МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү?


Монгол Улс анхны үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960, 1992 онуудад шинэчлэн баталсан. харин шинэ, ардчилсан хэмээх тодотголтой үндсэн хуулийг 1992 онд батлан гаргасан. энэ нь өмнөх гурван үндсэн хуулиасаа онцлог юм. энэхүү үндсэн хууль зургаан бүлэг 70 зүйл, заалттай. Батлагдан гарснаас хойш нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 1999, 2000, 2006, 2011, 2012, 2015, 2017, 2019, 2023 онуудад яригдаж, хэлэлцэгдэж байсан.

Эндээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хэрэгцээ шаардлага янз бүрийн цаг хугацаанд гардаг нь харагдана.

Цаг үе, нийгмийн шаардлагаар 1999 онд үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан. Гэвч энэ нь хэрэгжиж эхлээд удалгүй “дордуулсан долоо” гэсэн хочтой болсон.

2011-2012 онд үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэнийг УИХ-ын гишүүд, хуульчид, эрдэмтэд, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн, мөн иргэдийн дунд ч байнга яригдаж, зарим иргэд, иргэний нийгмийнхэн үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж УИХ-д илгээж байв. Уих-ын гишүүд ч үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж байлаа.

2013 онд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.

2015 онд УИХ-ын даргын 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан. Гэхдээ тэр Уих хэлэлцэж амжилгүй бүрэн эрх нь дууссан.

2016 онд Ерөнхий сайдын захирамжаар үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.

2017 онд үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай Уих-ын тогтоол гарсан.

2017-2019 онд үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн судал гаануудыг хийсэн. Улмаар 2019 оны зургадугаар сарын 6-нд УИХ-ын 62 гишүүн үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг илээр явуулж чуулганд оролцсон 63 гишүүн 100 хувийн саналтайгаар дэмжиж баталсан.

Нэмэлт, өөрчлөлтийг тухайн үеийн УИХ-ын гишүүд “УИХ-ын гишүүдийн 2011 оноос хойш өргөн барьсан үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн үзэл баримтлалыг нэгтгэсэн, цаг үе, нийгмийн шаардлагаар яригдаж байгаа асуудлыг тусгасан” гэж тайлбарлаж байв. Товчилбол, уг нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулсан гэдэг.

Мөн үүгээр үндсэн хуулийн 20 зүйл, 42 заалтад нэмэлт өөрчлөлт орсон. энэ нь үндсэн хуулийн 28.5 хувийг хамарсан юм. Гэхдээ тэр нэмэлт өөрчлөлтөөс үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь баялгийн хуваарилалт, 30 дугаар зүйлийн 1 дэх Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг онцолж болно. Мөн 2023 оны тавдугаар сарын 31-нд чуулганы хуралдаанд оролцсон 68 гишүүний 66 нь дэмжиж, 97 хувийн саналаар үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсан. үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно хэмээн өөрчлөн найруулсан. УИХ энэхүү өөрчлөлтийг 2019 онд Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэж тайлбарласан.

Ингэж үндсэн хуульд 2000, 2019, 2023 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оржээ.

Анзаарвал дандаа МАН үнэмлэхүй эрх мэдэлтэйгээр төрийн эрхийг барьж байх үедээ үндсэн хуулийг өөрчилдөг. МАН 2000 онд 72 суудал, 2016 онд 62 суудал, 2020 онд 62 суудал тус тус авсан. ийм хүчтэй үедээ үндсэн хуульд гурван удаа өөрчлөлт оруулсан. харин 2024 оны УИХ-ын сонгуульд 68 суудалд авсан. ингэснээр төр, засгийн эрхийг дахин авсан. УИХ-д суудалтай хоёр намыг засгийн газартаа урьж хамтарсан л болохоос эрх баригч нам юм. үндсэн хуульд өмнө нь гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсантайгаа яг адилхан эрх зүйн чадамжтай гэсэн үг.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Ө.Билэг


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *