Х.Нямбаатар: Дулаалгын стандартаа хангасан айл өрхүүдийг хийн системд шилжүүлээд жилд 900 мянгын татаас олгоно


Нийслэлийн гэр хорооллын бүсийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тухай яригдаж байгаа. Тэгвэл энэ шат дараалал хэрхэн өрнөх талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатараас тодрууллаа.

-Хийн халаагуурын системээр гэр хорооллын бүсийг хангах асуудал яригдаж байна. Өчигдөр НИТХ-ын хурлаар энэ асуудал яригдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

– Улаанбаатар хотын агаарын бохирдлын 57 хувь нь гэр хорооллын түлж байгаа хатуу түлш буюу нүүрснээс үүдэлтэй. 29 хувийг автомашины яндангаас гарах утаанаас үүдэлтэй. Бусад улсын агаарын бохирдлоо шийдсэн туршлагаас харахад орон сууцанд хамруулах, хийн түлшинд шилжих эсвэл цахилгаан халаагуурт шилжсэн процессууд байна. Бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажил хийсний хүчинд нийслэл цахилгааны дутагдалгүй боллоо. Цаашид мөн эрчим хүчний эх үүсвэр 300 мегаваттаар нэмэгдэх бололцоо бий. Тиймээс зарим айл өрхийг цахилгаан эх үүсгүүрт холбох асуудал яригдаж байгаа юм. Яагаад чухам зарим гэж тодруулж байна вэ гэвэл эрчим хүчний дэд бүтцийн боломж дамжуулах шугамын ачаалал байршлаасаа хамаараад байна. 1-р хорооллын арын зарим хэсгүүд, 3,4-р хорооллын арын дэнжийн зарим хэсгүүд, Дэнжийн мянга орчмын айл өрхийн зарим хэсгийг бид цахилгаан эх үүсгүүрт холбох боломж бүрдүүлнэ. Харин цахилгаанаар халааж дийлэхгүй хэсгүүдэд бид газар халаадаг систем рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн айл өрхүүдийн тоо хэлбэлзсэн дүнтэй яригдаад байдаг. Энэ нь зуслангийн бүсэд айлууд тогтмол амьдрахгүй байгаатай холбоотой. Бидний тооцоолж байгаагаар 195 мянга орчим өрх гэр хороололд гал түлж байна. 2025 онд эхний ээлжид бүсчиллээ тогтооно. Ногоон, шар гэдэг хоёр бүсчлэл. Ногоон бүсчлэлд инженерийн дэд бүтэцтэй ойрхон байршлыг оруулна. Тодруулбал Гандан, Эх нялхсын эмнэлгийн орчим, Мамба дацан хийдийн орчим ч гэдэг юм уу. Ногоон бүсчлэлийн гадна үлдэж байгаа хэсэг бол шар бүсчлэл. Бид эхний ээлжид ядаж эхний 3 жилдээ ногоон бүсчлэлд байгаа хэсэгт огт гал түлэхийг болиулъя гэж байгаа юм. Түүнчлэн ногоон бүсчлэлд хоёрдогч түүхий эд авах ч гэдэг юм уу хориглосон үйлчилгээ явуулахгүй. Мөн Евро-5 юм уу маш чанартай шатахууны худалдаа хэрэглээг Нийслэлийн ногоон бүсчлэлд бий болгоно. 2025 оны хувьд 51 мянган айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Энэ ажил маш амархан. Тоног төхөөрөмж авчраад айлуудад суурилуулаад л болоо. Гол асуудал нь айлуудын дулаан алдагдлын асуудлыг шийдэж стандартын шаардлага хангуулах нь чухал байна. Би эхний ээлжид Монгол гэрийн дулаалгын стандартыг батлуулах гэж байгаа. 9-р сарын 15 гэхэд айлуудтай хамтраад нийслэлийн дулаалгын асуудлыг шийдэж дуусгана гэдэг зорилготой явж байна. Үүн дээр нэмээд ярихад орон сууцны дулаан алдагдлын асуудал бас бий. 456 орон сууцны дулааны алдагдлыг арилгаж чадвал бид ТЭЦ-3-ын үйлдвэрлэлтэй дүйх хэмжээний дулааныг хэмнэх бололцоо бүрдэнэ. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хот байж дулаан алдагдлаа шийдэж чадалгүй өнөөдөртэй золгосон байгаа юм. Гэр хорооллын 51 мянган айлуудынхаа дулаан алдагдлыг арилгалаа гэвэл нийслэлээс албаны хүмүүс очиж хийн болон цахилгаан халаалтын үүсгүүрээ суурилуулаад суурилуулаад л гарна. Мэдээж тухайн үед нь аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа өгөөд явна. Үүнийг дагаад угаар утаа мэдрэгчүүдийг суурилуулна. Бас 1 гол асуудал нь хий өөрөө импортоор авах түүхий эд. Хийн нийлүүлэлтийг тасалдалгүй нийлүүлэх талаар гадаад худалдааны хэлэлцээрийг нийслэл 5-р сардаа багтааж хийх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж байгаа газыг жижиглэнгээр түгээдэг 10 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээр компаниуд бидний ажилд тусалж арга зүйн зөвлөмжөөр хангана. 9-р сарын 15-наас дулаалгаа шийдэж хийн халаалтын систем рүү шилжсэн айл өрхүүдэд бид татаас олгоно. 1 айлд 900 орчим мянган төгрөгийн татаас байх юм. Татаасыг сар сарын онцлогтой нь уялдуулж олгоно. 9-р сард 25 мянга, 10-р сард 50 мянга, 11-р сараас 200 мянга төгрөг болгож нэмэгдүүлээд 3-р сараас 150 мянга, 100 мянга, 25 мянга гээд бууруулна.

-Хийн эсвэл цахилгааны халаагуурт шилжихээр гэр хорооллын айл өрхүүдэд санхүүгийн дарамт нэмэгдэхгүй байгаа?

-Бид одоо өвөлдөө нүүрс худалдан авахдаа хэдэн төгрөг зарцуулдаг тэр ачааллыг нь нэмэхгүйгээр буюу санхүүгийн дарамт нэмэхгүйгээр л хийн халаагуурын систем рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Тэр ч үүднээсээ татаас олгоё гэж байгаа. Хэрэглэгчид хэрэглээний шок өгөхгүйн тулд гэх үү дээ. Хийн түлш рүү шилжчихвэл иргэдийн амьдрах орчин эрс дээрдээд явна.

-Дулаалгын асуудал чухал сонсогдож байна. Өөрсдөө дулаалга сайжруулж чадахгүй өрх их байгаа болов уу? Бусад яамд дэмжлэг үзүүлэх үү?

-Яамдыг оролцуулах тухай яригдаж байгаад больсон. Гэхдээ айлууд өөрсдөө оролцохоос өөр аргагүй. Бид стандартыг баталж өгнө.

-ТҮЦ эрхлэгчид шаардлага тавиад эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ хүмүүсийн амжиргааны асуудлыг ингээд нийслэл шууд үгүй хийж болох уу?

-ТҮЦ-нүүд үйлчилгээ эрхлэх наад захын эрүүл ахуйн стандарт хангадаггүйг бүгд мэднэ. ТҮЦ нүүлгэснээр нийслэлийн иргэдэд илүү аятай тухтай болж, алхах зам талбай цэлийсэн гээд баяртай байгаа иргэд олон байна. ТҮЦ эрхлэгчдэд би хэлсэн шүү дээ. Хэрвээ амьжиргаагаа залгуулах аргагүй болсон бол бүгдийг нь нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажилд авъя гэдэг санал тавьсан шүү дээ. Тохижилт үйлчилгээ, нийтийн тээвэр, ОСНААГ гээд 2 сая төгрөгөөс дээш цалинтай ажилд оруулъя гэсэн чинь үгүй гэж байна. Үнэхээр худалдаа эрхлэх гээд байгаа бол Нарантуул зах дээр лангуу олгоё гэхэд хүртэл татгалзсан. 1 хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана шүү дээ. ТҮЦ эрхлэгчдийн ингэж дураараа зүтгэж байгааг би Анархизм гэж нэрлэнэ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *