тухай ойлголтыг олон нийтэд таниулах ажил нь хойш тавигддаг байсан байх. Хамт олонтойгоо хамтарч хийсэн ажил дээрээ өөрөө бүдрээд, хэрэгтэн, ялтан болоод явж байгаа нь өөрийнх нь хийж чадаагүй, санхүүжилт дутсан ажилтай нь нэг талаар холбоотой л доо. Тэр ажлаа одоо өөрөөрөө дэнчин тавьж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг олон нийтэд таниулаад байгаа юм шиг санагдаад байна.
-Аавын чинь биеийн байдал хэр байгаа вэ?
-Манай аавын талынхан удмаараа гэх юм уу, ээж, 2 эгч, ах нь, өөрөө чихрийн шижингээр өвдсөн. Энэ өвчний хүндрэлээр бөөрний дутагдалд орж, бөөр орлуулах эмчилгээ болох диализын эмчилгээнд явж байгаад эмээ маань, аавын маань том эгч нь нас барсан. Эмээ, 2 авга эгч диализын аппаратад олон жил орсон. Бага эгч нь одоо ч явж байгаа. Хүмүүсийн хардаад, гүтгээд байгаа шиг миний аав хүний эд, эрхтэн тонодог, зардаг байсан бол миний эмээ, авга эгч амьд байх байсан. Бага эгч нь ч гэсэн бөөрөө солиулчихсан байх байсан.
Чихрийн шижин бол тахалтай адил хэцүү, хүнд өвчин. Үүнийг эмчлэх үр дүнтэй эмчилгээ одоо ч Дэлхийд алга. Хамгийн муухай нь энэ өвчин зүрх, судас, хамгийн түрүүнд захын судас, захын мэдрэл алдагдалд оруулдаг. Цаашлаад том судас, зүрхний үйл ажиллагааг доголдуулдаг. Судсаар тэжээгдэж байгаа бүх эрхтнийг гэмтээдэг. Маш олон хүндрэл дагуулдаг. Тийм хүндрэлийн улмаас бөөрний үйл ажиллагаа алдагддаг.
-Зүрхэндээ хэдэн тэлэгч тавиулаад байна вэ?
-Манай аав ч гэсэн зүрх, судасны үйл ажиллагаа нь доголдсон. 2012 онд зүрхний шигдээс болж, анх тэлэгч тавиулсан. Анхан шатны шүүх хурал болтол 8 тэлэгчтэй байсан бол хурлын дараа зүрхний үйл ажиллагаа нь алдагдаад, эмнэлэгт хүргэгдэж, 3 тэлэгч нэмж тавьсан. Зүрх, судасны үйл ажиллагааны алдагдал 70 хувьтай. Зүрх нь 100% ажиллах ёстой байтал 30% нь ажиллаж байгаа.
Үүнтэй зэрэгцээд, цусаар бүрэн хангагдаж чадахгүй байгаа. Бидний өдөр бүр идэж буй хоол хүнсний үндсэн шим тэжээл нь цусаар дамжиж, эд эрхтэнд очдог. Цусан хангамж бүрэн биш. Эрхтэн, тогтолцоо бүр алдагдалд ороод, шим тэжээлээр дутагдаж байгаа гэсэн үг. Тэр ч утгаараа бөөрний дутагдал нь даамжирч байгаа. Харамсалтай нь манай аав зүрх, судасны хүнд хэлбэрийн дутагдалтай учраас энэ байдал нь удаан үргэлжлээд, бөөрний дутагдал нь хүндэрвэл цаашлаад диализын аппаратад орох боломжгүй. Яагаад гэвэл цусыг нь шүүхэд зүрх нь тэр аппаратыг даах чадалтай байх ёстой. Тэгтлээ муудчихгүй байгаасай гэж залбирч байна.
-Ядаж байхад сүрьеэ тусчихсан шүү дээ. Хаанаас сүрьеэгийн халдвар авчхав аа?
-Энэ бүхний хажуугаар сүрьеэ туссан. Хорих ангиас халдвар авсан, үгүйг би мэдэхгүй. Шууд тэгж хэлж чадахгүй байна. 2018 онд аавын уушгин дээр сүрьеэгийн маш жижигхэн үүсгэвэр байгааг илрүүлсэн. Тэр нь тухайн үед идэвхгүй байсан ч удаан хугацаанд эмчилгээ хийгээд, эмчлэгдсэн гэж үзсэн.
Одоо ийм нөхцөлд ороод, зүрх судас, дотор эрхтний алдагдал хавсарч, стресс нэмэгдэн, дархлаа суларсантай холбоотойгоор шинээр сүрьеэгийн халдвар авсан байж магадгүй. Эсвэл хуучин нь сэдэрсэн байх. Аавынхаа эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгийн оноштой танилцах боломж гарахгүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна.
Ер нь монголчуудын 70% нь сүрьеэгийн тээгч гэгддэг. Тээгч гэхээр сүрьеэгээр өвчлөөгүй байж болно. Гэхдээ дархлаа сулрахад, бие өвдөхөд сүрьеэ сэдэрч, халдвар тараах, өөрөө өвчлөх магадлалтай.
-Сүрьеэгийн эмчилгээ нь хэр үр дүнтэй байгаа бол?
-Сүрьеэгийн эмчилгээ хийхээр зүрхний үйл ажиллагаа нь алдагдаж, даралт нь унан, эмчилгээ хооронд даралт орж ирэхгүй байх үл нийцэл гараад байгаа гэсэн. Сүрьеэг эмчлэхгүй бол халдвар эрчимжиж, эндэх эрсдэл үүсээд байна. Сүрьеэг маш хүчтэй эмээр эмчилдэг. Зүрх, судас нь эрүүл хүн ч сүрьеэгийн эмчилгээ хийлгэхэд, маш их гаж нөлөө илэрдэг гэдэг. Ядаж байхад сүрьеэгийн эмчилгээ дор хаяж 6 сар үргэлжилдэг. Яалт ч үгүй сүрьеэгийн эмчилгээ хийхээр зүрх нь өвдөөд, сүрьеэгийн эмээ уухгүй байхаар өвчин нь хүндрэх гээд хэцүү байгаа.
-“Ерөнхийлөгчөөс уучлал гуйгаад, шоронгоос гарах хэрэгтэй” гэж аавын чинь эрүүл мэндэд санаа зовсон хүмүүс бичиж байна. Гэхдээ уучлал гуйхад их учир бий л дээ.
-Хэдий аав минь буруугүй ч гэсэн амьд байвал учиртай гээд ах дүү нар маань ч энэ талаар зөндөө хэлж үзсэн. “Эхлээд эрүүл мэндээ бод л доо” гэж. Өршөөлийн хуулийг том ойгоор ч юм уу УИХ гаргадаг. Уучлалыг бол гэм буруутай гэдгээ хүлээж уучлал гуйсны дараа Ерөнхийлөгч үзүүлдэг гэж ойлгосон.
Аав минь одоо хүртэл “Хууль, шүүх байгууллага бүх зүйлийг үнэн зөвөөр хараад, бусад улсын жишгийг судлаад, бүх зүйлийг эргэж хараад, нотлох баримт, хэргийн материалтай сайтар танилцаад, хууль хэрэглээг нягтлаад, хэрэгсэхгүй болгож, цагаатгана” гэж итгэж байгаа. Аав минь үүнийг л хүлээгээд байгаа.
Тиймээс бид “Уучлал гуйчих” гэж хэлж чадахгүй л сууна. Аавыг минь буруугүйг ард түмэн мэдэж байгаа л даа. Гэхдээ “Аав минь итгэл үнэмшил, өөрийн гэсэн үнэт зүйл, хийж бүтээсэн бүхнээ үгүйсгээд, дараа нь ямар мэдрэмж тээж амьдрах юм бол” гээд бодохоор үнэхээр зөвшөөрөмгүй, хувь хичээх боломжгүй байгаа юм.

Би, миний ээж, нөхөр бүгд анагаахын хүмүүс. Аавынхаа яагаад ингэж зүтгээд байгааг ойлгож байгаа. 1-рт, өөрөө алдаа хийгээгүй. 2-рт, баг, хамт олон нь алдаа гаргаагүй. Хэрвээ хувиа хичээгээд, уучлал гуйвал өнөөдрийг хүртэл зүтгэж бий болгосон ажил, энэ олон эмчийн нөр их хөдөлмөрийг үгүйсгэсэн болох гээд байгаа юм л даа.
-Ж.Чинбүрэн гишүүн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага асуудлыг шийдэх ёстой. Ял биеэр эдлэх боломжгүй хүн” гэж ярьж байгаа. Энэ хувилбараар бол суллагдах боломж байгаа юм биш үү?
-Энэ талаар ярьж байгаа гэсэн. Гэхдээ хэдийгээр биеэр эдлэх боломжгүй гэдгээр хорихоос гарч болох ч ял авсан хүн. Харин аав маань тэр ажлыг гүйцэтгэх явцдаа алдаа гаргаагүй, худал хэлж хууран мэхлээгүй гэдгээ анхан шатны шүүх хурлаас эхлээд шат болгон дээр хэлж, байр сууриндаа хатуу байгаа хүн.
Энэ бол босгох гэж, хөл дээр нь тэнцүүлэх гэж хичээж ирсэн салбарынхаа цаашдын хөгжлийн төлөө, амь хүлээж жагсаалтад байгаа олон мянган хүнийг аварч, гадагшаа урсах их мөнгөн урсгалыг зогсоох гэж ирсэн салбарын зүтгэлтний хувьд амь насаа ч үл тоож, хичээж байгаа зүйл нь. Ардаа байгаа олон залуу эмч нарын төлөө, салбарынхаа төлөө хийж байгаа тэмцэл нь. П.Батчулуун эмчийг магадлангаар эсвэл уучлалаар гаргах нэг хэрэг. Үнэн мөнөөр хэргийг нь шийдэж, цагаатгах өөр хэрэг гэдгийг хүмүүс маань ялгаж ойлгоосой.
-Японд сурсан, энэ салбарын хүний чинь хувьд асууя. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, донорын асуудалд япончууд яаж ханддаг юм бол?
-Аавыгаа ийм байдалд орсноос хойш бусад улсын хууль, шүүхийн шийдвэр, ард түмнийх нь хандлага гээд асар олон зүйл уншиж, судалж байна. Сэтгүүлч энэ асуудал дээр ямар ч тохиолдолд нэг талыг барьсан мэдээллийг мэдрэмжгүйгээр түгээж болохгүй гээд заачихсан байна. Зарим улс нь хуульчилжээ. Энэ бол ёс зүйн асуудал. Хэвлэл мэдээллийнхэн, иргэд нь үүнийг ухамсарладаг юм байна. 1 талыг дөвийлгөсөн мэдээ цацахаа болиод, 20 жил болчхож. Нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн редакцуудад хариуцлага тооцсон маш олон жишээ байна лээ.
Аавын маргаантай төстэй хэрэг тэдгээр улсад огт байгаагүй биш, иймэрхүү маргаан гарч байсан. Хамгийн багадаа 15 жилийн өмнө ийм маргаан гарч, хууль, дүрэмдээ өөрчлөлт оруулаад, аль хэдийнэ цэгцэрчхэж. Японд ийм асуудал гарснаас болоод, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ бүтэн 10 жил тасарсан нь ч байна. Энэ эмчилгээ, шинжлэх ухаан ийм удаан зогссон байна.
Бүх зүйл итгэлцэл дээр тогтдог. Аливаа мэдээллийг шалгах хэрэгтэй. Тэр тухай мэдэж байгаа хүнээс нь асуух хэрэгтэй. Үүний дараа тэрийгээ жинлээд, дүн шинжилгээ хийснийхээ дараа дүгнэлт гаргаж байгаач ээ. Энэ том шинжлэх ухааны талаар мэдлэггүй, уншиж судлаагүй байж, олон нийтэд нэг талыг барьсан мэдээлэл цацсанд харамсалтай байна.
-Монголынхоо хуулийг хэр судалж байна вэ. Донорын хуулийг бичилцсэн хүмүүсийн 1 нь танай аав байх аа?
-Аавд минь ийм асуудал тохиолдсоноос хойш хууль уншиж судалж байна л даа. Анагаахынхны хуулийн мэдлэг үнэхээр сул. Эмнэлгийн ажиллагсад хууль мэдэж байх зайлшгүй шаардлагатай юм байна. Хуулийн ганц үг, цэг, таслал хүртэл хүнийг шоронд суулгадаг гэдгийг манай гэр бүл жинхнээсээ мэдэрч байна. Өөр шинжлэх ухаан байна л даа.
Олон улсад мөрддөг хэм хэмжээ, мөрдлөг, заалт, ойлголт манай Донорын хуульд бүрэн байдаггүй юм байна. Донорын хууль анх Цусны донорын хууль гэж байсан юм. Түүн дотор эс, эд, эрхтэн шилжүүлэх ухагдахууныг хийж өгөөд, Цусны донорын тухай хууль гэдэг нэрийг нь Донорын тухай хууль болгоод сольчихсон. Хэдий нэг салбар ч гэсэн цусны, эрхтний донор бол 2 өөр шинжлэх ухаан.
Цаг хугацааны эрхээр бүх зүйл шинэчлэгдэж байдаг. Түүнд нийцүүлж, хуулиа өөрчлөх гэхээр 1 удаад 30%-ийг нь л өөрчлөх боломжтой юм байна. Цусны, эсийн, эрхтний гээд энэ олон багийн хэн нь хэдэн хувийн өөрчлөлт оруулах вэ гэдэг асуудал тулгардаг. 1 баг 2-5 асуудлыг нь шинэчилж оруулах боломжтой. Энэ хуулийг 3-4 удаа л шинэчилсэн байгаа юм.
Тэр болгондоо донор болон эрхтэн суулгуулж байгаа хүнээ бодсон заалт оруулаад, эмч нараа мартчихсан. Өөрсдийгөө хаячихсан. Үүнээсээ болоод одоо эхнээсээ яллагдагч болж байна. Үнэхээр харамсалтай.
-Эрүүл мэндийн сайд хуулиас давсан журам баталсан юм байна лээ. Тэр нь танай аавыг хэрэгт холбогдоход бас нөлөөлсөн юм шиг байна. Тийм үү?
-Донорын тухай хуульд зааснаар бол амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахад нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг эх, нөхөр, эхнэр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний гарын үсэг зурснаар амьгүй донорыг донор болгох нь зөвшөөрөл авсанд тооцно гээд заачихсан. Гэтэл Эрүүл мэндийн сайдын баталсан Донорын үйл ажиллагааны тухай журамд эс, эд, эрхтэн болгоныг ширхэг бүрчлэн заана гэсэн байдаг. Үүнийг хараад байхад, “УИХ-ын гишүүдийн яриад байгаа хуулиас давсан журам гэдэг нь юм байна” гэж бодогдсон. Донор болохыг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулснаар донор гэж үзнэ гэж хуульд заасан байгаа ч журмыг нь харвал эрхтний зөвшөөрөл аваад байгаа юм шиг.

-Эрүүгийн хуулийн 15.3.2-аар аавыг чинь буруутгаж байгаа. Тэр заалтын талаар юу хэлэх вэ?
-Эрүүгийн хуулийн 15.3.2-ыг уншихаар хууран мэхэлж, залилсан, хүч хэрэглэсэн гэсэн утгатай юм байна лээ. Уг нь донорын ар гэрт тайлбарласан, гарын үсгээр баталгаажуулсан зөвшөөрлын хуудас нь байсаар байтал яагаад хууран мэхэлсэн, залилсан, хүч хэрэглэсэн гэж байгаа юм бол оо. Тэгээд ч энэ заалт амьд донорт хамрагдах заалт. Тархины үхэлтэй донор гээд тусгай баг тодорхойлоод, үүний дагуу эрхтнийг авах учраас зүрхийг нь хүчээр аппаратаар ажиллуулж байгаа нь тодорхой байхад прокурор нь амьд донор дээр ашиглах зүйл заалт ашиглаж байгаа нь энгийн логикоор ч ойлгомжгүй байгаа.
-Аавын чинь өмгөөлөгчийг 1 улстөрч “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж болохгүй. Олон нийтийн сүлжээнд ямар нэг юм бичиж болохгүй” гэж анхааруулсан, дуугүй байх хэрэгтэй гэж “зөвлөсөн” юм билээ. Тэгсэн юм уу?
-Давж заалдах шатны шүүх хурал хүртэл яагаад үгээ хэлээгүй юм бэ гэж олон хүн биднээс асууж байгаа л даа. Анхан шатны шүүх хурал хүртэл бид “Хуульчид асуудлыг судлаад, ойлгох байх” гэж харж байсан. Давж заалдах шатны шүүх хурал болтол бид зүгээр суугаад байгаа юм шиг санагдаад, сэтгүүлчдэд мэдээ мэдээлэл өгөөд, бодит байдлыг олон нийтэд ойлгуулаад явмаар л байсан.
Манай өмгөөлөгч нарыг холбогдох салбарын албан тушаалтан өрөөндөө дуудаж байгаад “Шүүх рүү дайрсан, буруутгасан, ард түмнийг турхирсан мэдээ, мэдээлэл хийх дэмий” гэж анхааруулж, хориглосон. Эмнэлгийн салбарынхан, таньдаг мэддэг хүмүүс, ах дүү нар “Хүүе энэ чинь юу болов. Тайлбар хийе. Мэдээлэл өгье” гээд зөндөө ярьсан. Тэр болгонд бид “Ийм зүйлийг хориглосон” гэсэн хариу өгч ирсэн. 1-3 дугаар сар хүртэл ар гэр, эмнэлэг, ажилчид ч чимээгүй байсан.
Тэгснээрээ, цаг тухайд нь тайлбар өгч чадаагүйгээрээ бид хугацаа алдчихсан юм болов уу даа. Тэглээ гээд ямар нэг байдлаар хуулийн байгууллагыг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ тэгж бодож байна.
–Ер нь Эрүүл мэндийн сайд та нартай, аавтай чинь уулзсан уу?-Эрүүл мэндийн сайд хэдхэн хоногийн өмнө анх удаа манай гэрийнхэнтэй уулзсан.
-Та нарын дунд ямар яриа болов?
-Эмч, эмнэлгийн ажилтнууд алдаа гаргасан эсэх асуудал дээр ЭМЯ-ны дэргэдэх Ёс зүйн хороо, яамны дэргэдэх салбар зөвлөл шинжээчдийн баг томилж, алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргадаг. Гэтэл энэ хугацаанд, одоог хүртэл яагаад энэ ажиллагаа хийгдээгүйд гайхаж байгаагаа хэлсэн.
Би хуулийн салбарыг мэдэхгүй шиг хуулийнхан ч эрүүл мэндийн салбар, тэр дундаа цоо шинэ эд, эрхтэн шилжүүлэх талаар ойлголт байхгүй шүү дээ. Энэ дээр мэргэжлийн баг ажиллаж л үнэн бодит мэдээлэл өгөх учиртай. Энэ талаар асуухад сайд “Одоо тэгээд тэр гарлаа гээд нэмэртэй юү” гэж байна лээ. Яриа нэг иймэрхүү л өрнөсөн. Би, манай гэр бүлийнхэн үнэндээ гайхаж, урам хугарсан. Тэгээд л бидний уулзалт дууссан даа. Нээрээ сайд “Уучлал гуйх л арга байгаа ш дээ гэж хэлсэн юм байна. Үүн дээр аавын маань байр суурь тодорхой байгаа учраас бид өрөөг нь орхиж гарах хэрэгтэй болсон доо.
-Одоо УДШ л үлдлээ шүү дээ. Гол нь УДШ хүлээж авах болов уу?
-Дээд шатны шүүх гэж байгаа. УДШ энэ асуудлыг авч хэлэлцэх эсэхээ эхлээд шийддэг гэсэн. Тэр хурлаараа энэ хэргийг авч хэлэлцье гэсэн шийдвэр гаргах байх гэж итгэж хүлээж байгаа. Бүх асуудлыг тал бүрээс нь маш сайн харах байх гэж бид үнэхээр итгэж байгаа. Аав маань ч гэсэн ийм л бодолтой байгаа.
Яагаад гэхээр энэ бол ганц хүний асуудал биш. Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа энэ олон хүний нөр их хөдөлмөрийг үнэлж дүгнэх гэж байна. Нөгөө талаас эх орондоо эмнэлгийн тусламж авч, амьд явах эрхээр хангагдах Үндсэн хуулиар олгосон эрхээ хангуулах гэж байгаа хүмүүсийн асуудал. Өвчтөн өөрөө шаналаад зогсохгүй түүний ар гэрийнхний нийгэм, эдийн засгийн асуудал давхар хөндөгдөж байгаа.
Өдөр бүр бид сошиалаар эмчилгээний зардал, хандив гуйсан зар хардаг. Ийм л зүйлийг алга болгоод, хүнээс мөнгө, хандив гуйхгүйгээр эх орондоо эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдүүлэхийн тулд энэ салбарынхан өчнөөн жил ажилласан. Энэ бүх зүйл өнөөдөр усанд хаясан чулуу шиг юу ч үгүй болох гэж байна. Ийм нөхцөл үүссэнд үнэхээр их харамсаж байна.
Монгол Улс валютгүй болоод байна л гэж байна. Гэтэл нэг хэсэг нь гадаадад эмчлүүлэх гээд хамаг юмаа зараад, ар гэрийнхэн, өөрийнхөө амьдралыг хүнд байдалд оруулаад, хамаг мөнгөө шавхаад гадаад явж байна шүү дээ. Мөн ингээд эмчилгээнд яваад ирэхэд хагалгааны дараах хяналт, эмчилгээ гээд дараагийн олон асуудлууд ч гэсэн хөндөгдөнө.
-Тархины үхэлтэй хүн бүр донор болох боломжтой юу?
-Нас барсан хүний цогцсыг эмч нар тонодог юм биш үү гэсэн яриа маш их гарлаа. Тийм биш шүү. Өөр газар нас барсан, тархи, зүрх, уушги нь аль хэдийнэ зогсчихсон хүний ямар ч эрхтэн хэрэггүй. Ямар ч эмчээс асуусан хэлээд өгнө. Эмнэлэгт ирээд, зүрх судас, амьсгалын тогтолцоо нь багажийн тусламжтайгаар ажиллаж байгаа, тархиных нь үйл ажиллагаа бүрэн алдагдсан хүнийг л донор болгох боломжтой.
Тархи бол хүний бие, эрхтнийг хянадаг гол төв. Маш гайхамшигтай эрхтэн. Бүх эрхтний төв нь тархинд байдаг. Тархи ноцтой гэмтвэл бүх эрхтний үйл ажиллагаа алдагдаж, богино хугацаанд эрхтнүүд ажиллахаа больдог. Тиймээс тархины үйл ажиллагаа зогссон үед бусад эрхтнийг ажиллуулахын тулд уушги, зүрхийг тодорхой хугацаанд зохиомлоор ажиллуулдаг. Тэр хооронд бүх үзлэг, шинжилгээг хийж, ар гэрт нь танилцуулан, донорын шалгуур хангах эсэхийг нягтлаад, ар гэрээс нь зөвшөөрөл авдаг. Тархины үхэлтэй хүн болгон бас донор болж чадахгүй гэсэн үг.
Энэ бол Монголын хэдэн эмчийн зохиосон зүйл биш. Бүхэл бүтэн том шинжлэх ухаан. Шинжлэх ухаандаа мөнгө зарцуулдаг өндөр хөгжилтэй улсуудын хэдэн зуун жилийн судалгаагаар тогтоосон үр дүн. Үүнийг л бид эх орондоо нутагшуулж байгаа юм.
-Тархины үхэлтэй хүнийг ямар шалгуураар донор болгодог юм бол?
-Залуудаа, эрүүл саруул хүн тархины үхэлд орвол, тэрийг эрүүл гэдгийг эмч нар эмнэлгийн нөхцөлд олж илрүүлбэл донор болгох боломжтой. Тархины үхэлтэй бүх хүнийг донор болгодоггүй. Монголд зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоо, зам тээврийн ослоор жил бүр олон хүн нас бардаг. Энэ бүх хүн донор болох боломжтой юу гэвэл үгүй. Донорын шалгуур гэж маш олон зүйл байдаг. Тэр шалгуурт нийцсэн хүнийг л донор болгоно.
-Комд орсон хүнийг донор болгодог юм уу. Тархины үхэл, ком гэдэг чинь 2 өөр зүйл биз дээ?
-Тархины үхэлтэй хүн, комд байгаа өвчтөн 2-ыг хүмүүс ялгадаггүй. Комд байгаа хүн гэдэг чинь тухайн мөчид л ухаангүй байгаа болохоос биш, амьд, тархи нь ажиллаж байдаг. Тиймээс хэзээ ч ухаан ороод, босож мэднэ. Ийм хүнийг донор болгодоггүй. Тэр чинь амьд хүн шүү дээ.
Тархины үхэлтэй хүн бол тархины үйл ажиллагаа нь 100% алдагдсан, эргэж сэргэх боломжгүй. Хэсэг хугацааны дараа, аппаратыг нь салгавал үхэх нь тодорхой хүн. Үүнийг маш олон төрлийн шинжилгээ, үзлэгээр баталгаажуулж байж, тархины үхэл гэсэн онош тавьдаг. Ганц эмч үзээд, тархины үхэл гэдэг онош гаргачихдаг юм биш. Эмч нарын баг үзлэг хийж, дахин дахин үзээд, маш олон төрлийн шинжилгээг удаа дараа хийсний дараа онош тавьдаг. Тархины үхэл гэсэн онош батлагдсаны дараа донор болох шалгуурт нийцэх үү, үгүй юу гэдгийг шалгадаг. Ихэнх нь ч нийцдэггүй. Донор болгоё гээд ч боломжгүй.
-Эмнэлэгт нас барж байгаа хүн бүрт тархины үхэл үүсэх үү?
-Энэ чинь ч бас ялгаатай. Эмнэлэгт нас барж байгаа хүн бүр тархины үхэлтэй байна гэж байхгүй. Ямар шалтгаанаар нас барсныг задлан шинжилгээ хийж, оношийг нягталдаг.
Ямар хүнд ямар эмчилгээ хийвэл үр дүн гарах вэ гэдгийг маш сайн тооцож байж, эмчилгээ хийдэг. Амьд болон амьгүй донороос авсан эрхтнийг шилжүүлэн суулгахдаа уг эрхтнийг суулгуулаад, нас нь уртсах, амьдралын чанар нь сайжрах, хэвийн байдалдаа орох хүнийг сонгодог. Донор хүлээж байгаа хүн бүр бусдын эрхтнийг хүлээж авах боломжтой биш. Өвчтөнд ч, донорт ч стандарт бий. Түүнээс биш “Энэ моторыг сольё. Ийм сайн мотор тавиад хурдтай хүчтэй болгоё” гэдэг шиг юм биш.
Миний аав 1990 оны дундаас судасны мэс засалчаар суралцаж эхэлсэн. Хамгийн түрүүнд судасыг маш нарийн, холбож залгаж сурах зайлшгүй шаардлагатай. Мэс заслын эмч нарын гарын ур дүйг зүү ороох хатгамал хатгадаг уран хатгамалчийнхтай зүйрлэж болно. Маш нарийн чадвартай хүн л үүнийг хийнэ. Товч шилбэ хаддаг, уранхай цоорхой оёдог хүн уран хатгамал хийдэггүй шиг эмч бүр үүнийг хийж чадахгүй. Ийм чадварлаг хүмүүсийн хөдөлмөр, сэтгэл, тэдний ар гэрийнхний золиос, зүтгэлийг үгүй хийж болохгүй.
-Аавдаа хэр эрхэлдэг вэ?
-Миний аав намайг хар багаас л ажил, өвчтөн гээд явдаг байсан. Аавыг завтай байсныг би ерөөсөө санадаггүй юм. Бага байхын л айлын хүүхдүүд шиг аавтайгаа тоглож, өдрийг хамт хөгжилтэй өнгөрүүлсэн өдөр яг үнэнийг хэлэхэд нэг их байдаггүй. Яагаад гэхээр эмнэлгийн ажилтан, тэр дундаа мэс засалч бол насаараа суралцдаг мэргэжил. Үүний зэрэгцээ шинэ өвчин байнга гарч байдаг. Эмнэлгийн салбарынхан үүднээсээ эхлээд, даргаа хүртэл бүгд насан туршдаа суралцаж, хүн ардын эрүүл мэндийн төлөө бүхнээ зориулдаг.

Эмнэлэгт ажилладаг эцэг, эхтэй хүн бүрийн багын түүх минийхтэй төстэй байх. Хүүхэд байхад найзууд “Аавтайгаа ингэж тоглосон” гэж ярихад нь “Би яагаад аавтайгаа эрхэлж, тоглож чадахгүй байгаа юм бол” гэж бодогдох үе зөндөө байсан.
-Завгүй, гэрийнхэндээ гаргах цаггүйг нь мэдсээр, харсаар байж чи яагаад энэ салбарт оров?
-Аав, ээж хоёрын хийж бүтээх тэр их эрмэлзэл, сэтгэлийг хараад, өөрийн эрхгүй энэ салбарт орчихсон. Би мэс заслын эмч биш. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараагийн чиглэл болж байгаа, эс, генийн эмчилгээний салбарт суралцаж, ажиллаад, 13 жил болох гэж байна. Би бас л тасралтгүй суралцаж, “Орчин үеийн ололтоос яаж хоцрохгүй байх вэ. Яаж эх орондоо эс, генийн эмчилгээг нэвтрүүлэх вэ” гэж бодож яваа.
Анагаахын оюутан болсноос хойш энэ салбарт 20 гаруй жил чанагдсан хугацаандаа миний л мэдэхийн Дэлхийн анагаахын ололтыг манай улс дандаа араас нь хөөж явсан. Одоо ядаж заримыг нь зэрэгцээд эх орондоо нэвтрүүлмээр байна. Үүний тулд энэ салбарынхан зүтгэсээр яваа. Одоо манай мэс засалчид хаана ч очсон гологдохгүй. Манай эмч нар гар хоосон шахуу мөртлөө ямар их зүйлийг хийж байгаа гээч. Өндөр хөгжилтэй гэж бидний шагшаад байгаа АНУ, Япон, Солонгос, Европын алдартай профессорууд ирээд, манай мэс засалчдыг шагшиж байхыг би 2000 оны эхээс л сонссон.
Дэлхийтэй зэрэгцэн Монголдоо нэвтрүүлж байгаа шинэ эмчилгээний 1 нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ. Энэ бол тухайн эрхтэн нь үйл ажиллагааныхаа төгсгөлийн шатанд орчихсон, өөр ямар ч эмчилгээгүй хүнд л зориулсан эмчилгээ. Энэ эмчилгээгээр манай улс Дэлхийд 9-рт ордог. АНУ хүртэл амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээгээрээ Монголыг гүйцдэггүй. Япон, Солонгос дэлхийд тэргүүлдэг. Дэлхийд тэргүүлэгчээс суралцсан учраас манай улс дээгүүрт явдаг. АНУ бол амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээгээр Дэлхийд ТОП.
Дэлхий нийтэд тархины үхэлтэй хүнийг донор болгох 2 зарчим бий. Насанд хүрээд тухайн хүн “Би донор болохгүй” гэхгүй л бол тэр хүн автоматаар донор болдог. Ихэнх улс ийм зарчимтай. Манайх бол тухайн хүн гэрээслэл үлдээгээгүй бол түүний төрсөн эцэг эх, насанд хүрсэн төрсөн хүүхдүүд, эсвэл эхнэр, нөхрийн аль нэг нь зөвшөөрвөл тухайн хүнийг донор болгодог.
–Цөс, баахан яс илүү авсан байна гэсэн мэдээ анх цацагдахад анагаахын салбарынхны хөх инээд хүрсэн байх. Би шөрмөс, ясны талаар мэдэхгүй ч цөс авсан гэхэд л “Ийм юм яриад байх даа яах вэ дээ” гэж бодсон. Цөс элэгтэй хамт байх ёстой шиг тэр яснууд бас шөрмөстэй хамт байх ёстой байх гэж ойлгосон…
-Анагаахын сургуульд ороход л 1-р курст анатомийн хичээлээр ясны бүтэц заадаг. Ясны ховил, товгор, гүдгэр бүр нэртэй. Зөвшөөрөлгүй авсан эрхтэн гээд цөс, ясгээд олон зүйл бичсэн байсан. 10-аад эрхтэн илүү авчээ гэхийг сонсоод би үнэхээр гайхсан. Бүх эд, эрхтэн дотор маш олон судас байдаг. Хураагуур, тараагуур судасны хажуугаар лимфийн судас (тунгалгийн) гэж бий. Зөөлөн эд рүү орсон энэ судас хүний биеийн хаягдал шингэнийг буцаан сорж авдаг. Үүгээр дархлааны эсүүд хүний биеэр тардаг.
Цөс гэдэг нь хүний элэгний эсүүдээс тасралтгүй үүсч, ялгаран гарч байдаг өтгөн шүүрлийг хэлдэг. Энэ нь элгэн дотор байрласан цөсний цоргоор дамжин цөсний хүүдийд хуримтлагдан шаардлагатай үед (хоол идсэн үед) өөх тосыг задлах, боловсруулахад оролцдог. Энгийнээр хэлбэл цөсний хүүдий нь элэгний доод гадаргууд байрладаг, цөс элэг 2 нь салшгүй холбоотой. Ер нь аливаа нэг эрхтэн бол олон төрлийн эс, эд, судас, мэдрэлийн ширхэг зэрэг олон бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн цогц бүтэц байдаг юм. Тэр бүгдийг нь салгаад зөвхөн элгийг нь авна гэвэл угаасаа тэр хагалгааг хийх ямар ч шаардлагагүй. Ер нь ямар ч төрлийн эмчилгээг хийхдээ хамгийн сайн эмчилгээний үр дүнг гаргах тэрхүү батлагдсан, судлагдсан аргуудыг л сонгодог.
Энэ ч утгаараа шөрмөсийг донороос аваад реципиентэд буюу хүлээн авч байгаа өвчтнүүдэд нь суулгахдаа бэхлэгдсэн ястай нь хамт авч байж, тухайн эдийн үүргийг бүрэн хадгалсан, үйл ажиллагаа хийх боломжит нөхцлийг хангана гэсэн үг. Тэгж байж эмчилгээ ч илүү үр дүнтэй болохоос, салгаад авбал коллагенээр баялаг шөрмөс маш богино хугацаанд агшаад, суулгах хагалгаа амжилттай боллоо гээд бүтцийн хувьд өөрчлөлтөнд орсон шөрмөс нь үйл ажиллагааны хувьд сайн үр дүнг өгөхгүй, дахин тасрах, хөдөлгөөн хязгаарлагдах гээд олон зүйлийг дагуулна. Эцсийн дүндээ хагалгаа амжилтгүй болсон мэт харагдана гэсэн үг. Донороос буян болгож дараагийн хүнд өгөхдөө үр дүн хамгийн сайн үр дүнг гаргах гэж л эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хичээн ажиллаж байгаа гэсэн үг. Энэ нь өөрөө олон улсад судлагдан, батлагдсан практикт үндэслэн гарсан заавар зөвлөмж, удирдамжийн дагуу л хийгдэж байгаа гэсэн үг. Одоо энэ талаар хүмүүс жаахан ойлголттой болсон байх гэж найдаж байна. Анагаахын мэдлэгтэй хүмүүс бол элэг чинь цөсгүйгээр байж болохгүй гэдгийг мэдэж байгаа. Үүнийг сэтгүүлч мэдэхгүй, судлалгүйгээр мэдлэггүй хүний амаар буруу мэдээлэл түгээсэн.
-Анагаахын наад захын мэдлэг өвчтөний ар гэр, цагдаа, прокурор, шүүгч гээд хэнд ч байдаггүйг энэ үйл явдал харуулж байна. Гэхдээ өмгөөлөгч нар тайлбарлаж хэлээд байхад ойлгохгүй байгаа нь хачин юм аа?
-Тэр донорыг дайрч хөнөөсөн жолооч санаандгүйгээр осол гаргасан байх. Яалт ч үгүй хүний аминд хүрсэн учраас цаг алдалгүй өмгөөлөгч авсан байгаа юм. Тухайн үед яг тэр хүн шиг өмгөөлөгч авахгүй яав даа гэж бид одоо халаглаад сууж байна. Аавд ах дүү нар нь “Өмгөөлөгч авахгүй юм уу” гэхэд “Зүгээр ээ. Буруу хийсэн юм надад байхгүй. Хэн нэгнийг хохироох гэж санаатай хийсэн юм байхгүй. Мэдээ мэдээллийн зөрүүтэй байдал, ойлголцлын зөрүүнээс болсон зүйл. Аяндаа учир нь тайлагдана” гээд маш удаан явсан. Энд тэнд “Нотлох баримт аваачиж өгч байна” гээд яваад байдаг байсан.
“Аав аа, цагдаагийн байгууллагад очиж байгаа юм чинь өмгөөлөгч авахгүй юм уу” гэхээр “Зүгээр ээ. Мэдээлэл аваад ир гэсэн. Аав нь ямар ч асуудалгүй. Буруу юм хийгээгүй” гэдэг байсан. Гэтэл мөрдөн байцаалтын явцад өөрийгөө хамгаалах, өөрийг нь гэрчлэх гэрчүүдийг дуудах хэрэгтэй байсан юм билээ. Цагдаагийн байгууллагыг буруутгаж байгаа юм биш. Өмгөөлөгч шаардлагагүйгээр болно гэж бодсон. Хуулийн мэдлэггүйгээсээ болсон.
Хууль зүй, анагаах ухаан гээд 2 өөр шинжлэх ухаан 1 цэг дээр уулзахад, анагаахын шинжлэх ухааныг 100% мэдэхгүй хүн үүнийг уншиж, сонсож, шийдвэр гаргана гэдгийг бид олж харж чадаагүй. Үүнээс болоод аав минь эрхээ бүрэн эдэлж чадаагүй. Ялтан боллоо гээд яллах дүгнэлт гэдэг цаасыг авсан цагаас өмгөөлөгчтэй болсон. Аавынхаа үгэнд оролгүй тэр дор нь өмгөөлөгч авсан бол энэ нөхцөл байдал өөр байх байсан болов уу гэж одоо өөрийгөө буруутгаж сууна.
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой ийм хэрэг хууль зүйн салбарт анх удаа гарч байгаа гэж ойлгосон. Шинээр бий болж буй маргаан учраас хуулийн байгууллагынхан ч бас маш олон зүйл бодож байгаа байх л даа. Ийм зүйл олон улсад яаж явдаг вэ гэдгийг хараасай. Манай Донорын тухай хуулинд хэрэв асуудал гарахад олон улсынхыг дагана гээд бүр заачихсан байдгийг манай хуульч нар мэдэж байгаа байлгүй дээ.

-Чи одоо аавыгаа хараад, анагаахын салбарт ажиллах хүсэлтэй хэвээрээ байна уу?
-Эс, генийн инженерчлэл гээд манай АШУҮИС-ийнхан шинэ салбарыг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Гэхдээ сүүлийн хэдэн сард аавынхаа нөхцөл байдлыг хараад “Ар гэр, бие эрүүл мэндээ хаяад, хүний төлөө, эрүүл мэндийн салбарын төлөө явбал ийм байдалд хүрдэг юм бол би өнөөдөр бас ингээд хүүхдүүддээ, ар гэртээ зориулах цагаа хугаслах шаардлага юу билээ” гэж үнэхээр бодогдож байна. Эс, генийн салбарынхан өндөр хөгжилтэй оронд ажиллах боломжтой. Гадаадын судалгааны байгууллагуудад өндөр цалинтай ажиллах боломж бий. Гадны байгууллагуудаас урилга авч байсан ч би эх орондоо, аав шигээ ажиллахаар шийдээд үлдсэн байсан юм сан, уг нь.
-Гадаадад очиж ажиллах нь уу?
-Уг нь ийм их зүйл сурсан юм чинь Монголдоо нутагшуулчих юм сан гэсэн итгэл үнэмшил байлаа. Гэвч одоо энэ шийдвэртээ эргэлзэх боллоо.
Би энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Японд очиж суртлаа одоогийнх шиг эх оронч сэтгэл надад байгаагүй юм шиг санагддаг. Японд очоод миний олж харсан зүйл бол япон хүмүүс эх орныхоо мөнгийг яаж зөв зарцуулж, шинжлэх ухаанаа яаж дараагийн түвшинд гаргах вэ гэдэг. Япончууд хувийн үзэл бодлоо хойш тавиад, нэг зүйлийн төлөө эвлэлдэн нэгдэж чаддагийг би 4 жилийн турш харсан. Тэр нь надад “Эх орноо ийм болгочих юм сан” гэж бодогдуулсан. Энэ тухайгаа хамт сурсан, өмнө нь сурсан хүмүүстэй ярилцаад, “Бүгдээрээ Монголоо хөгжүүлнэ. Монголын шинжлэх ухаан хэдий болтол дэлхийн шинжлэх ухааны араас нь хөөх юм. Зэрэгцье” гэж зорьсон. Гэтэл бидний зүтгэл, сэтгэлийг ингэж үнэлж байгаад маш харамсалтай байна.

Хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар маш харамсалтай. Маш муухай коммент бичдэг хүмүүсийг хараад байхад байгаль, цэцэгний зурагтай, хэн гэдэг нь тодорхойгүй хүмүүс байна лээ.
Дэмжиж байгаа хүмүүс ч зөндөө бий. Аавд минь итгээд, дуу хоолойгоо хүргэж байгаа бүх хүнд маш их баярлалаа. Бид энэ олон хүний итгэл үнэмшлийг нүдээрээ харж байна. Зүгээр ингээд зогсохгүй.
-Манай эрхтэн шилжүүлэх эмчилгээг ДЭМБ хянадаг юм уу?
-Эс, эд, эрхтэн шилжүүлэх эмчилгээг Истанбулын тунхаглалаар дэлхий дахинд зохицуулдаг. Дэлхийн 200 гаруй улсаас 60-аад нь энэ конвенцод нэгдсэн. Манай улс ч орсон. Эмнэлэгт нь эс, эд, эрхтний, хүний наймаа байхгүй улсыг энэ конвенцод элсүүлдэг. Манай улс тэр шалгуурыг нь хангаснаар нэгдэж чадсан. Энэ байгууллагаас эрхтний, хүний наймаанаас сэргийлэх чиглэлээр маш их заавар, зөвлөмж, чиглэл өгдөг юм байна лээ.
Мөн тус байгууллагаас манай улс амьд донороос эрхтэн шилжүүлэх хагалгааг илүүтэй хийж байгаа. Истанбулын конвенцоор бол амьд донороос аль болох татгалзахыг зөвлөдөг. Ид хөдөлмөрийн насны залуучуудын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан, донор болгож байгаа шүү дээ. Мэс засал, хагалгаа бүрт эрсдэл, хүндрэл гэж бий. Амьд донор эрсдэх магадлалтай. Тиймээс амьгүй донороос эрхтэн авахыг зөвлөдөг юм байна лээ. Уг нь нийгэм хөгжихийн хэрээр ард түмэн нигүүлсэнгүй, ёс суртахуунтай болдог. Наснаасаа эрт нөгчиж байгаа хүн амьдрах боломжтой, өвчтэй хүмүүст амьдрал бэлэглээд буцах нь маш том буян. Тэдгээр хүмүүсийн ар гэрт үргэлж талархаж, хүндэтгэж байх хэрэгтэй.
Мөн тус Олон улсын байгууллагын өгч байсан нэг зөвлөмж нь манайх шиг 3.5-с 3.6 сая хүн амтай улсад эмчилгээний 1 цогц төв байж, тус эмчилгээнд шаардлагатай өндөр өртөгт тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 1 газар төвлөрүүлэн, харин хагалгааг хийх чадвартай багууд нь эмнэлэг тус бүртээ бэлтгэгдэн, эмчилгээгээ төвдөө хийдэг чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй гээд. Тэр ч утгаараа манай улсад байгаа эмч, мэргэжилтнүүд энэхүү төвийг байгуулахаар төсөл бичиж, Сарангэрэл сайдын үед Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу 2024 оны 10-р сард 140 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, төв барьж байгаа гэж ойлгож байгаа.
Ийм төв барихаар санаачлаад, төслийг нь анх бичсэн хүмүүсийн 1 нь миний аав. Төсөлд нь шаардлагатай гадаад эх сурвалжийг би аавдаа олж өгч, орчуулахад нь тодорхой хэмжээнд тусалж байсан юм. Мэдээж энэ бол багаараа бичсэн төсөл л дөө. Гэтэл уг төвийн нээлтэд аав оролцоогүй.“Нээлт болсныг нь Мэдээгээр л харлаа” гэж аав хэлж байсан. Харин үндэсний аюулгүй байдал, улсын бэлэн байдал гэдэг утгаараа батлан хамгаалахын салбар, Цэргийн эмнэлэг бусад эмнэлгээс үл хамаарч, ямар нэг шаардлага гарвал өөрсдөө энэ хагалгааг хэзээ ч хаана ч хийж чаддаг байх ёстой юм байна гэж ойлгосон.
Одоо намайг, миний үр хүүхдийг, ар гэрийг, аавын амь насанд заналхийлэл ирээд, араас хүн дагаад байгаа энэ үед маш олон асуулт гарч ирээд байна л даа. Хардлага, хий төсөөлөл байж магадгүй. Тэр донорын осол, аавтай минь холбоотой энэ хэрэг зүгээр нэг тохиолдол биш юм биш биз дээ гэж асуухад тулж байна.
Одоо аавыгаа гэрт нь гаргаад, эмчилгээ хийлгэхэд нь хажууд нь байж асран, үлдсэн насыг нь хамт өнгөрүүлмээр байна. Хэдхэн жил, магадгүй хэдэн сар үлдсэн байж ч мэднэ.
18 responses to “Б.Хонгорзул: Аавд минь, надад хүртэл заналхийлж эхэллээ. Би айж байна”
Аан, албан тушаал эрх мэдэл, өөр юу ч байдаг юм , авах гээд байгаа юм бол уу, өөрөөс нь дээр гарах мэргэжил боловсролтой болхоор тэгээд байгаа юм бол уу.
Энэ эрхтэн шилжүүлэх гэдэг чинь их төвөгтэй үйл ажиллагаа юм гэсэн шд. Саяхан сошиалаар яваад л байсан, АНУ-н нэг баян сагсчинд донор олдохгүй олон жил зовж байж арай гэж донор олдож бөөрөө билүү солиулж амь аврагдсан гэсэн. Манайхны яриад байгаа шиг тийм ч дураараа солиод тавиад байдаг эд биш байх аа. Өнөрөө гэж авгай амьдрах найдлага хүлээж байгаа олон хүнийг нухлаа даа ингээд
боловсролтой ухаантай хүний энгийн ярилцлага хүртэл гайхалтай сайхан юмаа. хууль тогтоомжийн бүдүүлэг тодорхойгүй байдал, тэнэг сэтгүүлч нэртэй шантаажчин авгай, салбараа хамгаалдаггүй сайданцар гэх мэтээс болж нэг сайхан эмч хохироод монголд нутагшиж амжилттай урагшилж байгаа энэ шинжлэх ухаан хэдэн арван жилээр ухрах л юм байна даа янз нь. үр дүнд нь олон хүний амь нас аврагдах боломж байхгүй болох юм байна.
Тиймээ
Эрүүл мэндийн яамнаас зохион байгууллалттай хийж буй ажил
Эд эрхтэн шилжүүлэх төвийн барилга ирээдүйд энэ алба маш томрох жил бүрийн төсөв энэ тэр юманд шууд шуналтаж хийсэн ажил
Амжилт хүсьё
Зөвшөөрөгдснөөс бусад эд эрхтнийг ар гэрт нь мэдэг авсан бол доромжлол, бас гэмтхэрэг шүү дээ
Нэг шуналтай чавганц өмхий Өнөрөө хоёрын л хийсэн гай.
Тэр охин нь ч шөнө согтуу гарцгүй газраар зам гарч бас нэг жолоочид гай болсон.Заяагүй гайнууд алхам тутамдаа хүмүүст гай чирсэн дээ.
Элэг бөөр нь гайг нь цайруулсан биз
Шударбус хандаж байгаа ажиглагдаад байна. Өчнөөн жил хүний амь нас аврах ажил хийчхээд одоо маш хэц6байдалд байгааг ойлгооч.улсаа худалдчихсан биш.бас хаа сайгүй байдаг атаа хорсол ч байж магад
Энэ угаасаа Монголд эрхтэн суулгах болсныг унагаах зорилготой гадны явуулга доо. Энд сайжирчихаар Турк, Со, Энэтхэг рүү очих мөнгөний урсгал хаагдчих гээд бна шд, бас томчууд тоохгүй бгаа нь тэд монголдоо хийгэхгүй, ядарсан мөнгөгүй, гадаад явах боломжгүй жирийн иргэн л хохирч байгаа юм. Тэд үхэх нь томчуудад хамаагүй тул дуугарахгүй бна л д.
ЭМ-ийн сайдыг овоо юмуу гэтэл оройгүй тэнэг амьтан байжээ. Өөртөө хяналтгүй хөөрсөн хүн унавал их хүчтэй унах байх шүү.
ЭМ-ийн сайдыг овоо юмуу гэтэл оройгүй тэнэг амьтан байжээ. Гэнэт огцом хэт өндөрт хөөрсөн хүн унавал гишгэх шатгүй хүчтэй өнхрөх байх шүү.
haramsaltai yaa..
Сайд тэгээд шүүхийн шийдвэрийг яах ёстой билээ? Хүний эд эрхтэнийг нь зөвшөөрөлгүй авахдаа ард нь төр хууль цааз байдгийг санах нь яасан?
үнэхээр харамсалтай. энэ тэр донорын төвтэй бас их холбоотой юм шиг банйа шдээ ЭМС рийлчин Мөнхсахйан үнэхээр муухай хүн юм даа Батчулуун Эмч эрүүл саруул хурдан цагаадаасай л гэж хүсэх байна даа. тэр хөөрхий донор болсон охины ар гэрийхнийг ч гэсэн энэ муухай улс төрдөө оруулаад мөнгөөр амыг нь хаагаад элдэв мэдэгдэл нтр хийлүүлээд багйаа нь үнэхээр ёс зүгүй байна.
Эмч ар гэр нь зөвшөөрснөөс илүүг авсан бол хичнээн мундаг чадвартай, олон хүнд хагалгаа хийж амийг аварсан ч гэлээ өргөсөн тангаргаа зөрчиж эмч хүнд байж боломгүй мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан гэсэн үг шүү дээ. Нэг ёсондоо өөрийнхөө ажил мэргэжлийн давуу талыг ашиглаж хулгай хийснээс ялгаа юу байна. Шүүх мэдээж нотолгоо баримттай нухацтай л хандсан байлгүй дээ. Түүнээс ийм нэр нөлөөтэй, дэмжигчид ихтэй эмчийг хэлмэгдүүлнэ гэж баймааргүй юм. Эрхтэн донорын асуудал дээр манайхан чанга хатуу байх нь зөв. Эмч нар нь төлөвшөөгүй, шуналтай, мөнгөний төлөө байгаа үед ядуу хүн аврахгүй үхүүлээд баян мөнгөтэй хүнд эрхтнийг нь авч зардаг бузар наймаа бий болох боломжтой. Сүүлийн 3 сар олон нийтийг талцуулсан энэ таагүй мэдээ салахаа болилоо ядаргаатай.
Үнэхээр сайхан ярилцлага болж.Нэгч гэсэн хүн бага ч гэсэн энэ салбарын төсөөллийг авах болов уу гэж бодож байна.
Тэр эмчийн сайхан сэтгэл, ур чадвар, олон жил гавъяа хийсэн,сайн аав өвөө хамаагүй ээ. Хууль зөрчиж эл эрхтэн зөвшөөрөлгүй (тохироогуй) авах нь гэмт хэрэг бөгөөд их том доромжлол. Харин ч том шуугиан пиардаж хөнгөн өнгөрч байна.
Мунхаг сэтгүүлчээс хамаг юм боллоо