Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга Х.Тайванбаяр “Шинэ Мөрөн худалдааны төв” ОНӨХХК-д үйл ажиллагаа явуулж байсан 18 оёдолчинтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсов. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар үйл ажиллагаагаа явуулдаг “Хөдөөгийн шийдэл” ОНӨХХК-иас 5 оёдолчинд шулуун оёдлын машин, хэрээсний машин, эсгүүрийн ширээний иж бүрдлийг хөнгөлөлттэй зээлээр олгохоор боллоо.
Оёдолчдод үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгохын тулд тус сумын 10-р багт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д ажлын 2 өрөөг түрээсийн төлбөргүйгээр ашиглуулахаар шийдвэрлэв. Даавуун тор оёх санал тавьж, оёдолчдод материал худалдан авахад нь зориулан, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр болсон байна.
“Шинэ Мөрөн” худалдааны төв энэ сарын 14-нд шатаж, уг төвд талбай түрээслэн, оёдлын үйлчилгээ үзүүлж байсан 18 оёдолчин ажлын байргүй болсон юм.