Үнэхээр ТҮЦ-гүй хот болгож чадах уу? Эсвэл…


Улаанбаатар хотын үе үеийн дарга нар ТҮЦ бохир заваан, эмх замбараагүй, хотын өнгө үзэмжийг доройтуулдаг гэх зэргээр хэд хэдэн удаа нүүлгэн шилжүүлж, ачихыг нь ачиж, буулгахыг нь буулгаж, нэр солихыг нь сольж өөрчилж байв. Жишээ нь хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед ТҮЦ-ний стандартыг баталж, модон болгох шийдвэр гарч байв. Дараа нь хотын дарга асан С.Амарсайханы үед Umoney үйлчилгээ нэвтэрч, төмөр болгосон. Нэрийн хувьд хамгийн анх “мухлаг” байсан бол дараа нь “ТҮЦ” болов. Сүүлдээ “Супер” нэртэй ТҮЦ хүртэл гарч байв. Энэ мэтчилэн үе үеийн хотын дарга нар гаргасан шийдвэрээсээ эргэж буцсаар Улаанбаатар хот өдгөө 1000 гаруй ТҮЦ-тэй болж, эмх замбараагаа алджээ. Ингэж олширсны нэг шалтгаан нь Хотын дарга асан Д.Сумъяабазартай холбоотой ч гэж ярьж байна. Тухайн үед буюу 2022 онд хотын дарга асан Д.Сумъяабазар хүнсний дэлгүүр, цайны газар, зочид буудал, түргэн үйлчилгээний цэг, гутал засвар зэрэг 74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл авахгүй, зөвхөн бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулж болно гэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор ТҮЦ эрхлэгчид олширч, автобусны буудал, нийтийн эзэмшлийн гудамж. талбайд дураараа гарч эхэлсэн. Тэгвэл энэ удаагийн Х.Нямбаатар даргын шийдвэр ТҮЦ эрхлэгчдэд гэнэтийн том цочроо өгчээ.

Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ-үүдийг буулгах шийдвэр гаргаад 10 гаруй хоног болж байна. Энэ хугацаанд 6 дүүргийн 50 гаруй байршлаас 700 гаруй ТҮЦ-ийг албадан ачжээ. Харин ТҮЦ эрхлэгч нар ачуулсан ТҮЦ-ээ хаана, хэнд хандаж авахаа мэдэхгүй, авъя гэхээр өгөхгүй байгаа аж.

Тиймээс ТҮЦ эрхлэгчид нэгдсэн нэг шийдвэрт хүрэхээр хоорондоо цуглав. Тэд нэгнээ сайн мэдэхгүй ч зорилго нь нэг аж. Тэдний яриаг ажвал “Та хэзээ ТҮЦ-ээ ачуулсан бэ? Авч чадсан уу? Хаашаа авч явсан бол. Ачуулаад авч чадсангүй, журмын хашаанд байгаа” гэх зэрэг яриа өрнөв.

ТҮЦ эрхлэгчид: Норм дүрмээ батлаад өгвөл, цэвэрхэн ТҮЦ ажиллуулж чадна

Тэд зөвхөн норм, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна. Жишээ нь өмнө нь автобусны 1 буудалд 5-10 ТҮЦ байдаг байсан бол одоо норм, стандарт хангасан 2 ТҮЦ-ийг автобусны буудлуудад байлгая гэдэг санал гаргаж байна. Мөн хэрүүл маргаан хийлгүйгээр асуудлыг ном журмаар нь шүүхээр шийднэ гэв.

ТҮЦ эрхлэгч Б.Дамба: Иргэн, шүүх хоорондын асуудал шийдэгдээгүй байхад ТҮЦ-ийг ачиж байна. 2016 оноос хойш 98 хүн ТҮЦ-тэй холбоотойгоор шүүхэд хандаад, одоо хүртэл шүүхийн шийдвэр гараагүй байгаа. Гэтэл “Авлига хороолол”-ыг шүүхийн шийдвэр гараагүй гээд нураагаагүй байж, ТҮЦ-нд шүүхийн шийдвэр хамаагүй гээд шууд ачиж байна. Ийм тэгш бус байж болохгүй. ТҮЦ-ийг буулгаж, нүүлгэхэд амар гэдгээр ТҮЦ-нд эр бяраа гаргаад байна. Тиймээс бид шүүх, УИХ, Хүний эрхийн байнгын хороонд хандана. Бүр болохгүй бол НҮБ-ын гадаа эвдэрсэн, хэмхэрсэн ТҮЦ-нүүдээ ачиж очоод, акц хийнэ.  

Яг одоо ТҮЦ тулгамдсан хортой аюултай зүйл мөн үү. Ямар учраас ТҮЦ-ийг зайлуулах, зайлшгүй шаардлага гараад ирчихсэн юм бэ? ТҮЦ утаа,түгжрэл үүсгээд байна уу?

ТҮЦ-ээс болоод авлига, хээл хахууль цэцэглээд байна уу? ТҮЦ хүн угаартуулаад байна уу? Яг ачих шалтгаан нь юу юм бэ? ТҮЦ үеэ өнгөрөөсөн гэж хотын дарга ярьсан. Тэгвэл монгол гэр, МАН үеэ өнгөрөөчихсөн байна. Тэгэхээр энэ дээр хүний эрх зөрчигдөж байна. ТҮЦ үеэ өнгөрөөгөөгүй, ТҮЦ улс орноо дагаад хөгжөөд явна.

Хотоор дүүрэн овоолсон ТҮЦ-ийг цэгцлэх нь Х.Нямбаатарын зөв. Гэхдээ хоморголон ачиж болохгүй.

ТҮЦ эрхлэгч Л.Алтансүх: Би 1998 оноос хойш ТҮЦ ажиллуулсан. ТҮЦ-ийнхээ бүх орчныг өөрөө тохижуулсан. Манай ТҮЦ камертай, зурагттай, шилэн хөргөгчтэй бүх юм бий. Харамсалтай нь ачаад хамаг юмыг нь хагалчихсан. Ачихдаа “Ачна” гэж огт мэдэгдээгүй. Ядаж мэдэгдсэн бол бид дотор байгаа бараагаа авна шүү дээ. Би өмнө нь баахан бараа татчихсан байсан. Манай ТҮЦ байрны голд байдаг болохоор ачна гэж мэдээгүй. Одоо гэрээр дүүрэн ус, ундаа байна. Тэгээд “Нарантуул”, “Хархорин” дээр ажлын санал тавьж байна лээ. Хаана нь бараа зарах юм. “Нарантуул”-аас бараа авдаг хүмүүс “Нарантуу дээр зарах уу? “Хар хорин”-оос бараа авдаг улсууд “Хархорин”дээр зарах уу? Тийм юм байхгүй ээ.

ТҮЦ-ийг минь үлдээж өгөөч гэж төр засгаасаа гуйж байна

ТҮЦ эрхлэгч С.Тунгалаг: 2015 оноос хойш ТҮЦ ажиллуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. ТҮЦ ажиллуулж, эм тариагаа залгуулдаг. ТҮЦ-ээ ачуулчихвал эм тариагаа ч авч чадахгүй болно. Ийм учраас ганц ТҮЦ-ийг минь үлдээж өгөөч гэж төр, засгаасаа гуйж байна

ТҮЦ-ийг буулгаж, ТҮЦ-гүй хот болгож чадах уу

Д.Отгонбаяр ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн: ТҮЦ ачихдаа дахиж ашиглахгүй болтол хорлон сүйтгэж байна. Энэ нь буруу. ТҮЦ-ээ ачуулсан иргэд орлогогүй болж, мөнгө хүүлэгчдэд дарамтлуулж, амиа хорлох хэмжээнд маш хүнд байдалд орж байна.

1990 оноос хойш ТҮЦ түүхэн үүргээ гүйцэтгэсэн хэмээн хотын дарга Х.Нямбаатар үзэж бүх ТҮЦ-ийг буулгах үүрэг даалгаврыг дүүрэг, хорооны засаг дарга нарт өгсөн. Тэгвэл цаашид ТҮЦ-үүдийг буулгаж, ТҮЦ-гүй хот болгож чадах уу эсвэл дараагийн өөр нэг ТҮЦ-ний бизнес дэлгэрэх үү гэдэг нь анхаарал татаж байна. Хотын өмнөх дарга нарын ТҮЦ-тэй тэмцэх нэртэй бизнесийг өнөөгийн дарга давтах юм биш биз?

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *