О.Номинчимэг: Янжуур тамхины гаалийн татварыг тэглэх хэлэлцээрийг эсэргүүцэж байна


УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын даргын захирамжаар тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол электрон, янжуур тамхины асуудал дээр хуулийн нэмэлт өөрчлөлт санаачлах ажлын хэсгийг ахалж байгаа.

Хуулийн төсөл бэлэн болоод, хэлэлцүүлэх шатандаа явж байх үед Евразийн худалдааны түр хэлэлцээрээр янжуурт оноох гаалийн албан татварыг тэглэх заалт орж иржээ. Тэрээр үүнийг эсэргүүцэж байгаа мэдэгдлээ. Манай улс одоо янжуураас гааль дээр 30 хувийн татвар авдаг юм.

“Монгол Улс янжуурыг ихэвчлэн гадаадаас авдаг. Тоо баримт харвал манай улсад тамхидалт, ялангуяа хүүхэд залуусын тамхины хэрэглээ өсөж байгаа. 2024 оны гаалийн мэдээг аваад үзвэл, 3.5 тэрбум ширхэг янжуур импортолсон байна. Үүнийг улсынхаа нийт хүн ам буюу дөнгөж төрсөн 0 настай нярайгаас 80 настай буурайд хүртэл хуваагаад үзвэл, 1 хүнд жилд 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи ноогдож байна.

Үүний зэрэгцээ электрон тамхи ямар ч зохицуулалтгүй байгаа юм. Хүүхэд, залуусын электрон тамхины хэрэглээ гаарсан. 2024 онд гэхэд 7.8 сая электрон тамхи гадаадаас оруулж иржээ. Энэ тоог хүн амдаа хуваавал дөнгөж төрсөн нярай, 80 настай буурал гээд хүн болгон жилд 2 электрон тамхи татаж байна.

Манай улс гадаадаас авдаг бүх төрлийн тамхины 35 хувийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн 5 улсаас импортолдог. Талхнаас хямд хэлэлцээр харагдаж байна. Дэлгүүрт нэг хайрцаг янжуур 3-4 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Манай улсын тамхинд ноогдуулдаг татвар Дэлхийд байхгүй хамгийн бага. 

30 хувийн гаалийн татварыг нь байхгүй болговол 1 хайрцаг янжуур тамхи зайрмагнаас хямдхан болно. Төр нь хүүхдүүддээ хор бэлдэж өгдөг бодлого явуулах ёсгүй. Миний хүүхдүүд “Талх үнэтэй байна. Хямдханаар нь янжуур татчих” гэдэг бодлогыг төр хийх ёсгүй. 

Эрүүл мэндийн дата судалгааг авч үзвэл тамхинаас үүдэлтэй хавдартай хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна. Нас баралтын тоо ихсэж байна. Жилд дунджаар 4,300 иргэн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байна. Тамхины татварыг буулгавал, оршуулгын газар л нэмэгдэнэ” гэж УИХ-ын гишүүн О.Номинчимэг сэтгүүлчдэд мэдээллээ. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *