Л.Оюун-Эрдэнэ “Төгрөг нуур, Ухаа худаг, стратегийн бусад ордын хэлцлийг түргэвчил” гэж Н.Учрал, Ц.Туваан нарыг шахжээ


Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ яг нэг жилийн өмнө баталж байв. Үүний дараа 2024 оны есдүгээр сарын 25-ны засгийн газрын хуралдаанаар үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг баталсан. Тус тогтоолоор “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах, мөн тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байгаа хил зааг нь тогтоогдоогүй ордуудын талбайн хил заагийг тогтоох саналыг боловсруулж, засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгасан. Түүнээс гадна үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, үр дүнг засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгаж байв.

Тэр хуралдааны дараахан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа стратегийн орд ашгийн дийлэнхийг ард түмэн үндэсний баялгийн сангаар дамжуулж хүртэнэ гэдгийг хуульчилж өгсөн. Байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх ёстой. Стратегийн орд гэдэг бол үндэсний баялгийн сангийн тухай ярьж байгаа. Стратегийн орд нэг жилд ДНБ-ий 5 хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Стратегийн ордуудаас орж байгаа ашиг бол үндэсний баялгийн үр өгөөжийг дээшлүүлдэг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг УИХ 2007 оноос хойш шинэчлээгүй. 16 стратегийн дотроос долоо нь төрийн эзэмшилд байгаа. харин есөн стратегийн орд өнөөдөр хувийн эзэмшилд байна. Харин 39 стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч УИХ-аар орж батлагдаагүй эдгээр ордыг хамааруулах засгийн газрын шийдвэр гарах ёстой. Ингээд жагсаалт шинэчлэгдэх ёстой. Үүнийг Ц.Туваан сайдад даалгасан. 16 стратегийн ордоос долоог нь төр эзэмшдэг гэж байв.

Мөн тэрбээр 2025 оны гуравдугаар сарын 31-нд УИХ-ын чуулган дээр:

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг би ахалж байгаа. 39 ордыг стратегийн ордод бүртгэ гэдгийг УИХ шийдчихээд байхад 18 жил хав дарсан. Энэ хугацаанд энэхүү ордуудыг гадаадын иргэдэд зарсан, ашиг хонжоо олсон. Энэ асуудал дээр хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр гэдэг бол хэрүүл, тулган шаардалт биш. Төрийн тэргүүн байсан Х.Баттулга үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийг төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш, үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг бид ярих цаг ирсэн. Адилхан ярина гэсэн юм.

Харин засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлийг өгчээ.

Тэрбээр:

-Төгрөг нуур, Ухаа худаг болон бусад стратегийн ордын хэлцлийг түргэвчил гэж сайд нарыг шахжээ.

Мөн тус хуралдаанаас стратегийн ордуудын Баялгийн санд нэмэрлэх хувь хэмжээг АМНАТ-өөр оруулан тооцохыг боловсронгуй болгох өөрчлөлтийг Ашигт малтмалын хууль, үндэсний баялгийн сангийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Ө.Билэг


One response to “Л.Оюун-Эрдэнэ “Төгрөг нуур, Ухаа худаг, стратегийн бусад ордын хэлцлийг түргэвчил” гэж Н.Учрал, Ц.Туваан нарыг шахжээ”

  1. Учрал аа коммунистуудаа танар Х.Батулга бол танарыг бодвол гадаад ёртөнцөд үлгэр дууриалал болсон жинхэн монгол хүн шүү 3 сая монголчууд Баттулгыг өмөөрнө шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *