Ц.Өлзийтогтох: Махны экспортод хязгаар тогтоож, ноолуурыг үнэгүйдүүлсэн нь монголчуудын эрх ашгийг хохироолоо


Монгол Улсын гавьяат малын эмч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

—————————————————————————-

-Та хөдөө аж ахуйн салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би хөдөө аж ахуйн салбарт 30 жил ажиллаж байна. Биокомбинатад мэргэжилтэн, цехийн эрхлэгч, албаны дарга, ерөнхий эмч, захирал гэх мэт албан тушаал дээр томилогдон ажиллаж байлаа. Мөн Монголын малын эмч нарын холбооны ерөнхийлөгчөөр таван жил, ХААИС-ийн дэд захирлаар гурван жил ажилласан. Америк, Япон, Нидерланд зэрэг 20-иод оронд мэргэжил дээшлүүлээд, 2021 онд Монгол Улсын гавьяат малын эмч цол хүртсэн.

-Төр засгийн бодлого шийдвэрээс шалтгаалаад махны үнэ өслөө гэж иргэд бухимдаж байна. Энэ бүхнийг мал аж ахуйн мэргэжилтний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Сүүлийн хэдэн жилийг анзаарахад, Монгол Улсад төрийн бодлого гэдэг зүйл байхгүй болчихсон. Дандаа гадны орны, тэр байгууллагыг дуурайж байна гэсэн жишиг рүү ороод үндэсний гэх зүйлгүй болсон. Жишээ нь, манай улсын мал аж ахуй гадны улсаас тэс өөр. Тийм болохоор бид мах, сүүнээс эхлээд малаас гарч байгаа эрүүл, аюулгүй хүнсээ хэрэглэх ёстой. Гэтэл Монголын төр засгаас явуулж байгаа бодлогыг харахаар эрүүл, байгалийн бүтээгдэхүүнээ гаргачихаад, тахиа, гахайны мах, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн оруулж ирдэг. Уг нь дотоодынхоо зах зээл дээр Монголынхоо бүтээгдэхүүнийг боломжийн үнээр авч хэрэглэх бодлогыг баримтлах ёстой. Хүнсний аюулгүй байдлын хангалт, нийлүүлэлтийн хувьд монгол хүний төлөө гэсэн бодлогыг явуулахгүй байна. Малын эрүүл мэндтэй холбоотой бодлого нь байнга л шинжлэх ухааны зарчимтай зөрчилдөж, монголчуудын эрх ашгийг зөрчиж, гадны бодлогыг хэрэгжүүлж, наймаачдын эрх ашигт үйлчилсээр байгаад харамсаж явдаг юм. Тэр бодлого нь одоо ч үргэлжлээд явж байна. Гадагшаа мах экспортолно гэхээрээ үнэн хэрэгтээ хэдхэн улс руу гар аргаар үйлдвэрлэсэн бага зэргийн мах л гаргаж байгаа. Түүнээс Япон, Америк зэрэг өндөр шаардлага тавьдаг зах зээл рүү гаргаж чадахгүй. Гадагшаа өндөр үнээр махаа экспортолж байгаа бол малчдын орлого нэмэгдэж, амьдрал сайжрах ёстой. Гэтэл малчдын гар дээрээс авч байгаа махны үнэ маш доогуур байдаг. Ченж, мах бэлтгэж байгаа компаниудын тогтолцоо орж ирээд дундаас нь ашиг олоод эхлэхээр үндсэн үйлдвэрлэгчид ямар ч ашиггүй болж байгаа юм. Уг нь иргэд малчдаасаа махаа авах нь зөв тогтолцоо ч үүнийг хорьчихсон.

Заавал гарал үүслийн гэрчилгээ шаарддаг болохоор ченж нарт малаа өгөөд явуулчихна. Тэгсэн хэрнээ монголчуудыг хямд үнэтэй мах идэх боломжийг бүрдүүлж чадсан уу гэвэл чадаагүй. Хүүхэд залуустаа бургер, тахиа, гадаадаас оруулж ирсэн хүнс идүүлчихээд, монгол малынхаа махыг гадагшаа явуулж байна. Үлдсэн мах нь чанар муу, үнэтэй болчихоод байгаа юм. Ийм гажиг тогтолцооны учгийг УИХ, Засгийн газар, ХХААЯ, Мал эмнэлгийн Ерөнхий газар нь ч ярих ёстой. Ямар ч бодлого алга. Үүнд мал аж ахуйн мэргэжилтнийхээ хувьд шүүмжлэлтэй хандсаар ирсэн.

-Энэ жил бүх ноолуурыг угааж, самнаж экспортод гаргана гэснээс болоод ноолуурын үнэ буурсаар байна?

-Саяхан л гэхэд миний таньдаг малчин “ноолуур авахгүй байна” гэж ярьж байсан. Аргагүй шүү дээ. Гадагшаа гаргахыг хориглочихсон болохоор дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэхгүй, дээрээс нь маш их санхүү хэрэгтэй болохоор тэр. Хаврын ямаа самналтын үе бол малчдын гол орлогоо олдог сезон нь. Энэ хугацаанд ноолуураа борлуулах ёстой байтал гадагшаа гаргадаг зах зээлээ хаачихаар юу болох бол. Үүнээс болоод дотоодын зах зээл дээр мөнгөний хомсдол үүсэж, ноолуурын үнийн уналт бий болчихож байгаа юм. Хэрвээ гадаад руу гаргах зах зээлийг хааж байгаа бол ганцхан шийдэл нь дотоодын үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Дотооддоо үйлдвэртэй болсны дараа хаадаг юм. Мах, арьс шир дээр ч ялгаагүй. Гадагшаа түүхийгээр нь гаргахгүй гэж байгаа бол дотоодод хагас байна уу, түүхий байна уу хамаагүй үйлдвэртэй болчихоод гадагшаа экспортлохыг хаадаг гэдгийг Засгийн газар, УИХ-д ойлгуулах хэрэгтэй юм шиг байна. Төр засгийн бодлого бол амьдралаас тасарчихсан, юу хийж байгаагаа мэдэхгүй, зөвхөн гадаадын компанийн үйл ажиллагаагаар л шийдвэрээ гаргадаг болсон. Энэ асуудлууд бол зөвхөн мал аж ахуйн салбарынханд биш, Монгол Улс, нийгэмд хамааралтай.

-Импортын татварыг тэглэснээс үүдээд дотоодын үйлдвэрүүд дампуурсан нэг жишээ нь гурилын татвар. Төр засгийн үүрэг бол ард түмнийг сайхан амьдруулах байтал эсрэгээрээ доройтуулаад байна уу?

-Саяхан Хятадаас АНУ-д нийлүүлж байгаа бараанд 145 хувийн татвар ногдуулчихлаа. Ухаантай удирдагчдын бодлого ийм байдаг юм байна. Ингэж дотоодынхоо үйлдвэрийг хамгаалдаг юм байна. Гэтэл манайх эсрэгээрээ тэглэчихсэн. Энэ бол хэзээ ч байж болохгүй бодлого. Гурил гэлтгүй бусад бүтээгдэхүүн ч ялгаагүй. Атрын аян гээд дотоодынхоо гурил, төмсийг 100 хувь хангадаг болчихлоо гэж байсан. Хэрэв тийм юм бол импортын татварыг тэглэх биш, 200 хувь болгох ёстой. Харин дотоодын үйдвэрлэгчид үнийн бодлогоо зөв баримтлах хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэгч нар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай юм бол Хятадаас төмс оруулж ирэх шаардлагагүй. Хэрэв хятадууд нэг кг төмсийг 1500 төгрөгөөр зарж байхад бид 200 хувийн татвар тавьчихаар оруулж ирж чадахгүй шүү дээ. Үнэхээр төр засгийн бодлого гэдэг зүйл байдаг юм бол үйлдвэрлэгч нартайгаа харилцаа холбоотой байх ёстой. Ийм зохицуулалтаа ч хийж чадахгүй байгаа болохоор төр засаг засаж сайжруулах үүргээ алдаад, засаж муужруулах үүрэгтэй болчихлоо. Өнөөдөр бодлого битгий хэл улс орон нь хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй байх шиг байна.

-Ер нь төр засгийн бодлого, шийдвэр ямар зарчмаар яваад байна вэ?

-Салбар салбарыг хариуцсан сайд гэж бий. Гэтэл үүний цаана Монгол Улсад мэргэжлийн ач холбогдол гэдэг зүйл устаад зөвхөн цүнх баригч, намын гишүүд, хулгайчдын засаглал бий болчихсон байна. Бүх салбар дээр мерит буюу чадахуйн зарчмаар явж байгаа хүн алга. Тийм болохоор ард түмний эрх ашгийн эсрэг шийдвэр гаргаад байгаа юм. Бид энэ хүмүүсийг яах гэж сонгосон гэхээр сайхан амьдруулаад өгөөч ээ л гэж сонгосон. Түүнээс доройтуулаад өгөөч гэж сонгоогүй. Махны экспортод хязгаар тогтоож, ноолуурыг үнэгүйдүүлсэн нь монголчуудын эрх ашгийг хохироож байгаа хэлбэр.

Манай улс бол дэлхийд төрт улс байгуулсан анхны улс. Агуу их Чингис хаанаас эхлээд түүнээс хойших хаадууд үеийн үед ард түмэнтэйгээ адилхан амьдралтай, адилхан хувцас өмсөөд, адилхан нөхцөлд амьдардаг байсан гэж Чингис хаан хэлж байсан гэдэг. Ийм төр засаг байвал ард түмний амьдрал сайн сайхан байх боломжтой. Гэвч бид яг одоо эзэнгүй хаягдчихсан ард түмэн болчихлоо. Сүүлдээ үүнийгээ өөрчлөөч гээд дуугардаг нэгнийхээ амыг барьдаг боллоо.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *