Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн гранпри цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод үргэлжилж байна.
Дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй шатарчдын өрсөлдөж буй эл гранпри цувралд Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул оролцож буй. Тэрээр Гүржийн шатарчныг хожиж, тэмцээнийг сайн эхлүүлсэн ч сүүлийн дөрвөн өрөгтөө хожигдсоноор медалийн өрсөлдөөнөөс мултарлаа. Медаль авахаас нэгэнт өнгөрсөн ч тэрээр байрлалын төлөө хоёр өрөг тоглоно.
Гранпри цомын эзнийг зургаан цуврал тэмцээний нийлбэр дүнгээр тодруулна. Ингэхдээ нэг тамирчин гурван тэмцээнд оролцох эрхтэй юм. Б.Мөнгөнтуул их мастерын оролцож буй эл цуврал тэмцээн түүний гурав дахь гараа юм. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон Монакогийн цувралаас хүрэл медаль хүртэж, Монголд шатрын спортын шинэ түүх бичсэн билээ.