Ромын дараагийн папаар хэн тодрох вэ?


Католик шашны шинэ тэргүүнээр тодорч магадгүй дөрвөн кардинал

Ромын пап Францис таалал төгссөний дараа Дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны дараагийн тэргүүнээр хэн сонгогдох вэ гэдэг асуудал сонирхол татсан сэдэв болоод байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 15-20 хоногийн дотор католик шашны кардиналууд чуулж, улмаар нууц санал хураалт явуулснаар Ромын дараагийн папыг сонгох юм.

Удахгүй чуулах кардиналуудын 80%-ийг Ромын пап Францис өөрөө томилжээ. Тэд анх удаагаа католик шашны тэргүүнийг сонгоод зогсохгүй түүхэндээ анх удаа санал өгөх кардиналуудын 50-иас доош хувь нь Европынх гэнэ. Тиймээс анх удаа санал өгөх гэж буй, Европоос өөр бүс нутгийн шинэ кардинал давамгайлсан энэ удаагийн санал хураалтын үр дүнг урьдчилан таамаглахад бэрх байгаа ажээ. Өөрөөр хэлбэл: Энэ удаад Африк, эсвэл Азийн бүс нутгаас ч Ромын пап тодорч болзошгүй байгаа юм.

Ингээд та бүхэндээ барууны хэвлэлүүдээр онцолж буй Ромын Папаар тодрох өндөр магадлалтай нэр дэвшигчдийг доор танилцуулья.

Пиетро Паролин, Итали, 70 настай

Италийн Кардинал Паролин нь Ватикан улсын төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан, Ромын Пап Францисын ахлах зөвлөх байсан хүний хувьд дараагийн Ромын Папаар сонгогдох магадлал тун өндөр гэгдэж байгаа юм. Католик шашны өмнөх 266 тэргүүний 213 нь Итали хүмүүс байсан түүхтэй бөгөөд сүүлийн 40 жил Италиас шашны тэргүүн тодроогүй гэдэг утгаараа түүнийг сонгох магадлалтай. Пиетро Паролин сонгогдсон тохиолдолд түүнийг нэлээд дипломатч, олон улсын асуудалд түлхүү анхаарал хандуулж ажиллах болов уу хэмээн ажиглагчид харж байна. 

Луис Антонио Гоким Тагле, Филиппин, 67 настай

Шинэ Ромын Пап Ази тивээс ч сонгогдох магадлалтай. Кардинал Тагле-гийн хувьд олон арван жил сүмийн пастораар ажилласан туршлагатай хүн юм. Тэрээр хүн амынх нь 80 орчим хувь нь католик шүтлэгтэй Филиппин улсын католик шашны тэргүүн бөгөөд удахгүй чуулах Кардиналуудын коллежийн 5 гишүүн Филиппин улсын иргэд учраас түүний лобби хүчтэй явах талтай ажээ. Түүнийг мөн католик шашны өөрчлөлт шинэчлэлтийн бодлого явуулдгаар нь “Азийн Францис” хэмээн нэрлэж байсан удаатай. Тэр ч бүү хэл Францис агсан Ромын Папаар сонгогдож байсан 2013 оны санал хураалтын үеэр мөн түүнийг сонгогдох магадлалтай хэмээн үзэж байжээ.

Фридолин Амбонго Бесунгу, Конго, 65 настай

Дараагийн Ромын Пап олон сая шүтлэгтнүүдтэй Африк тивээс тодрох магадлал тун өндөр байгаа талаар олон эх сурвалжууд мэдээлсээр байна. Африкийн католик шашинтнуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа гэсэн үзүүлэлт бий. Нэр дэвшигчдийн дунд тэргүүлж буй Кардинал Амбонго нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын католик шашны тэргүүн юм. Тэрээр нийслэл Киншаса хотын католик сүмийн хамба бөнөөд түүнийг талийгаач Францис өөрөө кардиналаар томилж байсан ажээ. Тэрээр шашны шинэчлэлийг эсэргүүцдэг, хатуу үзэл баримтлалтай, нэлээд хуучинсаг үзэлтэй нэгэн боловч 2020 онд өгсөн нэгэн ярилцлагадаа шашны олон талт байдлыг дэмждэгээ хэлж байсан удаатай.

Петер Кодво Аппиа Турксон, Гана, 76 настай

Гана улсын католик шашны тэргүүн, нөлөө бүхий кардинал Турксон дараагийн Ромын Папаар тодрох магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байна. Дээр дурьдсан кардинал Амбонго, эсвэл кардинал Турксоны аль нэг нь тодорсон тохиолдолд 1500 жилийн хугацаанд Ромын Папаар сонгогдсон анхны Африк гаралтай хүн болох учиртай. Гэхдээ тэдний аль нь ч Ромын Папаар сонгогдох бодолгүй гэдгээ өмнө нь илэрхийлж байжээ. Турксоны хувьд 2003 онд Ромын Пап II Иоан Павел түүнийг кардиналаар томилж байсан бөгөөд тэрээр католик шашны кардиналаар томилогдсон анхны Гана улсын иргэн болж байсан юм. Түүнчлэн 2013 онд Францис агсан Ромын Папаар сонгогдох үед мөн тэрээр сонгогдох магадлалтай хүний нэгээр нэрлэгдэж байсан байна. Өмнө нь амьд хөгжмийн хамтлагт гитар тоглож байсан Кардинал Турксон Африк тивийн бусад кардиналуудын нэгэн адил консерватив үзэлтэй ч ижил хүйстнүүдийг гэмт хэрэгтэн гэж үзэх явдлын эсрэг зогсч байсан ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *