Их мастер Б.Мөнгөнтуул гурав дараалан хожигдов


Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн гранпри цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод үргэлжилж байна.

Дэлхийн шилдэг 10 шатарчин цэц мэргэнээ сорин өрсөлдөж буй уг тэмцээний зургаа дахь өрөгт “The MongolZ” багийн тоглогч, Дэлхийн чансааны 88 дугаарт эрэмбэтэй их мастер Б.Мөнгөнтуул хожигдлоо. Түүний ээлжит өрсөлдөгч нь Дэлхийн эмэгтэй чансааны гуравт жагсаж буй Энэтхэгийн их мастер Хампи Конеру байв. 

Ингэснээр манай мастер гурав дараалан хожигдож, хүснэгтийн наймдугаар байрт хоёр оноотой жагсаж байна. Түүний хувьд өнөөдөр тэмцээнийг тэргүүлэгчдийн нэг Девяа Дешмухтай тоглох юм. Зургаан өргийн дараа Хятадын их мастер Жу Жинер дөрвөн хожил, хоёр тэнцээтэйгээр шатарчдыг тэргүүлж байгаа бол Энэтхэгийн Хампи Конеру гурав хожиж, гурав тэнцсэнээр 4.5 оноогоор нэхэж байна. Харин Б.Мөнгөнтуултай тоглох Девяа гурван хожил, хоёр тэнцээтэй гуравт жагсаж байгаа юм. 

Б.Мөнгөнтуул мастерын тухайд гранпри тойргийн тэмцээний гурав дахь цуврал болох “Монакогийн гранпри” тэмцээнд гуравдугаар байр эзэлж, Монголын шатрын спортын шинэ түүхийг бичсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *