Мягмар гарагт Кашмирын бүсэд гарсан, 26 хүний амь насыг авч одсон зэвсэгт халдлагын дараа Энэтхэг улс Пакистаны эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээнүүдээ зарлалаа.
Кашмирын бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт Пахалгам сууринд жуулчдын эсрэг гал нээсэн дээрх халдлага нь тухайн хэсэгт сүүлийн жилүүдэд гарсан хамгийн аймшигтай, хэрцгий зэвсэгт халдлага болоод байгаа бөгөөд хэдийгээр дээрх халдлагыг үйлдсэн гэдгээ ямар нэгэн бүлэглэлийн зүгээс хүлээгээгүй ч Энэтхэгийн засгийн газар тус халдлагад Пакистан улсыг шууд бус байдлаар холбоотой гэж үзээд байгаа юм.
Тодруулбал, Энэтхэг улсын аюулгүй байдлын албадын зүгээс дээрх халдлагын ард “Кашмирын эсэргүүцэл” хэмээх бүлэглэл байсан хэмээн үзжээ. Халдлагыг үйлдсэн зэвсэгт этгээдүүдийг мөшгин хайж, эрж олох үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.
Лхагва гарагт албан ёсоор зарласан Энэтхэгийн засгийн газрын дээрх арга хэмжээнүүдэд хоёр улсыг холбодог гол хилийн боомтыг хааж, цэвэр усны нөөцийг харилцан хэрэглэх гэрээг түдгэлзүүлж, Пакистаны дипломатуудыг хөөж гаргах зэрэг багтаж байна.
Энэтхэг улс мөн Пакистаны иргэдийн визийн хүсэлтийг цуцлаж, визатай иргэдийг хоёр хоногийн дотор Энэтхэг улсыг орхиж гарахыг шаардаж, Пакистан улсыг хилийн орчмын терроризмыг хөхүүлэн дэмжих явдлаа зогсоохыг шаардаад байна.
Пакистан улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүсээд буй асуудалтай холбогдуулан пүрэв гарагт чуулна гэдгийг тус улсын засгийн газраас мэдэгдлээ. Пахалгам сууринд гарсан халдлагын дараа пакистаны ГХЯ-ны зүгээс жуулчид олноороо амь үрэгдсэн явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн юм.
Дээрх халдлага нь хоёр улсын хилийн ойр орчимд олон арван жилийн турш үргэлжилсээр ирсэн зөрчилдөөнийг ахин сэргээж, хурцатгах эрсдэл дагуулж байна.