ОХУ, Украин улсууд “Улаан өндөгний баяр”-аар түр гал зогсоосон явдлыг зөрчсөн хэмээн харилцан нэгнээ буруутгав


ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины дангаараа зарласан “Улаан өндөгний баяр”-ын үеэр гал зогсоох зарлигийн хугацаа дууслаа.

Тэрээр “Улаан өндөгний баяр”-ыг тохиолдуулан өнгөрсөн бямба гарагт Украины эсрэг Оросын зэвсэгт хүчний бүхий л үйл ажиллагааг түр зогсоох тушаал өгсөн юм.

Түүний мэдэгдсэнээр, шашны баяртай холбогдуулан түр гал зогсоох ерөнхийлөгчийн тушаал Москвагийн цагаар бямба гарагийн оройны 18 цагаас ням гарагийн шөнө дунд хүртэл үргэлжлээд дууссан байна.

Гэвч Путины зарласан 30 цагийн хугацаанд түр гал зогсоох явдлыг зөрчсөн хэмээн талууд харилцан нэгнээ буруутгаад байна.

Оросын зэвсэгт хүчин түр гал зогсоосон явдлыг Украины Донецк болон Оросын Курскийн бүсэд, ням гарагт 3000 орчим удаа зөрчсөн хэмээн Украины ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэж, Оросын талыг буруутгасан бол ОХУ-ын батлан хамгаалах яамны зүгээс Киевээс 900 орчим дрон болон их буугаар довтолсны хариу болгож цохилт үзүүлсэн хэмээн мэдэгджээ. Түүнчлэн түр гал зогсоосны дараа цэргийнхэн үүнийг чанд сахиж, биелүүлсэн хэмээн ОХУ-ын батлан хамгаалах яамны зүгээс нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Путиныг түр гал зогсоож буй явдлыг сунгах тушаал өгөөгүй хэмээн мэдэгдсэнийг Оросын Тасс агентлаг мэдээллээ.

Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросын талыг зөвхөн хувьдаа ашигтай байдлаар түр гал зогсоосон хэмээн буруутгаад, “Украины зүгээс иргэний зориулалттай дэд бүтцүүдэд алсын зайн тусгалтай пуужин болон дроны цохилт үзүүлэх явдлыг хамгийн багадаа 30 хоногийн хугацаанд зогсоох санал санаачлагыг тавьж байна” хэмээн нэмж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Украины талаас зөрүүлээд хэсэгчилсэн түр гал зогсоох саналыг тавиад байна.

Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украины дайнтай холбоотой эерэг мэдэгдлийг хийгээд байна. Энэ дайныг түргэн хугацаанд өндөрлүүлэхийг зорьж буй тэрээр “энэ долоо хоногт ОХУ, Украин улсууд гэрээ байгуулна гэсэн найдвар өндөр байна” хэмээн мэдэгдсэн ч үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “ойрын өдрүүдэд энэ дайныг өндөрлүүлж чадах эсэхээ тогтоох бөгөөд хэрвээ боломжгүй гэж үзвэл бид үүнийг орхих болно” хэмээн өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *