АНУ-ын Эрүүл мэндийн сайд хүнсний 8 төрлийн будагч бодисыг хориглов


Хүнсний үйлдвэрт хамгийн элбэг ашигладаг 8 төрлийн хиймэл будагч бодисыг ашиглахыг хориглож байгааг АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди Жуниор мягмар гарагт мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ “Америкчууд идэж, хэрэглэж буй хүнсэндээ юу агуулагдаж байгааг мэдэх эрхтэй” хэмээн тодотгосон байна.

Албаныхны хэлснээр газрын тосонд суурилсан хоёр төрлийн синтетик будгийг (Red No 2 болон Orange B) ойрын хэдэн долоо хоногт багтаан хориглохоор болсон бол бусад 6 төрлийн будгийг (Green No 3, Red No 40, Yellow No 5, Yellow No 6, Blue No 1, Blue No 2) 2026 оны сүүлчээс хориглохоор болжээ.

Эрдэмтэн, судлаачид өглөөний хоол, чихэр, жигнэмэг, ундаа зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг синтетик будгийг зарим бага насны хүүхдийн тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдгийг онцолж, хүүхдийн эрүүл мэндийн төлөө гаргаж буй маш чухал шийдвэр хэмээн үүнийг сайшаагаад байна.

Өмнө нь ЕХ, Их Британи, Шинэ Зеланд, Канад зэрэг улс хүнсний будагч бодисын хэрэглээг хориглосон юм. АНУ-ын Хүнс, эмийн алба хүнсний хиймэл будагч бодисыг хориглосонтой холбогдуулан хүнсний үйлдвэр, компани, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор удахгүй байгалийн гаралтай 4 төрлийн хүнсний будагч нэмэлтүүдэд зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. 

АНУ-ын Эрүүл мэндийн сайд мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ мөн хүүхдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулах боломжтой өөр бусад хүнсний нэмэлт, бодисуудын эсрэг арга хэмжээ авахын төлөө ажиллахаа амласан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *