Хархорумыг харийн хот болгочих вий  


Нэгэн цагт Дэлхийн нийслэл байсан Хархорум хотоо шинээр дахин байгуулах гээд манай улс Төрийн тэргүүнээсээ эхлээд, түмэн олноо хүртэл санаа чилээж сууна. 500 мянган хүн суурьших энэ хотын 50%-ийг нь цэцэрлэгт хүрээлэн байлгахаар төлөвлөжээ. Архангай аймаг тус хотод 1.6 сая мод тарихаар амлалаа. Сонсоход чихэнд үнэхээр чимэгтэй мэдээ. Зургийг нь харвал сайхан ногоон харагдаж байна. Гэвч ам, ажил нь алд зөрдөг манайхан ачир дээрээ юу л хийдэг бол доо.

Итгэхгүй байх үндэс бий. Мод, бут, сөөгтэй бичил цэцэрлэг, тоглоомын талбай, сүүдрэвч, зогсоол, хааш хаашаа цэлгэр орчинтой зураг харуулж, захиалга аваад, барьсан орон сууц нь юу байдаг билээ дээ. Гал унтраах машин орох гарцгүй, түргэн тусламжийн машин зогсох зайгүй, хүүхэд тоглох талбайгүй, хөгшид суух саравчгүй, машины зогсоол ч үгүй орон сууцыг өөр яг тийм барилгын бөөрөнд наагаад барьчихдаг. Өнөө мод, буттай цэцэрлэг бүүр ч сураггүй. Оршин суугчид СӨХ байгуулж, хуванцар гулсуур авч тавиад тоглоомын талбай гэж багачуудаа мэхэлдэг. Гулсуур доор нь хиймэл зүлэг дэвсээд, ногоон цэцэрлэг гэж сэтгэлээ хуурдаг. Ийм л байна.

Тэр бол хувийн компаниудтай холбоотой, төрд хамаагүй гэж мэтгэх гэж байна уу? Үгүй шүү. Төр түүний газрыг олгож, хянаж, хүлээж авдаг юм. Тэгэхээр яах аргагүй төрийн алдаа шүү. Тэгж яривал төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдээ хар. Хамгийн сүүлд барьсан, шинийг нь аж. Мод, зүлэгтэй цэцэрлэг, сургууль байна уу? Барилга нь хүүхэд дарчихгүй бол барав. Дусаал гоождог, хана нь хуурдаг гээд асуудал зөндөө. Юун мод, зүлэг.

Ийм болохоор л ногоон хот байгуулна гэдэгт итгэхгүй байгаа юм. Итгэлээ монголчууд ингэтлээ алдчихсан. Тэр тусмаа төрд итгэхээ байсан. Ийм болгосон буруутан нь төр өөрөө. Төр гэдэг нь угтаа Засгийн газар л даа.

Хархорум хотод 3.5 метрээс дээш өндөр шинэс тарихаар төлөвлөж, Ойн газар энэ оны 1-р сард 990 сая 351 мянган төгрөгийн тендер зарлажээ. Модны суулгац нийлүүлсэн компани нь түүнийгээ тарих, арчлах үүрэгтэй аж. Энэ тендерт 3 компани оролцсон ч алийг нь ч шалгаруулсангүй. Тендер амжилтгүй болжээ. Ногоон бүсийг хаших хамгаалах ажлын 7.1 тэрбум төгрөгийн тендерт “Стөүнхиж” ХХК, цэцэрлэгт усалгааны систем байгуулах 5.1 тэрбум төгрөгийн тендерт “Гранд холдинг” ХХК шалгарч, гэрээ байгуулаад байна. Модоо малд идүүлэлгүй хамгаалах хашаатай, услах системтэй болчихвол суулгац тарих бол дараагийн асуудал.

Гэвч энд хаанахын мод тарих гэж байна вэ гэдэгт судлаачид ихээхэн анхаарч, Хятадаас мод оруулж ирэн тарих вий хэмээн болгоомжилж байна. Хардлага сэрдлэг ч гарч байна. Тэгэх нь ч зөв. Хүн бүр л Хархорумдаа санаа тавьж, хот шиг хот, тэр тусмаа Монголын жишиг хот болгохыг хүсэж байгаа учир тэр юм.

Хятадын байгаль, цаг уур Монголынхтой адилгүй. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” шиг газар бүр өөр. Тэр газарт тохирсон ургамлаа байгаль өөрөө бүтээчихсэн байдаг. Байгальд байгалийн бүтээлийг нь тарих ёстой. Хангайд заг ургадаггүй, говьд гацуур байдаггүй. Ус их уудаг, чийглэг газрын, үржил шимтэй хөрсөнд тансагладаг модыг хуурай, үржил шимээр ядмаг элсэнд суулгавал үхэж л дуусна. Бордоод, услаад ургууллаа ч 100 жил тэгж арчилна гэж үү? Барахгүй л дээ.    

Үүнийг мэддэг мэргэжилтнүүдийн үгийг сонсож, гарыг оролцуулах хэрэгтэй. Гадаадаас мод авчирч тарих амархан. Хэн нэг дарга нь тийм бизнесийг гялс хийчихнэ. Хийсээр ч ирсэн. Тэдний тэр бизнесийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд олон хотын гудамжинд ургах гэж ядаж буй, ихэнх нь үхчихсэн цэнхэр гацуур, агч гээд харийн мод сануулдаг.

БНСУ-ын нэг жуулчин надаас асууж байсан удаатай “Цэнхэр гацуур, агч Монголд ургадаг юм байна. Энэ моддыг танай аль уулын ойгоос харж болох вэ” гэж. “Манай ойд, талд хаана ч энэ модод ургадаггүй. Гадаадаас авчирч тарьсан юм” гэхэд “Хотын гудамжинд уу? Гудамж бол ботаникийн цэцэрлэг биш шүү дээ” гээд мөрөө хавчиж билээ. Асуусан нь л тэр болохоос бусад жуулчин ч тэгж боддог л байх. Түүний зөв, бидний буруу л даа.  

Социализмын үед Монголын бүх хот орос болж хувирсан. Орос загварын барилгуудыг орос барилгачдаар бариулж, орос хувцас өмсөж, орос хоол идэж, оросоор ярьдаг монголчууд амьдарч байлаа. Гудамжинд өлгөсөн лоозонг ч орос хэлээр бичсэн, гудманд тарьсан модод ч орос байв. Тэр орос моддын нэг нь голт бор. 1980-аад онд Оросоос авчирч, нутагшуулсан бут. Шар хуайсыг ч бас л тэндээс авчирч, гудамж дүүргэсэн.

Гадаадын модыг ботаникийн цэцэрлэгт л тарьдаг, нутагшуулдаг. Гудамжинд бол эх орныхоо, нутгийнх нь модыг л тарих нь стандарт юм. Улс, үндэстний бодлого, соёл гэдэг чинь юм юманд шингээстэй байдаг. Модонд хүртэл энэ хамаатай.  

Монгол гэдэг тусгаар улс 108 овгийн 686 төрлийн 3041 зүйлийн өвслөг ургамалтай. Үүний 146 нь модлог ургамал. Ийм олон модтой атлаа бид яагаад гадаадын мод тарина гэж? Монгол Улс гэж байгаа цагт эх орныхоо модыг л үржүүлж, тарьж байх ёстой. Хархорумыг Монголын монгол хот болгоё гэж байгаа бол монгол мод л тарих хэрэгтэй. Монголын монгол хот биш юм бол нэрийг нь соль. Хархорум гэдэг нэр гадаадын хотод хүндэднэ.  

Уг нь туршилт судалгаанд ашиглах гээгүй л бол гадаадаас ямар ч мод оруулж ирэхийг Ойн тухай хуулиар хориглодог. Гэтэл манай улс гадаадаас мод оруулж ирээд л байдаг. Гадаадаас мод оруулж ирэх, үгүйг БОУАӨЯ, Ойн газар мэддэггүй. Аж ахуйн нэгжүүд мэддэг юм.

Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Эрээнцав, Цагааннуур, Булган, Баянхошуу гэсэн 9 боомтоор модны тарьц, суулгац оруулж ирэхийг Засгийн газар 2003 оны 173-р тогтоолын 1 дүгээр хавсралт “Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-аар зөвшөөрчээ. Эдгээр боомтоор хэзээ л бол хэзээ тарьц, суулгац импортлох боломжтой. Тэгвэл 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1-ний хооронд Дорнодын Хавирга, Завханы Арцсуурь, Говь-Алтайн Бургастай, Хөвсгөлийн Ханх боомтоор оруулж ирэхийг зөвшөөрдөг.

Оруулж ирэхээсээ 30 хоногийн өмнө гаалийн цахим систем сaps.gaali.mn-ээр баримт бичиг, хүсэлтээ илгээж, импортын мэдэгдлээ авна. Жимсний модыг ямар ч хуулийн этгээд оруулж импортлох бол бусад модыг хуулийн этгээд, ойн мэргэжлийн байгууллага хамтран оруулж ирнэ. Гаалийн ерөнхий газар тэднээс  гэрчилгээ, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах гэрээ, экспортлогч улсын эрх бүхий байгууллаас олгосон генийн өөрчлөлттэй эсэх талаарх /GMO/ баримт бичиг гэх мэтийг шаарддаг аж. Ийм л учраас манай төрд танилтай бизнесмэнүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг харийн модоор Монголыг дүүргэх хөдөлгөөн болгож хувирган, утгыг нь алдагдуулаад байгаа юм. Хархорумыг ч тэд харийн хот болгочхож мэдэх л улсууд. Мэдээтэй л байгаарай, манайхаан!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *