Кашмирт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ


Энэтхэг улсын хяналтад байдаг Кашмирын үзэсгэлэнт байгаль бүхий жуулчдын олноороо очиж, үзэж сонирхдог хэсэгт зэвсэгт этгээдүүд гал нээж, халдлага үйлдсэний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ. Кашмирын бүс нутгийн Пахалгам хотод гарсан уг халдлагын үеэр зэвсэгт этгээдүүд багаараа аялж явсан дотоодын жуулчид руу гал нээсэн байна. Үүний улмаас 20 гаруй хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ.

Бүсийн захирагч Омар Абдулла энэ халдлагыг “Сүүлийн жилүүдэд энгийн иргэдийн эсрэг үйлдсэн хамгийн аймшигтай халдлага” хэмээн тодорхойлсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ЕХ-ны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зэрэг удирдагч Кашмирт гарсан халдлагыг “Харгис хэрцгий террорист халдлага” хэмээн буруушааж, харамсаж байгаагаа илэрхийлээд байна.

Халдлагын дараахан Саудын Араб улсад хийх айлчлалаа түр зогсоосон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Уг халдлагыг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг шүүхийн өмнө суулгаж, хариуцлага хүлээлгэх болно” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амир Шах үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар яаралтай хуралдахаар Кашмирын бүс нутгийн хамгийн том Сринагар хотыг зорьсон байна.

Хэргийн газрыг битүүмжилж, тухай хэсэгт цагдаа болон зэвсэгт хүчний албан хаагчдыг дайчлан байрлуулж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байгаа талаар Кашмир мужийн захирагч Манож Синха мэдэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Кашмирт Энэтхэгийн 500 мянган цэрэг байнга байрладаг ажээ.

Одоогийн байдлаар дээрх халдлагыг үйлдсэн гэдгээ ямар ч бүлэглэл хүлээгээгүй байна. Энэтхэг, Пакистаны дунд орших Гималай болон Кашмирын бүс нутагт газар нутгийн маргааны улмаас олон жилийн турш дайн тулаан, зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд мөргөлдөөний тоо хэмжээ харьцангуй багассан ч бүрэн зогсоогүй юм. Хамгийн сүүлд тухайн хэсэгт 2024 оны 6-р сард энгийн иргэдийн эсрэг халдлага гарсан юм. Хинди шашны мөргөлчдийн зорчиж явсан автобус руу гал нээсэн тус халдлагын улмаас 9 хүн амь үрэгдэж, 33 хүн шархадсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *