Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн финалын тоглолтод аваргаа хамгаалахаар “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багууд шалгарсан.
Финалын тоглолтын цувралын хоёр дахь тоглолт өчигдөр болж, 83-81-ээр “Хасын Хүлэгүүд” хожлоо.Ингэснээр хоёр багийн цувралын харьцаа 1:1 болж тэнцэж байна. Тэгвэл тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр ОУХМ, МУГТ Б.Билгүүн BSL,EASL-ийн талаар ингэж ярьжээ.
Бид нарын хувьд NBA бол мөрөөдөл байсан. Харин BSL болон EASL-ийн тэмцээнүүд бидний хүрэх боломжтой хамгийн гол зорилго. Энэ боломжууд маань нэгэнт нээгдчихсэн байгаа. Хэрвээ бид энэ жил түрүүлж чадвал дараа жил EASL-д орно. Энэ бол хэр баргийн багуудад олдох боломж биш гэж харж байна. Зарим багууд жишээ нь плей-оффын 4-р байранд үлдэхийн төлөө 5,10 жилийг зарцуулж байна. Тэгэхээр бид финалын шатанд жаахан хичээгээд аварга авч чадах юм бол өөрсдийн мөрөөдлийг биелүүлнэ. Дараа нь багийн дүү нарт маань ч гэсэн карьераа дөнгөж эхэлж байхад нь нүдийг нь нээсэн гоё боломжийг нь давхар олгож өгч байгаа юм болов уу. Гэхдээ дүү нарынхаа боломжийг гэхээс илүү бид өөрсдийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөө баг болон дасгалжуулагч арын алба, менежментийн баг гээд бүгд энд ирээд маш их хүлээлттэйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байна.

-Металл багийн залуучууд сүүлийн гурван жил финалд лаа. Одоо нэг импорт тоглогчгүй тоглож байна. Энэ багийг юу гэж хардаг вэ?
Бид нэг импорт тоглогчтой багийг басахгүй байгаа.
Металл сүүлийн гурван жил финалд лаа. Мэдээж залуучууд нь жинхэнэ 25, 26 насных гээд спортын эд нас нь дээрээ байна. Энэ багийн хувьд бол туршлага, ур чадвар, бэлтгэлжилт зэрэг бүх юм нь байгаа болохоор финалд хангалттай хэмжээнд финалд тоглох баг болсон гэж харж байна. Харин багт нэг импорт байна уу, хоёр импорт байна уу гэдэг нь багт тийм аймаар нөлөөлдөггүй болов уу гэж харж байна. Бид ч гэсэн 2022 онд нэг импорт тоглогчтой мөртөө хоёр импорттой багуудын эсрэг тоглоод түрүүлж болж л байсан. Бид нэг импорт тоглогчтой түрүүлж болж байсан болохоор нэг импорт тоглогчтой багийг басахгүй байгаа. Эсрэг багийн хувьд 3 жил финалд шалгарна гэдэг бол тухайн багт тодорхой хэмжээний систем байна. Тамирчдын ур чадвар өндөр байна гэж харж байгаа даа.