Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгалаа


БНСУ-ын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгаад байгаа талаараа тус улсын прокурорууд пүрэв гарагт мэдэгдлээ. Одоогийн байдлаар түүнийг баривчилж, саатуулах арга хэмжээ аваагүй байна.

Өмнөд Солонгосын прокурорууд Мүн Жэ Инийг парламентын гишүүн асны үүсгэн байгуулсан Eastar Jet хэмээх хямд нислэг бүхий агаарын зорчигч тээврийн компаниас 2018 оны 8-р сараас эхлэн хоёр жилийн хугацаанд нийт 210 сая гаруй вон буюу 147 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний авлига авсан хэмээн буруутгажээ.

Түүнийг дээрх авлигыг тухайн агаарын зорчигч тээврийн компанийн удирдах албан тушаалд томилогдсон төрсөн охиныхоо салсан нөхрийн цалин урамшуулал болон бусад төлбөр хэлбэрээр сар бүр авдаг байсан хэмээн прокурорууд мэдэгдлээ.

Түүнчлэн тус компанийг үүсгэн байгуулагч парламентын гишүүн И Сан Жик асанг мөн авлига, хээл хахууль болон бусад хэрэгт буруутгасан бөгөөд Мүн Жэ Инийн засаг захиргаа Умард Солонгостой харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байх үеэр БНАСАУ руу хийх тусгай үүргийн нислэгийн цоо шинэ үйлчилгээг бий болгоход засгийн газрын тусламж шаардлагатай байсан учраас Мүн Жэ Инд авлига өгч байсан хэмээн буруутгажээ.

Прокурорууд иргэний нийгмийн бүлгийн гомдлыг хүлээж авсны дараа уг хэргийг мөрдөн шалгах ажлыг 2021 онд эхлүүлж байсан бөгөөд Мүн Жэ Инийг байцаалт өгөх гэх зэрэг хэргийн мөрдлөгт хамтран ажиллахаас татгалзсан болохыг хэлсэн байна.

Мүн Жэ Инийн охин болон түүний хуучин нөхөрт эрүүгийн хэрэг үүсгээгүй ч тэдэнд хөнгөн ял шийтгэл төлөвлөсөн байна.

Мүн Жэ Инийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусгавар болж байсан ч тэрээр өнөөдрийг хүртэл сөрөг хүчний Ардчилсан нам дотроо рейтинг өндөртэй, дэмжигч олонтой улс төрч байсаар байгаа юм. Түүнийг дэмжигч Ардчилсан намын зарим гишүүд прокуроруудын шийдвэрийг шүүмжилсэн хурц мэдэгдлүүдийг хийгээд байна.

Мүн Жэ Инийг яллах арга хэмжээг ирэх 6-р сард явагдах БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн зохион байгуулахаар болсон явдлыг Ардчилсан намаас “өмнөх төрийн тэргүүний нэр хүндийг гутаан доромжлох зорилготой улс төрийн үйлдал” хэмээн буруушааж, дээрх шийдвэрт харамсаж буйгаа илэрхийллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *