Монгол Улсын Их хурлын даргын санаачлагаар зохион байгуулагдсан “Бонд форум-2025” арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Энэ үеэр бондын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, зохицуулалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлэгт оролцогч УИХ-ын гишүүн Г.Уянгахишгээс хөрөнгийн зах зээлийн талаар тодрууллаа.
-Хөрөнгийн зах зээлийг бодлогын хувьд дэмжих шаардлагатай. Өнөөдөртөө топ 100 аж ахуйн нэгжээ бондын зах зээлд оруулахын тулд шалгуур нөхцөлийг нь бууруулах зэргээр ажиллаж буй нь энэхүү хүрээндээ л шийдэж буй асуудал юм. Гэтэл илүү хүрээгээ тэлэхийн тулд хөрөнгө оруулагчдыг татах ёстой. Өнөөдөр бондын зах зээлд хамгийн том хөрөнгө оруулагчид банкууд байна. Гэтэл мэргэжлийн бусад санхүүгийн байгууллагуудын оролцоо бага байна. Мөн тэтгэврийн сангийн тухай асуудал яригдлаа. Нэмэлт тэтгэврийн сан бус нийгмийн даатгалын сангаас тодорхой хувийг хуримтлалын бүтээгдэхүүн болгож байж, тэтгэврийн сангаас хөрөнгө оруулалт орж ирнэ. Ингэснээр хөрөнгийн зах зээл тэлэх боломж бүрдэнэ. Мөн урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Урт хугацааны хөрөнгө оруулалтад хоёрдогч арилжаа идэвхтэй явж байх ёстой. Гэтэл өнөөдрийн эрх зүйн орчин хоёрдогч арилжааг дэмждэггүй. Тиймээс хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг таниулахын тулд арилжааны дундаас татдаг татварыг байхгүй болгох ёстой. Цаашид олон төрлийн бонд гаргаж зээлийн хүү бууруулах арга хэмжээг авах шаардлагатай байна. Олон улсын бондыг гаргах боломжийг бүрдүүлэх нь бас чухал юм. Энэ мэтчилэн төрөөс бодлогын төвшинд нөлөөлөх шаардлагатай олон асуудал байна.