“Хасын Хүлэгүүд” “Бишрэлт Металл” багуудын финалын цуврал өнөөдөр эхэлнэ


Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын цувралын тоглолт өнөөдөр эхэлнэ.

21 жилийн түүхтэй, лигийн финалд 14 дэх удаагаа шалгарсан, Дээд лигийн найман удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн эсрэг сүүлийн гурван жил дараалан финалд шалгарсан “Бишрэлт Металл” баг өрсөлдөхөөр болсон билээ.

Аваргаа хамгаалагч Хүлэгүүд эхний цувралд “Дархан Юнайтед” багийн 4:1 ээр буулган авч, хагас шигшээд ДеМаркус Казинс тэргүүтэй “Сэлэнгэ Бодонс” багийг 4:3 харьцаагаар ялснаар финалд шалгарсан. Харин тэдний өрсөлдөгч болох “Бишрэлт Металл” баг эхний шатанд “Завхан Бродерс” багийг 4:0 харьцаагаар ялж, хагас шигшээд өнгөрсөн жилийн учраа “SG Apes” багийг 4:3 харьцаагаар буулган авснаар гурав дахь удаагаа Үндэсний дээд лигийн финалд шалгараад байна.

Ингэхдээ тус баг 3:0 гэсэн хар нүхнээс 4 дараалан хожиж ялалт байгуулснаар Үндэсний дээд лигийн шинэ түүхийг бичсэнээс гадна Дэлхийн сагсан бөмбөгийн түүхэнд 3:0 гэсэн хожигдлоос 4 дараалан хожиж эргэн ирэлт хийсэн хоёр дахь баг болж мөн дахин нэг шинэ түүхийн эзэд болоод байгаа юм.

Олон улсын сагсан бөмбөгийн лигийн түүхэнд плэйоффын цувралд “0-3” аас эргэн ирсэн ганцхан баг байсан нь Филиппины лигийн “San Miguel Beermen” баг юм. Тус баг 2015-16 оны улиралд дараалан 4 хожиж, эргэн ирж байснаас гадна лигийнхээ аварга болж байжээ.

Сонирхуулахад финалд шалгарсан хоёр баг Азийн Аваргуудын Лиг болох “BCL Asia”-д эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Бишрэлт Металл баг хэсгийн эхний тоглолтдоо Малайзийн багийг буулган авч түүхэн хожил байгуулаад буй бол “Хасын Хүлэгүүд” баг тавдугаар сарын гуравны өдөр хэсгийн эхний тоглолтоо хийнэ. Үүнээс шалтгаалан дотоодын лигийн финалын цуврал урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа юм.

14 дэх удаагаа финалд шалгарч, 8 удаа аваргалсан “Хасын Хүлэгүүд” МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын аварга болох уу? Гурван жил дараалан финалдаж, шинэ түүх бүтээсэн “Бишрэлт Металл” аваргуудыг хожиж аварга болох уу? Финалын гал гарсан цуврал тун удахгүй….


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *