Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ирэх 7 хоногт батална


УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үдээс хойшх хэсгээр хэлэлцэгдсэн юм. УИХ-ын гишүүд сонгуулийн өмнө ажлын тайлан тавих нэрээр сонгогдсон тойрогтоо ажилладаг нь Үндсэн хууль зөрчиж байгааг цэцээс тогтоосон байдаг. Тэгвэл парламент өөрсөддөө давуу байдал үүсгэж шинэ нэр дэвшигчдээс давуу боломж эдэлж ирсэн гишүүн хийсэн ажлаа тайлагнадаг байдал өнгөрсөн хугацаанд болсон сонгуулиудад бүгдэд нь давтагддаг ирсэн нь нууц биш. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр парламентын танхимаас янз бүрийн байр суурь гарч байна.

Тухайлбал Ж.Алдаржавхлан гишүүн: Их хурлын гишүүн эргэх холбоотой ажиллах учиртай. Ажлаа тайлагнахгүй бол сонгосон иргэд дургүйцнэ шүү дээ.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Хэрвээ тэгш боломж олгох гэж байгаа бол 1-р сарын 6-наас эхлээд сурталчлахыг хориглох хэрэгтэй. Сурталчилгаа 18 хоногтоо л явагдаг. Сошиалаар өөрсдийгөө сурталчлах боломж нээлттэй шүү дээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Сонгуулийн хуулиар бид мөнгө эд зүйл тараахыг хуулиар хориглодог. Сүүлийн 2 сонгуулийн үеийн мөнгөний талаар би судалгаа хийж үзлээ л дээ. 2019 оны эхний 6 сарын байдлаар 156 тэрбум төгрөг арилжааны банкуудаас бэлэн мөнгө хэлбэрээр гарч байсан бол сонгуулийн жил буюу 2020 оны эхний 6 сард 268 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байгаа юм. Энэ мөнгөний 88 хувь нь оны эхний 6 сард гарсан байна. Хэрвээ тэгш байсан бол сонгуультай холбож үзэх шаардлагагүй. Улсын төсөв ч гэсэн сонгуулийн жилүүдэд тэлдэг жишиг бий. 20-25 хувиар тэлэх нь байх ёстой үзэгдэл шиг харагдах болж. 2024 онд 302 тэрбум төгрөг бэлэн мөнгө хэлбэрээр арилжааны банкуудаас гарсан бол эхний 6 сард 284 тэрбум буюу нийт бэлэн мөнгөний 94 хувь нь сонгуулийн зардалд зориулагдсан байх магадлалтай байна. Энэ тоонууд Монголын сонгууль мөнгөнөөс хамааралтай болдог болжээ. Ийм их мөнгө зарцуулагдсан байхад сонгууль шударга явагдаж байна гэж яаж үзэх вэ? Миний сая ярьсан тоо зөвхөн төгрөгөөр гарсан мөнгөний дүн. Валютын дүн мэдээ ороогүй шүү” гэв.

УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр өрнөсөн ч гишүүдийн дэмжих үгүйг шийдэх санал хураалтыг ирэх 7 хоногийн чуулганы хуралдааныг хүртэл хойшлуулсан юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *