-Жил бүр онгоцны 80 мянган тн түлш үйлдвэрлэнэ-
Монгол Улсын агаарын тээврийн салбараар 2024 онд 2.2 сая зорчигч үйлчлүүлжээ. Энэ тоо 2028 онд 2.55 саяд хүрэх төлөвтэй. Зорчигчийн тоог дагаад нисэх онгоц ч олширно. “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрч буй гадаад, дотоодын онгоцуудыг одоо манай улс ОХУ-аас авсан шатахуунаар цэнэглэдэг.
ОХУ-аас импортолсон онгоцны түлш:
- 2021 онд 27.879 тонн
- 2022 онд 38.492 тонн
- 2023 онд 61.719 тонн
- 2024 онд 82.443 тонн
Онгоцны түлшний хэрэглээ жилээс жилд тасралтгүй нэмэгдэж буйг энэ тоо харуулна. Хүний, өөрийн бүх онгоцыг түлшээр таслахгүйн тулд МИАТ компани тендер зарлаж, түлш нийлүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. Тэгвэл одоо манай улс ОХУ-тай хамтарсан компани байгуулж, онгоцны түлш нийлүүлэх эрхийг уг компанидаа 20 жилийн хугацаатай олгох гэж байна. Монгол Улсын төрийн өмчит “Эрчис-Ойл” ХХК, ОХУ-ын төрийн өмчит “РН Аеро” компани хамтарч, компани байгуулах юм. Үүнийг иргэд эсэргүүцэн, цаад үр дагаврыг нь тал талаас нь хэлэлцэж байна. “Олуулаа хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг.
Уг нь манай улс өөрөө шатахуун үйлдвэрлэхээр зорьж, үйлдвэр байгуулж байгаа. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж буй уг үйлдвэрийн эхний багц ажил бүрэн дуусаж, 2024 онд ашиглалтад оруулсан. Одоо анхдагч технологийн болон дагалдах байгууламжууд, ДЦС-ын барилга байгууламжуудыг угсарч байна. Энэ ажлыг гардан гүйцэтгэж буй БНЭУ-ын компани өнөө жил инженер, мэргэжилтэн, техникийн ажилтнуудаас бүрдсэн нийт 3000 хүн авчирч, ажиллуулна.

“Би явж, Бээжин сууж байна” гэдэг шиг монголчууд газрын тосны үйлдвэр байгуулж, ажил ахиж л байна. Удаан ч гэсэн урагшилж л байна. 2025 онд энэ үйлдвэрийг анх ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч ковидоос болоод 2028 он болж хойшилсон. Үүдээ нээх хугацаа нь цаашлаад л байгаа ч араас нь Засгийн газар анхаараад, энэтхэгчүүд ажиллаад л байгаа хойно хэзээ нэг өдөр манай улс үйлдвэртэй болох л байх. Өөдрөг л байя.
Ингэж таныг ч өөрийгөө ч тайвшруулах болсон нь ийм шалтгаантай. Газрын тосыг боловсруулах 3 үе шат бий. Хамгийн эхнийх нь газрын тос боловсруулах үйлдвэр. Энэ үйлдвэр дангаараа ашиггүй. Тиймээс нефть, химийн үйлдвэр байгуулдаг аж. Нефтийн үйлдвэр баривал үр ашиг нь өснө. Химийн үйлдвэртэй болбол бүүр лаг. Гэхдээ манай улс эхлээд суурийг нь тавья, газрын тосоо боловсруулдаг болъё гэж байгаа юм. Маргааш өөх идэхийн тулд өнөөдөр уушиг олж үмхэх хэрэгтэй шүү дээ.
Тэр цагт энэ үйлдвэр газрын 1.5 сая тн тос боловсруулж, 1.4 орчим сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үүний 396 мянган тонн нь евро стандартын, АИ95 бензин байхаар тооцжээ. АИ95 үйлдвэрлэж чадаж байгаа бол АИ92, А80 юухан байх вэ дээ. 840 мянган тонн дизель түлш, онгоцны 80 мянган тн түлш, шингэрүүлсэн 28 мянган тн шатдаг хий, зуухны түлш үйлдвэрлэнэ. Зуухны түлшээ үйлдвэрийнхээ цахилгаан станцад түлнэ.
Жил бүр онгоцны 80 мянган тн түлш үйлдвэрлээд байвал одоогийн хэрэгцээгээ хангана. Одоогийн шүү. 1 сая жуулчин хүлээж авах мөрөөдөл биелж, Хөшигийн хөндийд буух онгоц олширвол дахиад л түлш дутна. Энэ бол одоохондоо дараагийн асуудал ч гэлээ эртнээс бодох л ёстой.

Дизель түлш, онгоцны түлш, бензин, шингэрүүлсэн шатдаг хий гэх мэт газрын тосны бүтээгдэхүүний нэгж үнийг шууд тооцох боломжгүй ажээ. Тиймээс бүтээгдэхүүний нягт (хувийн жин)-ыг литрт шилжүүлж, 1 л бүтээгдэхүүний үнийг боддог юм байна. Бензин, түлш бүр өөр өөр нягттай. Тухайлбал: “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” МNS 0216:2017 стандартаар дизель түлшний хувийн жин 20°С -д 840-850 кг/м3 байхаар заажээ. Ингээд тооцоход 1 литр бүтээгдэхүүний үнэ 2100 төгрөг болохоор байгаа аж. Ийм хямдхан бензинтэй болчихвол монголчууд башийлаа л гэсэн үг.
Дорнодын сав газар 40 сая тн тостой. Энэ бол батлагдсан нөөц. Уг нь 336 сая тн тостой гэж 2012 онд тооцсон ч тэр бол таамаглал. Тийм их тос байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Хайгуул хийж, тооцоо бодож байж л мэднэ. Одоогоор байгаа нь тодорхой 40 саяынхаа 10 саяыг нь олборлоод БНХАУ руу зөөчихжээ. “Доншен газрын тос Монгол” ХХК 2003 оноос, “Петро Чайна дачин Тамсаг” ХХК 2005 оноос хойш эндээс газрын тос зөөж байгаа. 22 жилийн хугацаанд 10 саяыг олборлож, зөөдөг юм бол үлдсэн 30 сая тн тосыг олборлоход 66 жил зарцуулах нь.
Гэтэл манай газрын тос боловсруулах үйлдвэрт жил бүр 1.5 сая тн тос хэрэгтэй. 22 жилд олборлосон тосыг энэ үйлдвэр 6 жилд л боловсруулна. Тиймээс олборлох тосны хэмжээгээ нэмэх шаардлага үүсэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамныхан “Петро Чайна дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийж байгаа аж. Үүн дээр дөрөөлөн Хятадын компаниуд Монгол Улсын холбогдох байгууллагуудаас тавьсан актыг хүчингүй болгуулах, төлбөр, торгуулиа төлөхгүй байхаар гэдийж байгаа сурагтай.