Нүүрсээ бартераар ч хамаагүй зарж байж хил дээрх гацааг арилгах төсөл гишүүдийн дэмжлэгийг хүлээх үү?


Хил дээр Монгол улсын экспортын гол нэрийн түүхий эдүүд овоорч гацааны нөхцөл үүсээд байна. Гол шалтгаан нь нүүрсний үнэ унасантай холбоотой худалдан авалт буурсантай холбоотой. Энэ гацааг арилгах үүднээс Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар түргэвчилсэн горимоор чуулганаар хэлэлцүүлж байгаа юм. Нүүрсийг заавал шууд худалдан авалтаар биш худалдааны өөр зохицуулалт оруулах санал хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд тусгажээ. Тодруулбал бартераар нүүрсээ борлуулах санал багтсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Боомт хариуцсан сайд Б.Тулгын зүгээс “нүүрс зөөх гол замуудаа нүүрсээ бартераар өгсний хариуд тавиулж болно” гэж мэдэгдсэн юм.

Өмнө нь нүүрсний хулгай оптек гэрээгээр нүүрс тээвэрлэж байсантай холбоотой үүсэж байсан шиг асуудал давтагдах вий гэдэг болгоомжлолыг дагуулж байгааг шүүмжлэх гишүүд олон байлаа. Тухайлбал АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Бартераар засгийн газар нүүрс зараад ирвэл баялаг хэрхэн урсаж байгаа ард түмэн, УИХ ч хянах бололцоо бүрдэхгүй болно гэсэн үг” гэж мэдэгдсэн билээ. Харин хуулийн төслийг оруулж ирсэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зүгээс: “Үнэндээ бид аргагүй нөхцөл байдалд орчхоод байна. Бөөгнөрсөн түүхий эдийг борлуулж гацааг арилгах шаардлага үүссэн. Хяналтыг худалдан авалт бүрд УИХ дээрээ яриад явах бололцоотой” гэж учирласан юм.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 сая ам.доллароор буурсан байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байдаг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны 04 дүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. 2025 оны II сарын байдлаар нүүрсний үнэ 30 хувиар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэх байр суурь гишүүдээс их гарч байгаатай холбоотойгоор намын бүлгүүд байр сууриа нэгтгээд асуудлыг ахин хэлэлцэж батлах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрлээ. Биржийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх 7 хоногийн пүрэв гаригт хэлэлцэхээр болж хойшлууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *