The League: Нэгээр илүүрхсэн “Металл” хожих уу, “Хүлгүүд” хариугаа авах уу?


Өнөөдөр “Хасын хүлгүүд”, “Бишрэлт металл” багийн цуврал тоглолтын хоёр дахь нь болно. “Металл”-ууд финалын цувралд Девон Скоттгүйгээр тоглохоор болсон нь тэдэнд том цохилт болсон. Гэсэн хэдий ч эхний үеэс талбайг чөлөөлсөн Скоттгүйгээр нэмэлт цаг гаргаж, 85:82 харьцаагаар өрсөлдөгчөө ялсан билээ.

Харин “Хасын хүлгүүд”-ээс А.Азбаяр энэ тоглолтыг өнжинө. Сагсан бөмбөгийн холбооноос түүнд нэг тоглолт өнжих, 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Багууд өнөөдөр болон Баасан гарагт цувралын 2, 3 дахь тоглолтоо хийгээд, тавдугаар сарын 17 хүртэл завсарлах юм. Тиймээс цувралын эхний тоглолтууд маш чухал. “Металл”-ынхан эхний хожлоо авсан учраас тэдэнд сэтгэл зүйн давуу байдал үүссэн. Үүнээс гадна легионер нэг тамирчин нь тоглох эрхээ хасуулж, Н.Мөнхчөдөр бэртлийн улмаас тоглолтод оролцохгүй байгаа. Тиймээс үлдсэн тоглогчид нь тэдний орон зайг нөхөхийн төлөө тоглох нь дамжиггүй. Азаар тэдэнд Байрон Уэсли гэх ганган тоглогч байна. Түүний хувьд хагас шигшээ болон финалын тоглолтуудад багаа хожилд хүргэхэд хамгийн том нөлөө үзүүлээд буй.

Нөгөө талд “Хасын хүлгүүд” плэй оффын шатаа эрт дуусгаж, хэсэг хугацаанд амарсан учраас тоглолтын хэмнэлээ алдсан дүр зураг харагдсан. Тэд багийн тоглолтоороо илүү давамгайлдаг. Дээрээс нь хоёр легионер тамирчин хоёулаа асуудалгүй тоглож буй. Тиймээс өнөөдрийн тоглолтод “Хүлгүүд” хүчтэй орж ирэх нь гарцаагүй.

Хоёр багийн цувралын ээлжит тоглолтод аль баг хожих вэ? Хасын Хүлэгүүд цувралыг тэнцүүлэх үү? Бишрэлт Металл 2:0 илүүрхэх үү? Хариулт тун удахгүй тодорхой болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *